Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа өртөг болоод хэрэглэгчдэд түгээж байгаа үнэ хоорондын зөрүү олон жилийн турш үргэлжилсний улмаас бид өвлийг харанхуй угтах эрсдэлд хүрснийг та мэдсэн үү.

 

Тодруулбал,   эрчим хүчийг үйлдвэрлэх өртөг 224 төгрөг болсон ч хэрэглэгч таньд 175 төгрөгөөр худалдаалдаг. Энэ зөрүүнээс үүдэн эрчим хүчний салбар өнгөрсөн онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны эцсээр 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоолол гарчээ.

 

Үүнээс гадна дулааны цахилгаан станцууд ажиллах хүчнээ алдаж, үйл ажиллагаа нь зогсох эрсдэл өндөр байгаа талаар бид Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцуудтай биечлэн танилцсан сурвалжлагаараа хүргэж байсан билээ. Харин эрчим хүчний салбарын төлөөллүүд “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгуулж, өвлийг хэрхэн эрсдэлгүйгээр даван туулах талаар хэлэлцлээ.

 

Н.Тавинбэх: ҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ӨРТГӨӨС БАГА ТОГТООСОН НЬ БИДНИЙ АЛДАА

 

Манай улсын цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар тогтмол өсч байна. Монгол улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 752 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж, 2021 оны хэрэглээ есөн тэрбум 775 сая киловатт цагт хүрсэн байна. Үүнээс эрчим хүчний жилийн хэрэглээ нь Засгийн газрын тогтоосон босго хэмжээнээс давсан иргэн буюу үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ 36 хувийг эзэлжээ.Жил бүр хэрэглээ нэмэгдэж байгаагаас оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаалал хэтэрч, ОХУ-аас эрчим хүч авдаг.

 

Тухайлбал, улсын хэмжээнд эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг гадаадаас импортолж, “гал алдахгүй” өнөөдрийг хүрсэн юм. Гэсэн ч цаашид энэ хэвээр үргэлжилбэл, эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрэх тул Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт хэрэглээтэй уялдсан өөрчлөлт оруулаад байгаа юм.

 

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх

 

“Бидэнд эрчим хүчний хангалттай нөөц байсан бол хэрэглэгчдэдээ сонголт өгөх байлаа. Гэвч сонголтгүй болтлоо хүнд байдалд орсон нь өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар шаардлагатай арга хэмжээ авч чадаагүйн уршиг юм. Цаашид нөхцөл байдал бүр хүндрэх тул шийдэл хэрэгтэй.Хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тогтоосон нь бидний гол алдаа. Хэрэглэгчдийн оргил ачааллыг бууруулах боломж бидэнд бий. Ингэхийн тулд эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах ажлыг идэвхитэй хийх шаардлагатай. Боломж байвал хэрэглэгчийн үнийг чөлөөлөх үгүй бол үйлдвэрлэсэн өртөгтэй нь дүйцүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням манай улсын тухайд тулгамдаж байгаа асуудал нь эрчим хүчний эх үүсвэр шинээр барих юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын болон дамжуулах, түгээх сүлжээний зарим шугам, тоноглолын ашиглалтын хугацаа хэтэрсэн ч түүнийг засварлах хангалттай хэмжээний төсөвгүй байсаар өнөөдөртэй золгосон билээ.

 

ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ НЬ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРЬСАНТАЙ ДҮЙЦДЭГ

 

Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж эрчим хүчний нөөцийн хомсдолд өртсөн улс орнууд тодорхойлсон байдаг. Эрчим хүчний нэмэгдэж байгаа хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарахад чиглэсэн шинэ эх үүсвэр барих төслүүдийг Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ч эдгээр нь хугацаа их шаарддаг. Тиймээс Монгол улс 2023-2026 онд эрчим хүчний чадлын дутагдалтай ажиллаж, хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал болжээ. Энэ хүндрэлийг эрчим хүчний хэмнэлтээр даван туулах тул эрчим хүчний хэмнэлтийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж салбарынхан үзэж байна.

 

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун

 

“Эрчим хүчний тэр дундаа дулааны эрчим хүчний хэмнэлт их чухал. Сүүлийн үеийн барилгууд дулаанаа тохируулах хэмжүүртэй. Харин хуучин орон сууцнууд ийм тохируулгагүй нь дулаан алдагдлын гол суурь болж байна. Тиймээс шинэ барилгуудад хэрэглэгч дулаанаа тохируулдаг хэмжүүр байрлуулахаар ярилцаж байна. Харин шинээр ашиглалтад орох барилгын дулааны хэмнэлтийг  зураг төслөөс нь эхлэн хэмжихээр төлөвлөж байна” гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн ухаалаг тоолуурын системд шилжүүлэх, шугам сүлжээ, дэд станцуудын шинэчлэлийг хамтад хэрэгжүүлэхэд 161 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал цахилгаан түгээлтийн алдагдал буурч, жилд 272 сая кВт.ц буюу 42 тэрбум төгрөгийг хэмнэх  урьдчилсан тооцоо гарчээ.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин