Манай улс коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунгаар 18 болон түүнээс дээш насны иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Нэмэлт тунг хийлгэхдээ "Пфайзер" болон "Синофарм"-ын вакцинаас сонгож тариулж байгаа. Сонголт элбэг байна.

Энэ тунг хийлгэснээр коронавирусийн халдвараар өвчлөх магадлал буурч, хүндэрч нас барах нь багасна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Бүүстэр тун дельта хувилбарын эсрэг “хүчирхэг” дархлаа тогтоож байгаа талаар дэлхийн томоохон хэвлэлүүд ч мэдээлж буй. Манай улс дархлаажуулахаар зорьсон нийт хүн амынхаа 65.7 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадсан. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Харин дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 366,127 иргэн хамрагдаад байна. Энэ тоо нийт хүн амын 30 хувьд хүрч байж тохиолдлын тоог хоёр дахин, хүнд өвчлөлийг гурав дахин бууруулах тооцоотой. Гурван тундаа хамрагдсан хүний дархлаа 99 хувь байна. Түүнчлэн гурав дахь тундаа тариулаад 14-өөс дээш хоносон хүмүүст дархлаа тогтоц маш өндөр үзүүлэлттэй гарч буйг ХӨСҮТ-өөс гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусна. Иргэд дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахгүй байвал энэ их хэмжээний вакцин хаягдал болох эрсдэл бий. Тиймээс хамрагдалт хангалтгүй байгаа энэ үед дархлаа сэргээх нэмэлт тунд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлж, вакцин хийлгэх хүний тоог нэмэгдүүлэх нь туйлын чухал болчихлоо. Иргэд ч эрүүл мэндийнхээ төлөө вакциндаа идэвхийлэн хамрагдах цаг үе ирчихээд байна.

Хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж дэлхий нийтээр үзэж байна. Халдвар их тарах тусам “Ковид-19” өвчний хүндрэл, нас баралт ихсэх магадлал хурдтай өснө. Энэ нь эргээд эрүүл мэндийн салбартаа даац нэмж, өвчилсөн иргэд хяналтаас гарч, хэрээс хэтэрнэ. Ийм л хүнд нөхцөл байдалтай тулчихгүйн тулд бид дархлаа сэргээх нэмэлт вакциндаа л хамрагдах шаардлагатай байгаа юм.

Дархлаа сэргээх нэмэлт тун хийснээр дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Мөн Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн байна. Энэ бол вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байгаа хэрэг. Вакцин бол дэлхий нийтэд ХХ зуунд анагаахын шинжлэх ухааны салбарт гарсан 10 том ололтын нэг. Вакциныг халдварт өвчнөөс сэргийлэх шидэт ерөндөг гэж дэлхийд үздэг. Хэрвээ вакцин байхгүй байсан бол дэлхийн хүн амын тал нь байхгүй байх аж. Сүүлийн үед “Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр нь юм” гэж үзэж байгаа талаар мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Ер нь бид энэ айхавтар тахлыг вакцинаар л дийлнэ. Тиймээс одоо гуравдугаар тунг идэвхжүүлэхийн тулд явуулын дархлаажуулалтын цэгүүдийг олноор байгуулж, их дээд сургуулиуд, томоохон оффис, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үүдэнд вакцины цэг байршуулмаар байна. Иргэд хаана их төвлөрч байна, тэнд вакцины цэгүүдийг байршуулах хэрэгтэй. Бүр их дээд сургууль бүрт дотор нь вакцины цэг байгуулах хэрэгтэй. Хичээл сургууль, ажлын байран дээр нь заавал гуравдугаар тунд хамрагдсан байхыг шаардах хэрэгтэй байна. Одоо ер нь гуравдугаар тундаа хамрагдсан иргэдэд үйлчилгээний газрууд үйлчилдэг болох нь зүйтэй. Өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулахгүй байх ухамсартай иргэдэд бүх үйлчилгээний газрууд үйлчилгээгээ үзүүлдэг болъё. Дэлхийн алдар цуутай одууд вакцин бол ганц найдвар хэмээн, өөрсдийн шүтэн бишрэгчид, цаашлаад улс орныхоо иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалж байна. Манайд ч гялайж гялтайх хэдэн одод маань иргэдээ ингэж уриалах хэрэгтэй. Бид вакцинд хамрагдсанаар өвчлөлийг бууруулж чадна, өвдөхгүй байж чадна, энгийн амьдралын хэв маягтаа шилжих ганц арга зам бол вакцин шүү гэдгийг иргэдэд уриалмаар байна. Ковид туссаны дараах сөрөг үр дагавар болон вакциндаа хамрагдсан хүн өвчлөл, цаашлаад хүндрэлээс хол байх болно гэдгийг сурталчлан таниулмаар байна.

Одоо ковидыг тусахгүй байх нь л чухал болчихлоо. Тусахгүйн тулд л гурав дахь тунгаа тариулах хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас зөвлөж байгаа. Одоо бид илүү хариуцлагатай хандаж, вакцин бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгсэл болно гэдгийг ойлгох ухамсартай баймаар байна. Эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан байхыг үйлчлүүлэгчдээс шаарддаг байхыг уриалж байна. Мөн 10-аас дээш хүнтэй албан байгууллагууд ажилтнуудаа гурав дахь тунгаа хийлгэхийг шаардаж, гурав дахь тундаа хамрагдаагүй нэг хүн танай хамт олныг эрсдэлд оруулна шүү гэдгийг анхааруулж байна. Энэ нь ч зөв. Бид аюулт тахал дунд амьдарч байна. Гамшиг ингээд дуусахгүй дахиад ирэх эрсдэл бий. Хэнэггүй зангаар тахлыг даван туулахгүй нь.

Харин ч энэ цар тахал бидэнд вакцины ач тусыг дахин дахин ойлгуулж байна. Бид энгийн амьдралдаа эргэн орох ганц итгэл найдвар бол вакцин. Үүнийг л тархиндаа суулгамаар байгаа юм. Бид одоо вакциндаа л найдах цаг. Тиймээс иргэд дархлаа дэмжих гурав дахь тундаа идэвхийлэн хамрагдсанаар, цар тахлаас ангижрах боломж байна. Хүн бүр хариуцлагатай байж, вакциндаа хамрагдаж аюулыг гэтлэн сайн цагтай золгохын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй байна даа. Энэ Засгийн газрын ганц гайгүй сайн зохион байгуулсан ажил бол дархлаажуулалт гэдгийг хүн бүр мэднэ. Одоо харин үүнийгээ төгс болгомоор байна.

Төгс болгохын тулд гуравдугаар тунд анхаарал хандуулах хэрэгтэй. Сайн дурын гэсэн нэрийн дор бүүстэр тундаа анхаарал сул хандуулж байна. Пиарын Засгийн газар гэж цоллуулсаар удлаа. Тэгвэл гуравдугаар тунд сурталчилгаа ус агаар шиг хэрэгтэй байна. Ерөнхий сайд “Хэрэв гуравдугаар тундаа 30 хувь нь хамрагдвал тахал 70-аас 80 хувь буурна” гэж хэлсэн. Энэ бол тахал бараг байхгүй болно гэсэн үг юм. Бид тэгээд юу хүлээгээд гуравдугаар тундаа хамрагдахгүй байгаад байна вэ. “Зовлонгийн түргэн, жаргалын удаан” гэж монголчууд дэмий ч нэг яриагүй байлтай. Бүгдээрээ гуравдугаар тундаа хамрагдаж өвчин тахлаас салцгаая.