-Айдаст мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр-

Алгынхан чинээ үрсээ ад үзэж, амийг нь егүүтгэдэг эцэг, эхчүүдээс айж байна. Тэд үрээ хөнөөчихсөн юм чинь өөр нэгнийг егүүтгэхгүй гэх баталгаа алга. Амьдралд юу эс тохиолдох билээ. Баяртай, жаргалтай бас зовлон гунигтай өдрүүд үргэлжилнэ. Энэ бол хүмүүний амьдралд тохиолддог зүйлс. Гэвч түрхэн зуурын зовлонгоос болж тэвэрч явсан үрээ хаяж, тээж төрүүлсэн хүүхдээ хөнөөж байгааг юу гэж ойлгох вэ.

Иймэрхүү хүн дүрстэй араатнуудыг ойлгохоос илүү айдас хүрч байна. Орчлон ертөнцөд хүн болж төрөөд ойр дотныхоо хүмүүст адлагдан амь тавьж байгаа үрсийн уй гашуу энд тэндгүй сонсогдох болов. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хүний санаанд оромгүй аймшигт хэрэг гарч олныг цочирдууллаа. Энэ сарын 20- 21-нд шилжих шөнө иргэн А гэгч эмэгтэй дөрвөн настай охиныхоо аминд хүрч улмаар өөрийгөө егүүтгэсэн байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаач А- гийн нөхөр мотоцикльтой явж байгаад онхолдож хүнд гэмтэл авсны улмаас нас барсан аж. Үүний улмаас А амиа хорлоод зогсохгүй бяцхан охиныгоо хөнөөжээ. Хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж байгаа гэх. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Гэхдээ хичнээн хүнд бэрх зовлон тохиолоо гэхэд хүүхдийнхээ амиар наадаж болох уу. Ээжийнхээ мөөмнөөс ч гарч амжаагүй бяцхан охин хүйтэн мэсэнд “хэрчүүлж” байхдаа ямар их зовлон шаналлыг мэдэрсэн бол.

Аав, ээждээ эрхлэн тоглох алдрайхан насандаа амиа бодож, амьдралаас уйдсан эхийнхээ гарт хөнөөгдчихлөө. Эр нөхрөө алдсан эхийг нь ойлгож байна. Гэтэл гэм зэмгүй гэнэн охиноо яагаад хөнөөх болов. Тэр буруугүй шүү дээ. Эх хүн байна гэдэг их утга учиртай зүйл. Өөрийн биенээс тасарсан амийг өрөөл бусдаас харамлаж хайрлах учиртай. Гэтэл гэдэснээс гарав уу үгүй юу хаа нэгтээ хаячихдаг хариуцлагагүй ээжүүд олширлоо.

Одоогоос хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс цүнхэнд хийгээд хаясан нярай олдсоныг санаж байгаа биз. Тэр ч байтугай Туулын бургаснаас авахуулаад траншей, орц, хонгил, таггүй хогийн сав гээд хаа дайралдсан газарт нярай хүүхдийг хаядаг болжээ.

Эхдээ адлагдаж, хэний ч юм мэдэхгүй буруутай үйлдлээс болж ирээдүй хойч болсон үрс минь хохирох хэрэг үү.

Аймшигт мэдээлэл үүгээр дууссангүй. Ам нээх бүрт хүүхдийн асуудал хөндөгдөж, алив гэхийн зуурт ангаахай үрс минь амиа алдаж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 7-8 орчим сартай нярайн цогцос олдов. Цогцос эзэнгүй хашааны жорлонд байсан гэх. Арай ч дээ. Амь тавин байж төрүүлсэн алга үрээ айлын жорлонд хаялаа гэж үү. Итгэхэд бэрх энэ хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллаж буй. Гэхдээ эцэг, эх нь хэн байв гэдгийг хэзээ тогтоох нь эргэлзээтэй.

Энд тэндээс олдсон эзэнгүй нярайн цогцсуудын хэрэг илчлэгдэх нь ховор. Илчлэгдлээ гэхэд эцэг, эх нь гэх эргүү малнуудын эрх ашиг сөхөгддөг. Эцэг, эх байж чадаагүй тэдний эрх ашиг гэж юу байдаг юм. Харин ч эцэг, эх байх эрхгүй тэд. Тэр ч байтугай Монгол Улсын иргэн гэж хэлэхэд ичмээр.

Иргэний тэр дундаа эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэж чадаагүй тэднийг яаж хүн гэх вэ, гишүүд ээ. Хэлэхээс ч хэл минь хальтирч байна. Өдрөөс өдөрт хүүхдийн эрх зөрчигдөж, гэмт хэрэг гарах бүрт хүүхэд хохирч байна.

Өнөөх хүүхдийн эрхийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг гэх тодотголтой байгууллагууд юу хийж, хаагуур явааг сувгаа ашиглаад сураглаад өгөөч, эмэгтэй гишүүд ээ.

Цаана чинь аав, ээждээ зодуулж, адлуулсан алаг үрс аврал эрэн тарчилж байна. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэх заалтыг цаасан дээрх бичиг биш гэдгийг ойлгуулаад өгөөч.

Энэ бүгдийг биелүүлээгүй тохиолдолд эцэг, эх байх эрхээ хасуулдаг хуультай. Энэ чиглэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чаддаггүй юмаа гэхэд хэрэгжүүлээч.

Эмэгтэй хүн бүр эх болдог жамтай. Ээжээс төрөөгүй хүн энэ орчлонд үгүй. Өнөөх монгол ээжийн энэрэнгүй сэтгэл, ивээлт их хайр халамж хааччихав. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн эхийн хайр үгүй болж, үрсийнхээ амиар зугаацдаг үзэшгүй муу эрлэгийн илч нар болоод байна.

Энэ цагийн эрх мэдэлтнүүдэд хүүхдийн эрх хамаатай. Тэр дундаа төрийн эрхийг атгалцаж, түмний төлөө зүтгэх үүрэг хүлээсэн эмэгтэй гишүүдэд дэндүү их хамааралтай учраас та нөхдөд хаяглав.

Тамхины хууль төдийхнөөр танил болох гэж явахаар тамлуулж, зовж байгаа үрсээ хамгаалж “од” болвол ямар вэ. Хүний амьдрал зүүний үзүүр дээр тогтсон ганц ширхэг будаа шиг ховор зүйл учраас энхрий үрстэйгээ ойр дотно харилцаатай байж, тэднийхээ хүсэл сэтгэлийг хүндэтгэн нийгмийн амьдралд нь хөтлөн оруулцгаая.

Хэлж, ярьж, амлаж байсан үг чинь энэ биз дээ, гишүүд минь. Зөөлөн суудалд суугаад мартчихаагүй л бол.

А.Лхагва