-Сэтгүүлчид нэгдэж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг харуулна-


Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, мэдээлэл бэлтгэхэд саад учруулсан томоохон асуудал дэгдлээ. Ер нь энэ үйл явцад ямар эрхүүд зөрчигдөв?

-Монгол хүний Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө гэж байдаг. Цагдаагийн байгууллага сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхэд халдсан үйл явдал шууд утгаараа хүний эрхийн асуудал. Үг, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд бүгд хөндөгдсөн гэсэн үг.

Аливаа нийгмийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөний индекс ямар түвшинд байгааг хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс нь тольдож болдог. Гэтэл сэтгүүлчид нь гарч ирж эрхээ шаардаж байна гэдэг тухайн нийгэм ямар түвшинд хүрснийг түвэггүй ойлгож болно. Хэвлэн нийтлэх, үг үзэл бодлоо илэрхийлэх эрх хоёр хоорондоо салшгүй, шалтгаант холбоотой гэж болохоор эрхүүд. Жишээ нь, хүн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах эрхтэй. Мөн мэдэх эрхийнхээ хүрээнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар ч хүн эдэлнэ, ялангуяа сэтгүүлчид. Өмгөөллийн хуулийн 26 дугаар зүйлд заасан өмгөөлөгчид үйл ажиллагаагаа явуулахад аливаа нэгэн байгууллага, албан тушаалтнууд саад учруулахгүй байх баталгаатай эрхийг эдэлдэг. Үүнтэй адил сэтгүүлчид ийм эрхийг эдэлдэг. Энэ үйл явдал бол сэтгүүлчид цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэл гаргаагүй, гагцхүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө хүрээнд ажлаа хийснийх нь төлөө хүч хэрэглэсэн асуудал.

-Хүний эрхийг хамгаалах фронтын тэргүүн эгнээнд явдаг сэтгүүлчид зөвхөн ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө эрх, эрх чөлөөгөө хасуулаад зогсохгүй халдлагад өртлөө. Үнэхээр таны хэлснээр сэтгүүлчид нь эрхээ шаардаж жагсана гэдэг бол иргэний бусад олон эрхийн тухай яриад ч хэрэггүй биз?

-Харамсалтай нь урьд хожид болж байгаагүй үйл явц болж өнгөрлөө. Тухайн нийгмийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг үзэл бодлоо илэрхийлэх, өмгөөлүүлэх эрхэд ингэж халдаж байгаа процесс нэг дор болсон.

Жишээ нь, миний бие ажлаа хийснийхээ төлөө цагдаагийн байгууллагад яллагдагчаар татагдсан. Зөвхөн ажлаа хийснийхээ төлөө өмгөөлөгчийг хүртэл яллагдагчаар татчихаар эрхээ хамгаалуулах жирийн иргэд яах вэ. Гэтэл өнөөдөр хар. Сэтгүүлчдийн хуулиар хамгаалагдсан үндсэн үйл ажиллагаанд нь саад учруулж байна гэдэг бол ардчиллын үнэт зүйл болох хүний баталгаатай эдлэх олон эрх, халдашгүй байдалд маш бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Энэ бол Монгол Улсын ардчилал ямар түвшинд очсон, яаж доройтож байгааг харуулах том жишээ болж байна.

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар хариуцлага хүлээх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхэд ноцтой халдсан энэ үйлдлийн төлөө тэд ажил, албан тушаалаасаа огцрох ёстой. Хүний эрх, эрх чөлөөний байдал үүнээс илүү дордоно гэж юу байх вэ.

Энэ дашрамд, хүний эрх чөлөөг хамгаалах тэргүүн эгнээнд зогсдог хууль зүйн мэргэжлийн тулгын гурван чулуу болсон өмгөөлөгч, хуульчид нэгдэж сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж дуугараасай гэж уриалмаар байна. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн эрх биш шүү. Хүний эрх гэдэг хэвлэн нийтлэх эрхээс эхэлдэг юм шүү.

-Өмнө нь жагсаал цуглаанд оролцсон залуусыг олноор баривчилсан. Биед нь гэмтэл учруулсан, үндэслэлгүй цагдсан гээд олон асуудал ундарсан. Та бол цагдаагийн байгууллагын реформын тухай яриад удаж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль сахиулагчдыг бий болгох нь энэ салбарын том асуудал болж байгааг олон түвшинд ярьж байна?

-Цагдаагийн байгууллагын реформыг зайлшгүй хийх ёстой. Хүлээх шаардлагагүй. Цаашид улам дордоно. Бид өнгөрсөн жилээс цагдаагийн байгууллагын шинэчлэл буюу #YesPoliceReporm гэж цахимаар уриалаад байгаа. Үүнийг олон нийт дэмжээд өгөөсэй. Цагдаагийн байгууллагын удирдлагаас нь эхлээд эрх зүйт нийгмийн жишигт хүрсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг шинэчлэлийг бид шаардаж байгаа.

Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш, маргааш таны ч асуудал болж босч ирнэ гэдгийг хаана хаа ойлгох хэрэгтэй. Хариуцлага тооцохдоо цагдаагийн жирийн албан хаагчдаар туг тахидаг, нөгөө л төрийн албаны бугшсан, иргэдийг хуурсан, урхидсан арга технологио ашигл дээд шатны байгууллага, албан тушаалтныхаа тушаал заавраар ажилладаг. Тэдгээр тушаал шийдвэр өгсөн хүмүүст хариуцлага тооцохгүй, жирийн албан хаагчдад нь ажлаа өгөөд өнгөрч байгаа явдлыг халах ёстой.

-Тогтолцоог өөрчлөх эхний алхам юу байх ёстой юм бэ?

-Шинэчлэл гэдэг бол тэр чигээр нь үндсээр нь өөрчлөхийг хэлж байгаа. Нэгэнт хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуулиндаа заачихсан юм бол хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагыг хууль хэрэгжүүлдэг, хууль сахиулдаг, иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдэг стандарт руу оруулах ёстой. Цагдааг бид төрийн цагдаа, хүчний байгууллага гээд буруу нэршлээр яваад ирчихсэн. Зүй нь бол цагдааг хараад айдасгүйгээр биднийг хамгаална гэдэг иргэний сэтгэл зүйгээр хандах ёстой. Цагдаа гэдэг үгийг ч болих ёстой. Сэргийлэх гэдэг үг хамгийн тохиромжтой.

Шинэчлэл хийнэ гэдэг цагдаагийн жирийн албан хаагчийн нийгмийн баталгаанаас эхлэх ёстой. Жишээ нь, АНУ-д цагдаагийн жирийн албан хаагчийн дундаж цалин 10.000 ам.доллараас эхэлдэг. Манайд бол 850.000 төгрөг л байна. Дээр нь яг ижилхэн чиг үүрэгтэй АТГ-т ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалинтай. АТГ-ын албан хаагчдаас цагдаагийн албан хаагчид бараг илүү цагаар ажилладаг.

Гүржийн жишээг ярья л даа. Тус улс цагдаагийн байгууллагадаа том реформыг хэрэгжүүлсэн. Бүтцээр нь шинэчилж, цагдаагийн албан хаагчдаасаа шалгалт авдаг болсон. Тэр шалгалт нь тухайн хүнээс хамгийн түрүүнд хүний эрхийн мэдрэмж, мэдлэг нь ямар түвшинд байгааг үндсэн шалгуур үзүүлэлт болгодог жишигтэй. Ингээд ажиллах нөхцөлийг сайжруулаад, стрессгүй, яг л үйлчилгээний стандартыг ойлгуулаад ирэхээр аяндаа энэ салбар зүгширнэ. Түүнээс гадна цагдаагийн байгууллагын удирдлагын түвшинд аваад үзэхэд ЦЕГ-ын даргыг томилохдоо олон нийтээс санал авдаг жишиг байх ёстой. Энэ хүн үнэхээр хүний эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байна уу. Ялангуяа хуульч мэргэжилтэй хүнийг тавих гэж байгаа бол нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох хэрэгтэй. Манайд өнөөдөр шууд тушаалаар хэн нэгний гар хөл болдог, эсвэл нутаг усны хүнийг томилдог. Тухайн хүн нь барьцаагаар хөдөлдөг, хууль бус тушаал шийдвэрээр ажилладаг нөхцөл байдал үүсчихээд байгаа нь нууц биш.

-Цагдааг бэлдэж байгаа тогтолцоо нь өнөөдрийн энэ үл ойлголцол, хүний эрхийн зөрчил рүү түлхээд байна уу?

-Нэгэнт тогтолцоо ярьсных цагдаагийн албан хаагчдын боловсролын асуудал ч хөндөгдөнө. Манай цагдаа нарыг дотоодод болон ОХУ-д бэлтгэдэг. Ингэснээр хуучны социалист школтой, КГБ-гийн арга технологид мэргэшчихсэн хүмүүс бэлтгэгдэж гарч ирээд байгаа юм. Түүний оронд АНУ, Герман, Англи зэрэг эрх зүйн системтэй оронд явуулж бэлдээч.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийж цөхөөд байх зүйл байхгүй. Өнөөдрийн эрх баригчдад зөвхөн сэтгэл зүрх дутаад байгаа юм. Тэд цагдаагийн байгууллагыг өөрсдийнхөө гар хөл болгож, ОХУ, Беларусьд хэрэглэгддэг дарангуйллын машин, зэвсэг болгож ашиглаад байна шүү дээ. Цагдаагийн байгууллагад тогтолцооны өөрчлөлт хийх юм бол жинхэнэ утгаараа хүний эрхийг хамгаалдаг субьект болж хувирна.