УИХ-аар Хоршооны тухай хууль батлагдсанаар зээл авах, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай  орчин бүрдээд байгааг салбарынхан онцолж байна.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд үнэгүйдээд буй мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бий болгох, малчид, газар тариалан эрхлэгчдийн аж амьдралыг сайжруулах боломжийг хуулиар тодорхой болгожээ.

 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан:  Хоршоог төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болсон

 

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны талаарх төрийн байгууллагууд болон хоршооны дээвэр байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгосон.

Нэгдүгээрт: Татвар ногдох орлогыг тодорхойлох бүртгэлийн аргачлалд хоршооны үйл ажиллагааны онцлогийг тусгахаар зохицуулсан.

Хоёрдугаарт: Хоршоо өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдсэн.

Гуравдугаарт: Хоршоонд хөрөнгө оруулснаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон.

Дүрэвдүгээрт: Хоршоог төрөөс дэмжих дэмжлэгийн хэлбэрүүд тодорхой болсон.

Тавдугаарт: Хоршооны удирдлагын менежментийг сайжруулах, гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгосон.

Зургадугаарт: Гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гаргах, хуримтлал үүсгэх боломж нээгдсэн.

Долдугаарт: Төрийн байгууллага хоршоо болон мэргэжлийн холбоодтой хэрхэн уялдаж, хамтран ажиллах нь тодорхой болсон.

Наймдугаарт: Хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих түүнчлэн хуульд заасан зорилго, зарчимд нийцсэн хоршоог байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг нь сайжруулсан зэрэг зохицуулалт багтсан.

Есдүгээрт: Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцийн хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.

 

Хууль батлагдсанаар төрийн хүч хүрэхгүй ажлыг хоршоодтой хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн алслагдсан аймаг, сум, хөдөөд ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл буурахын зэрэгцээ татварын бааз суурь ч нэмэгдэх ач холбогдолтой. Төсвөөс санхүүждэг сангуудын тавьдаг шаардлага шалгуурууд хэт өндөр, дээр нь баг суманд, малчид ногоочдод мэдээлэл хүрдэггүй тал байдаг. Монголын өнөөгийн нөхцөлд мэдээлэл ойрхон хүмүүс л төрийн элдвийн сангуудаас зээл авдаг нь худлаа биш. Тэгвэл энэ хуулиар сангийн үйл ажиллагааг мөн бусад улс орны жишгээр хамгийн шударга тогтолцоогоор зохицуулсан гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. Хоршоолол нь дэлхий дээрх хамгийн ардчилсан аж ахуйн байгууллага. Хэн хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийснээсээ үл хамаараад хоршооллын засаглал, үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй. Ямартаа ч  Хоршооны тухай хууль ийнхүү  УИХ-ын босгыг давсан юм. Хамгийн гол нь макро эдийн засагт хөдөө аж ахуйн салбараас үзүүлэх нөлөөлөл нь сайжирна. Монгол Улс одоогоор уул уурхайгаас  хараат эдийн засагтай. Энэ утгаараа эдийн засгаа солонгоруулах нь үе үеийн Засгийн газрын мөрөөдөл. Харин энэ удаа уг хууль эдийн засгийн тэлэлтийг бие болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид, экспертүүд үзэж байна.

 

Хоршооны тухай  хуулийн онцлох заалт мөн хэрэгжүүлэх төлөвлөгөө

 

• Хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгээс хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх

• Сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх

• Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах,

• Хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах,

• Хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах,

• 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгохыг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг дээрх хуульд тусгасан байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын үйлдвэрлэлийн холбооны  зөвлөх Д.Батмөнх: Хоршоо болон хоршооны гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага тодорхой болсон

 

- Хоршооны тухай хуулийн нэмэлт,  өөрчлөлтийг хийх гэж 10 гаруй жил ярьсаар  сая батлагдлаа. Хэд хэдэн гол өөрчлөлтийг оруулсан. Нэгдүгээрт, хоршооны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлсэн. Өмнө нь тодорхой чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулах хязгаарлалттай байсан. Тухайлбал, борлуулалт, орлого төвлөрүүлэх чиглэлд ахиц гаргасан. Түүнчлэн хоршоо гишүүдийнхээ түүхий эдийг зуучлан борлуулсныхаа төлөө НӨАТ төлдөг, хувь хүн төлдөггүй асуудал байсан. Гишүүддээ үйлчилж байгаа хоршооны зуучлалын үйлчилгээнээс НӨАТ авдаггүй байх зохицуулалтыг хийлээ. Жишээлбэл, ноолуурыг ченж гэх хувь хүн малчдаас авч зарахаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг байсныг хуулиар зогсоолоо. Мөн хоршооны хөрөнгийг тодорхой болгож өглөө. Өмнө нь хоршоо хөрөнгөө хувь нийлүүсэн бүх гишүүндээ хуваагаад биччихдэг байсан. Энэ тохиолдолд банкинд  барьцаалж зээл авах боломжгүй байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр хоршоонд эрсдэлээс хамгаалахад зориулсан мөнгө, хандив зэргээр өөрийн хөрөнгийг бий болгож болохоор боллоо. Түүнчлэн Хоршоо болон хоршоологчдын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Хоршооны гишүүн өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас эрсдэл үүрвэл хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр нөхөж болох зэргээр олон тодорхойгүй асуудлыг хуулиар шинэчлэв.  Нэг шинэ бүлэг нэмж оруулсан. Энэ нь хоршооны талаарх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага болох холбогдох яам, газар бүрэн эрхээрээ хариуцах болсон.

 

Монголын хоршоологчдын холбооны сургалт, мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Мягмар-Очир: Хоршоологчдын статус тодорхой болсон нь хуулийн давуу тал

 

-Хоршоо нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж. Хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа, хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар бөгөөд өвөрмөц бүтэц юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас иргэд хоорондоо хөрөнгө, хөдөлмөрөө хоршиж сайн дураараа эвлэлдэн нэгдэх хөдөлгөөн. Нөгөө талаасаа төрийн дэмжлэг, эрх зүйн орчноор  зохицуулагдах салбар. Бусад улсад  төр нь хоршоог татварын хөнгөлөлтөөр дэмждэг. Хоршоогоор дамжуулан төрийн ажил үйлчилгээг явуулж болдог жишигтэй. Манай улс ч ялгаагүй саяын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  тухайлбал, орон нутагт төрийн жижиг худалдан авалтын тендерт хоршоологчид оролцох боломжийг нээсэн нь чухал ач холбогдолтой. Мөн хоршоог дэмжсэн сантай байхыг нээлттэй болгосноор үйл ажиллагаа нь өргөжихөөр боллоо. Хоршоог хариуцсан төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож мөн татвартай холбоотой асуудлыг санхүү бүртгэл хариуцах зэргээр нэлээд зүйл тодорхой болсон.

 

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин