Энэ долоо хоногоос бүх нийтийн амралтын өдөрт шилжиж, нийтээрээ ес хоног амрах билээ. Эдгээр өдрүүдэд иргэд аялал, зугаалгаар явах, гол, усанд орохдоо бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүйгээс хүүхдүүд гол усанд унах, живэх эндэх эрсдлүүд ихэсдэг. Мөн ялангуяа иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос голд эндэх, осолдох байдлууд эрс нэмэгджээ.

Тухайлбал:

Төв аймгийн Лүн сумын нутагт “Туул” голын усанд 15 настай эрэгтэй С живж нас барсан гэх хэрэг гарчээ. Хэргийг өдгөө Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь усанд сэлж байхдаа хөл алдаж живсэн аж. Алба хаагч нар эрэн хайх ажиллагааг хийж байгаа ч хүүхдийн цогцос олдоогүй байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат 58 настай иргэн Д, 50 настай Н нар нь согтуурсан үедээ “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх хэрэг болжээ. Хэргийг өдгөө Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Сэлэнгэ голын эргээс иргэн Д-ийн цогцсыг олсон ч,“Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл болон 50 настай эмэгтэй Н-ийг олоогүй байна.

Иймд иргэддээ хандаж амралт зугаалга, аялалаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.