П.ДАВААЖАРГАЛ

Нийгмийн даатгалын сан. Эл үгсийн ард эрсдэлээс хамгаалах тогтолцоо, насан туршийн дэмжлэг, нийгмийн хамгаалал, боломж гэхчлэн олон утга агуулагдаж буй. Тиймээс ажил, хөдөлмөр эрхэлж буй хүмүүс баталгаатай ирээдүй, амар тайван амьдралын төлөө сар бүрийн цалингийнхаа тодорхой хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Энэ бол албан журмын даатгал. Гэвч сайн дураар даатгуулагчдын идэвх харьцангуй сул гэж хэлж болно.

Ялангуяа, нийгмийн тогтолцооны шилжилтийн үед ажил, мэргэжлийн онцлог, боломж бололцоо, мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдсан хүн олон. Насаараа ганзагын наймаа эрхэлсэн нэгэн эрхэм “Залуу чийрэг, бизнес амжилттай, орлого ахиу байх үед нийгмийн даатгалын тухай бодож явсангүй. Гэвч өтөл болохын цагт өөрийн эрхгүй тэтгэвэр, тэтгэмжид анхаардаг юм билээ. Би ажилласан жил хүрээгүй учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадаагүй” хэмээн хуучилсан юм. Энэ мэтчилэн арван хуруугаа махийтал зүтгэснийхээ үр шимийг хүртэж чадаагүй хүн хэдэн мянга бий. 

Харин УИХ-аас 2017 онд “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль” баталсан нь иргэдэд тэгш боломж олгосон шийдвэр байв. Тодруулбал, 1995-2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалдсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломж бүрдсэн юм. 

Уг хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд нөхөн даатгалд хамрагдсан иргэдийн 50 орчим хувь нь үр шимээ хүртэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Улмаар тэтгэврийн санд 36 тэрбум төгрөгийн орлого хуримтлагджээ. Урьдчилсан тооцооллоор 27 мянга гаруй хүн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдана гэсэн дүн гарчээ. Төдий хэмжээний иргэд тэгш боломж эдэлж, нийгмийн хамгаалал хүртэнэ гэсэн үг. Түүнчлэн тус хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгаж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусгавар болгохоор шийдвэрлэсэн. Иймд энэ удаагийн “Дугаарын онцлох” сэдэв” буландаа иргэд, олон нийтэд мэдлэг олгох зорилгоор нөхөн даатгалын эргэн тойрон дахь асуудлыг хөндлөө.

 

АЛБАНЫ ХҮНИЙ ЯРИА

Б.БАТЖАРГАЛ: НӨХӨН ДААТГАЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 47.4 ХУВЬ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГООД БАЙНА

 

ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалтай Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцлаа. 

-Хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд танай байгууллагын зүгээс бодлогын болон үйл ажиллагааны түвшинд хэрхэн анхаарч байна вэ? 

-1995-2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасарсан 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зорилго бүхий “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хууль 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд ХНХЯ холбогдох тогтоол, тушаал шийдвэр, журмыг батлуулж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг зохицуулж ажиллаж байна. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ХНХЯ-аас холбогдох журам боловсруулж, Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30- ны өдрийн 483 дугаар тогтоолоор батлуулсан. 

Мөн тухайн хүнийг малчнаар ажиллаж байсан эсэхийг тогтооход хүндрэл гарч болзошгүй гэж үзэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 тушаалаар “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” ажиллах дүрмийг баталсан. Ту х а й н х ү н т эт г э в р и й н даатгалын шимтгэлээ нөхөн төлөлтөд хамрагдахын тулд малчин гэдгээ нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, мал тооллогын баримт буюу бидний нэрлэж заншсанаар “А” дансанд үндэслэнэ. Гэвч 10, 20 жилийн өмнөх асуудал яригдаж байгаа учраас мал тооллогын баримт олдохгүй байх тохиолдол гарсан. Тиймээс иргэдийг олон дахин нааш цааш явуулж чирэгдүүлэхгүй байх үүднээс 330 суманд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан малчны зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд сум орон нутагтаа олон жил ажиллаж, амьдарсан ахмад настан, тэтгэвэрт гарсан төрийн албан хаагч багтаж буйгаараа онцлог. 

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хэчнээн хүн хамрагдав? 

-Өнгөрсөн оны эцсийн байдлаар 17 500 хүн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бөгөөд 98 орчим хувь нь малчин байгаа юм. Улмаар тэтгэврийн санд 36 тэрбум төгрөгийн орлого хуримтлагдсан байна. Эдгээр хүнээс 8300 нь тухайн ондоо өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, нөхөн даатгалд хамрагдсан хүмүүсийн 47.4 хувь нь үр шимээ хүртжээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангаас 15 тэрбум төгрөг зарцуулсан. 

Нөхөн даатгалд хамрагдсанаар ажилласан жил дутуу хүмүүс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өнгөрсөн онд хийсэн тодотголоор нөхөн даатгалд хамрагдах хүний тоог 27 мянга гаруй гэж тооцоолсон. Үүнээс 60 гаруй хувь нь буюу 17.500 хүн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөөд байна. -Цар тахлын тархалт, удаа дараагийн хөл хорио малчид, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлт, нөхөн даатгалын хэрэгжилтэд нөлөөлж байгаа юу?

 - Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвөө УИХ-аар батлуулдаг. Иргэдийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээр орлого бүрдэнэ. Нэг удаа нөхөн төлж буй энэхүү арга хэмжээ болох тэтгэврийн шимтгэл ч мөн орлогод бүртгэгдэнэ. Гэсэн ч цаг үеийн байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд хүрэхгүй байх нөхцөл бүрдсэн. Учир нь, 2020 онд “Ковид-19”-ийн цар тахлын улмаас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого тогтворгүй байгаа. Гэхдээ бид орлогын төлөвлөгөө гэхээс илүүтэй аль болох олон малчныг нийгмийн даатгалд хамруулах зорилготой. Тиймээс УИХ-аас дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьснаар хуулийн хэрэгжих хугацаа нэг жилээр сунгагдаж 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. 

ХНХЯ, шат шатны нийгмийн даатгалын байгууллагууд энэ талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Монгол орны 330 суманд нийгмийн даатгалын байцаагч, ажилтан бий. -Хүсэлт хүлээн авах хугацаа хэзээ дуусгавар болох вэ? 

-2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Үндсэндээ хагас жилийн хугацаа үлдсэн. Тиймээс зуны дэлгэр цаг ирж, орлого олох боломж дээшилж байгаа учраас хууль хэрэгжиж дуусахаас өмнө тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхийг малчдадаа уриалж байна. 

- Олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан хүмүүс нэг дор нөхөн төлөхөд хүндрэлтэй байх болов уу. Энэ тал дээр ямар зарчим баримталж байгаа вэ? 

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдах малчны сард төлөх дүн 42 мянган төгрөг. Үүнийг нэг жилээр тооцвол 504 мянга, таван жилээр тооцвол хоёр сая 520 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн төлөх мөнгө харилцан адилгүй. Засгийн газрын 2019 оны 483 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд суман дахь нийгмийн даатгалын ажилтнууд малчин болгонтой тулж ажиллах ёстой. Тухайн хүн хэдэн жил ажилласан, одоо хэчнээн жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хэрэгтэй байгааг судалж, зөвлөгөө өгнө. Энэ хуулийн хүрээнд даатгалд хамрагдаж, тэтгэвэр тогтоолгосон хүмүүс дунджаар 3.3 жилийн нөхөн төлөлт хийсэн байна. Тэгэхээр 10-аас дээш жилийн нөхөн төлөлт хийсэн хүн ч байгаа гэсэн үг. 

Хамгийн гол нь нийгмийн даатгалын байцаагчтайгаа сайн зөвлөлдөх хэрэгтэй. Ингэснээр хэрэгцээт мөнгөн дүнгээ тогтоож, боломжоороо хуримтлуулахыг зөвлөж байгаа. Тодруулбал, төлбөрийг нэг дор хийнэ. Нөгөөтэйгүүр, бид иргэдийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилладаг. -Бүрдүүлэх бичиг баримтын талаар мэдээлэл өгвөл? 

-Үндсэн гурван бичиг баримт бүрдүүлнэ. Нэгдүгээрт, иргэний үнэмлэхийн хуулбар. Хоёрдугаарт, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт. Гуравдугаарт, иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт. Дөрөвдүгээрт, иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь зэрэг юм. Хамгийн чухал нь мал тооллогын “А” данс. Гэвч олон жилийн өмнөх мал тооллогын баримт гээгдэх, эсвэл тухайн үед ээж, аавынх нь нэр дээр бүртгэл хийсэн цөөнгүй тохиолдол гарч байна. 

Хэрэв “А” данс байхгүй бол нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзаж, зөвлөлийн хурлаар орж, малчин гэдгээ нотлохын тулд ямар баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ гэдгээ тодруулна. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 тушаалаар баталсан дүрэм бий. Аймаг, орон нутгийн хүмүүс нэг нэгнээ андахгүй учраас зөвлөлийн хурлаар малчнаар ажиллаж байсан нь үнэн эсэхийг тогтооход хүндрэлгүй. Харин мал маллаж байгаад хот суурин газар руу шилжсэн хүмүүсийн “А” данс олдохгүй бол тухайн үед харьяалагдаж байсан сумынхаа малчны зөвлөлд хандаж, өргөдөл гаргана. Өөрөөр хэлбэл, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж байгаад Эрдэнэт рүү шилжсэн бол Хутаг-Өндөр сумын зөвлөлд хандана. Мөн цаг үеийн байдлыг харгалзан иргэдийн өргөдлийг утсаар, холбогдох бичиг баримтыг и-мэйлээр хүлээн авах боломжтой. Түүнчлэн малчнаар ажиллаж байхдаа авсан “Залуу малчин”, “Сумын алдарт уяач” гэх мэт шагнал урамшууллыг нотлох баримтаар бүрдүүлж болно. 

- Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд? 

-Бүрдүүлэх бичиг баримт малчныхтай ойролцоо. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд “А” данс шаардлагагүй. Харин хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт болон татвар төлөлтийн мэдээллийг харгалзан үзнэ. Үүнийг нийгмийн даатгалын байгууллагаас нотлохгүй. Харин журамд заасны дагуу Татварын байгууллага нотолдог. Тиймээс татварын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд тусгай программ ашиглан тухайн хүний регистрийн дугаараар хайлт хийснээр хувь хүний орлогын албан татвар төлөлтийн мэдээллийг шүүх боломжтой. 

-Олны дунд “Насаараа нийгмийн даатгал төллөө. Үр ашгийг нь хэзээ хүртэх вэ” гэх асуулт байсаар ирсэн. Тэгвэл тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтөд хамрагдсанаар иргэдэд ямар үр өгөөжтэй вэ? 

-Нийгмийн даатгалын сан олон төрөлтэй. Энэ хууль зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлд хамааралтай. Тэр дундаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх нийгмийн хоёр бүлгийг сонгон нөхөн даатгалд хамруулах нөхцөл бүрдүүлсэн. Энэ бол маш том боломж. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг жилээр нөхөн төлөхөд 504 мянган төгрөг болно. Хүн бүрийн орлогын түвшин харилцан адилгүй учраас их мөнгө шиг сонсогдож магадгүй. Гэхдээ үүний цаана насан туршийн нийгмийн баталгаа бий. 

Манай улсын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг. Хэрэв дутуу жилээ гүйцээгээд тэтгэвэрт гарвал жилийн 4.2 сая төгрөгийн тогтмол орлоготой болно. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн даатгалын шимтгэл заавал хөгширсөн хойноо үр шимийг нь хүртдэг зүйл биш. Залуу малчид гэмтэж бэртэн, хөл гараа хугалах, осолд өртөх тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд олны нэрлэдгээр групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, тэтгэвэр олгодог. Үүнд нийгмийн даатгал төлсөн жил хамааралтай. Учир нь, тэтгэврийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр олгоно. Магадгүй, бурхан боллоо гэхэд ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй иргэн, магадгүй хүүхэд үлдсэн бол 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Энэ мэтчилэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг удаагийн нөхөн төлөлтөд хамрагдсанаар нийгмийн олон баталгаа нээлттэй болно.

 

ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

А.Чанцалдулам: Нөхөн даатгалын үр шимийг хүртэж, өндөр насны тэтгэвэр авдаг боллоо

Г.ЭНХГЭРЭЛ

Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн Улсын сайн малчин З.Ганхуягийн эхнэр А.Чанцалдуламтай товч ярилцлаа. 

- Танайхыг Монгол Улсын сайн малчин айл гэж дуулсан. Хэдэн жил мал маллаж байгаа вэ. Хэдэн онд Улсын сайн малчны болзол хангасан бэ? 

-Намайг Авирмэдийн Чанцалдулам гэдэг. Гэр бүлийн хүнийг маань Зундуйдоржийн Ганхуяг гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Бид ханилаад 30 гаруй жил болж байна. 

Буянт малаа маллаад мөн л 30 гариу жил болсон. Батхан хайрханаа тойроод өвгөдийн өвлүүлсэн мал маллах ухаанаар тэмээнээс бусад малаа маллаж, амьдарч байна. Анх хоёр талаасаа эцэг, эхийн зэхэж өгсөн 200 хүрэхгүй малтай малчин болоод, 2010 онд Улсын сайн малчны болзлыг хангаад Улсын сайн малчин З.Ганхуягийнх гэж дуудуулж явна даа. -Эргэх дөрвөн цагт мал маллаж үр шимийг нь хүртэн, эдийн засгийн эргэлтэд оруулж буй талаараа ярьвал? 

-Манай сум Төв аймгийн хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум. Сүүлийн үед тооноос илүү чанарт анхаарч мал сүргээ өсгөж байгаа. Бэлчээрийн даац, ашиг шим талаасаа ч хүссэн хүсээгүй ч тэгж өсгөхөөс өөр аргагүй болсон. Ашиг шим, үр өгөөжийн тухайд буянт малынхаа үр шимээр л өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд туслах малчин авч ажиллуулах, нийгмийн баталгааг нь хангах, мөн өөрсдийнхөө нийгмийн баталгааг хангах гол хөшүүрэг бол хэдэн мал минь шүү дээ.

