-ҮНЭ ХЯМД, БАЙРШЛЫГ НЬ БОДОЖ ОЮУТНУУД, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД УМГАР ӨРӨӨНД ЧИХЭЛДЭН АМЬДАРЧ БАЙНА-

Ертөнцийн гурван баян нэгээр нэмэгджээ. Ингэхдээ бүр нийслэлд шүү.

“Үүл утаагаар баян

Ус хогоор баян

Улаанбаатар нийтийн байраар баян” болчихож, цаана чинь. Гэхдээ бид ус, хогийг биш Улаанбаатар дахь “нийтийн” хэмээх тодотголтой байруудыг энэ  удаа сурвалжиллаа. Уншигч та гайхаж магадгүй. Орон гэргүй, хөөрхий хэдэн оюутан, залуучуудыг толгой хоргодуулж байгаа байруудыг юунд нь ингэж гоочилно вэ гэж. Нийслэлийн гудамж бүр хэтрүүлж хэлсэн хүнд нийтийн байраар дүүрчихсэн байна.

Хотын захаар, хороолол орчмоор, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар 13 дугаар хороолол, Кино үйлдвэр, Маахуур, Зуун айл, Цайз-16 гээд нийтийн байрууд олноороо төвлөрсөн газруудаар явлаа. Үнэндээ их хотод улаан тоосгон ч юм уу, дунд зэргийн хоёр давхар байшин харагдах л юм бол түүнийг нийтийн байр гэж ойлгоход хилсдэхгүй болжээ. Уг нь дотуур байраар дутмаг их сургуулиудад оюутнуудыг нь толгой хоргодох газартай болгож байгаа нь сайн талтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүссэн болгон нь нийтийн байр барьсаар байтал өнөөх нь оромж төдий зүйл болох нь ихсэв. Өвөлд халаалт муутай, тэгсэн атлаа уур, цан цохиж, мөөгөнцөртдөг байрууд олон байдаг тухай оршин суугчид нь хэлж байна. 

 

ӨРӨӨНИЙ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Нийтийн байр, дотуур байранд зөвхөн оюутнууд л амьдардаг гэх ойлголт үгүй болжээ. Ийм байранд гэр бүлээрээ амьдардаг залуус олон байх аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар “Мянган оюутан”-ы байр, мөн Цайз-16-ийн хойд талд байрлах 500 оюутны байруудад гэр бүл зохион амьдарч буй залуус, хөдөө орон нутгаас ирсэн айлууд олон байна.  Нөгөөтэйгүүр үнэ, хөлс нь хоёр жилийн өмнөхөөс 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

Бид эхлээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, дээр өгүүлсэн Маахуур, “Монгол кино” үйлдвэр орчмын нийтийн байруудаар орлоо. Энэ хэсэг хотын А зэрэглэлийн бүсэд оршдог болохоор ч тэр үү, өрөөнийх нь үнэ 160-180 мянган төгрөгийн хооронд байна. Өрөө ч гэж дээ талбайн хэмжээ нь 8-12 метр квадрат бүхий жижигхэн тасалгаа. Энэ жижиг тасалгаанд дунджаар 3-4 хүн амьдардаг. “Монгол кино” үйлдвэрийн чанх ард 40 метрийн зайд байрлах, гадуураа будаггүй төмөр хашаатай, дотроо хоёр давхар гурван хэсэг нийтийн байранд очлоо.  Гадна талаас нь харвал өнгө үзэмжийн хувьд тааруу. Гэхдээ энэ удаа бид мөнгө олох гэж ядаж байгаа элэг нэгтнээ муулах гэсэнгүй. Гагцхүү таньж мэдэхгүй, гадны ямар ч хүн харахад хашаан дотор нь төмрийн хог хөглөрчихсөн, байрууд нь ч гэсэн хүн амьдардаг гэж хэлэхийн аргагүй юм. Автобусны буудлаас нэг их холгүй, хотын төвдөө гуравхан буудал газар яваад орчихдог болохоор оршин суугчдаар тасардаггүйг тэнд хоёр жил гаруй амьдарсан оюутан Б хэллээ.

Эл нийтийн байрны нэг сарын хөлс нь 160 мянган төгрөг. Дулааны улиралд 20 мянган төгрөгөөр буурдаг. Харин хоёр жилийн өмнө 100 мянган төгрөг байжээ. Хашааны зүүн хойд хэсэгт нь барьсан хоёр давхар саарал байр нь 20-иод өрөөтэй. Гэвч нэг давхарт нь хүн ороход харанхуй, ханынх нь шавар уначихсан, хаалгуудад нь улаан цоохор даавуу унжуулчихсан нэлээд бүдүүлэгдүү маягийн. Бодвол салхи шуурганаас хамгаалсан бололтой юм. Надтай уулзсан оюутан “Нэр, өрөөний байрлалыг минь битгий дурьдаарай, байрнаасаа хөөгдчихнө гэж айж байна” хэмээн биднээс хүссэн юм. Тэд өрөөндөө гурвуулаа амьдардаг гэнэ. Завхан, Дундговь аймгийн оюутнууд аж. Хамгийн том нь одоо дөрөвдүгээр курс. Тэрбээр “Оюутны 70 мянган төгрөг амьдралд маш их нэмэр болж байна. Энэ мөнгийг өгдөггүй байхад хөдөөнөөс ирсэн хэдэн төгрөгөө хүргэх гэж “гүрийдэг” л байлаа. Ядаж байхад манай дүү хөлний хагалгаанд ороод хэцүү байсан. Тухайн үед би хүүхдүүдийн бие даалтын ажлыг хийж өгөөд хэрэглээнийхээ хэдэн төгрөгийг аргалчихдаг байв. Энэ байранд хоёр жил орчим амьдарч байна. Үзэмж нь жаахан муудчихсанаас биш хотын төвд ойрхон шүү дээ. Байрны эзэн ч гэсэн хүний зовлон, жаргал гайгүй ойлгочихдог ах байдаг юм. Ер нь оршин суугчид өрөөгөө л аятайхан байлгачихвал гадна үзэмж бидний асуудал биш. Бид гуравт энгийн хэрэгцээгээ хангачих ахуйн хэрэгсэл бий. Цахилгаан тогоо, будаа агшаагч гээд /инээв/. Нэг хүнээс 18 мянган төгрөг гаргаад хоол хүнсээ сар сараар нь авчихдаг. Мах хөдөөнөөс ирдэг болохоор хүнсний бусад зүйлд гайгүй хүрэлцээд байдаг юм” хэмээлээ.

Тэд гэрийнхээ доторхи зургийг авахуулахыг хүссэнгүй. Ямартай ч энэ бяцхан өрөөнд эмэгтэй оюутнууд амьдардаг болохоор орчин нь арай цэвэрхэн. Тэднийд хувцасны даавуун шкап, жижиг хар зурагт, аяга, тавгийн тасалгаатай тавиур гэх мэтчилэн авсаархан хогшлоор гэрээ тохижуулжээ. Эмэгтэйчүүд гэсэндээ хоолны хэсгийнхээ арын хананд жимсний зурагтай плакат хадсан нь хэрэндээ л гоё харагдуулах гэснийх биз. 

 

ЭРҮҮЛ, ТАЙВАН ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Тоо нь алдагдахад хүрсэн нийтийн байрыг хянадаг газар өнөөдөр тун ч ховор аж. Ийм төрлийн байр барьж байгаа хүмүүсийн ихэнх нь албан ёсны зөвшөөрөл бараг авдаггүй. Хашааныхаа бичиг, баримтыг бүрдүүлчихвэл үл хөдлөх хөрөнгө болчихдог учраас тусгай зөвшөөрөл энэ тэр гэж олон ажил болдоггүй гэнэ.

Энэхүү сурвалжлагаараа нийтийн байр бүрийг муулах гэсэнгүй. Гагцхүү зөвхөн мөнгө л олж байвал хүний эрүүл, тайван орчинд амьдрах эрх зөрчигдөөд байгаад л санаа зовж байна.

Түүнчлэн нийтийн байранд оюутнуудаас гадна айлууд амьдрах нь олширсон талаар дурьдсан. Ийм айлуудын хувьд амьдрал нь харьцангуй боломжийн санагдсан. Тухайлбал, 500 оюутны байранд Л.Зоригтбаатар гэх эр /27 орчим насны/ эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь одоохондоо хүүхдээ харж байгаа гэнэ. Харин өөрөө хувьдаа машинтай учраас таксинд явдаг байна. Уг байрныхаа төлбөрийг жилээр нь буюу нэг хүнээс 410 мянган төгрөг авдаг аж. Гэхдээ өвөлд хоёроос дээш давхрын зарим өрөө нь мөөгөнцөртдөг гэнэ. Байрны удирдлагуудад нь хэлэхээр төдийлөн сайн хүлээж авдаггүй “Бид намар болгон засвар хийдэг. Өвөлд байнга ингэж байдаг шүү дээ” гэх хариултыг өгдөг аж.  Түүнчлэн “Их засаг” их сургуулийн баруун талд байх нэгэн нийтийн байрны хойшоо харсан хоёр гурван өрөө нь л гэхэд ямар ч агааржуулалт, цонх байхгүй, зүгээр л нэг хар нүх шиг юманд оюутнуудыг суулгаж, сарын 100 мянган төгрөгөөр хөлслүүлж байх жишээний. Оюутны байранд олуулаа, бас тохь тух муутайг бодож хөдөөнөөс ирсэн оюутнууд, эцэг эхээсээ тусдаа амьдрах гэсэн залуу гэр бүлүүд үнэ хямд, байршлыг нь бодож хотын төвийн нийтийн байр нэртэй халаасны өрөө хэсэн амьдарч байна. Хэн дуртай нь бөгс эргэх зайгүй жижиг өрөөнүүдтэй нийтийн байр барьж мөнгө олдог болсон энэ цагт тэдэнд тодорхой шаардлага тавьдаг, хянадаг газар гэж байх ёстой болов уу.

 

Л.Баатархүү