 -Тодруулбал?

 - Сүүлийн үед төрөөс малчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон ажил хийж байгаа. Бид чинь малаа гэж яваад өөрсдийнхөө нийгмийн баталгааг тэр чигт нь орхигдуулдаг. Үүний нэг нь мэдээж өндөр насны тэтгэврийн асуудал. Монголын төрөөс малчин иргэнээ дэмжин таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжийг хуульчилсан байдаг юм байна лээ. Миний хувьд тэр хуулиар 50 настайдаа тэтгэврээ тогтоолгосон. 

-Малчин иргэн таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой болсныг та сая ярьлаа. Та хэрхэн өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон бэ? 

- Би 2012 онд 1992-2001 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан жилээ нөхөн тооцуулсан. Одоо хэрэгжиж байгаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 1995-2019 оны шимтгэлээ төлж чадаагүй жилээ нөхөн төлөх хуульд хамрагдан хоёр жилээ нөхөн тооцуулсан. Ингээд 50 настайдаа малчны өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Нэг үеэ бодвол малчин айл болгон тог цахилгаан, зурагттай болсон учир мэдээлэлд илүү ойр байгаа. Анх сумынхаа фейсбүүк группээс манай охин нөхөн даатгалын тухай хууль хэрэгжиж байгаа мэдээллийг харсан. Ингээд сумын нийгмийн даатгалын байцаагчтай утсаар ярьж, зөвлөгөө мэдээлэл аваад, шаардагдах бичиг, баримтыг бүрдүүлсэн. 

 

-Нууц биш бол та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ? 

-Нуух юу байхав дээ. Монгол төрийн минь хишиг, буянт малын минь өгөөж. Сар бүр өгч байгааг нь л авч байгаа. Их, бага гэж огт бодож байгаагүй шүү. (инээв) Манай гэр бүлийн хүн бас малчнаар 55 настайдаа тэтгэврээ тогтоолгож байсан. 

- Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байна. Бэрхшээл, ойлгомжгүй зүйл учирч байна уу? 

- Өмнө нь нэг үйлчилгээ авахын тулд заавал хот, аймаг орж хүндрэл, чирэгдэл учирдаг байлаа. Одоо сумын төвөөс авдаг болсон нь дэвшил гэж харж байгаа. Бүр заримыг нь гар утаснаасаа авч байх жишээтэй. Хоёр хүүхэд маань оюутан. Тэдний нийгмийн даатгалыг нь төлж эхэлсэн. Өөрийн биеэрээ үр шимийг нь хүртсэн учир хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Мөн туслах малчныхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь төлдөг. Төлөхгүйгээр гар дээр нь бэлэн цалин өгч болох ч нийгмийн хариуцлагын хүрээнд авч ажиллуулж тусалж дэмжих ёстой гэж бодсон. Хууль дүрмийн хүрээнд явах нь бидэнд, туслах малчинд ч хэрэгтэй. Туслах малчны нийгмийн даатгалыг нь төлөхөд “Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”- ийн хүрээнд бидний төлсөн шимтгэлийг буцаан олгох жишээтэй. Ийм олон арга хэмжээ хэрэгждэг гэдгийг бусад малчид төдийлөн сайн мэддэггүй юм билээ.

 

Хөвсгөл аймгийн иргэн Г.Даваапил: Энэ хуулийн ачаар тэтгэвэртэйгээ золголоо

Миний хувьд насанд хүрсэн үеэсээ тооцвол 30 гаруй жил мал маллаж байна. Энэ жилээс өндөр насны тэтгэвэрт орсон. Нийгмийн даатгалын шимтгэлээ дунд нь тасалдуулчихсан байсан. Аймгийн төвийн нийгмийн даатгалын хэлтэст очоод “Өндөр насны тэтгэвэрт орох боломж бий юү” гэж асуухад хоцорсон шимтгэлээ нөхөн төлөх боломжтойг хэлсэн. Ингээд бүрдүүлэх бичиг баримт дээр нэлээд удсан. 10 гаруй жилийн өмнө сумын захиргаа түймэрт өртөөд шатчихсан тул тухайн үеийн бичиг, баримтыг аймгийн төвийн архиваас авах хэрэгтэй болсон. Ингээд гурван сарын дараа тэтгэвэртээ орсон.

 

Баянхонгор аймгийн иргэн Ц.Билэгтжаргал: Нөхөн даатгалын тухай хууль цаашид ч хэрэгжээсэй

Би 1980-1990 онд Ахуй үйлчилгээний тасагт оёдолчин, угаагчаар ажилласан. Дараа нь шимтгэл тасарсан байсан. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар нөхөн төлж байгаа юм билээ. Миний хувьд 43 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1.806.000 төгрөг төлсөн

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН