Есдүгээр сарын 13-ны Бямба гарагт "Автомашингүй өдөр" болно. Уг арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хаах талаар ТЦА-наас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ тухай тус албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдрийг зохион байгуулдаг. Энэ удаагийн автомашингүй өдөр есдүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд болно.

Автомашингүй өдрөөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, СУИС-ийн уулзвар, Японы ЭСЯ-ны урд, Баянгол зочид буудал, Цирк, Өгөөжийн уулзварын замын хөдөлгөөнийг хаана.

Замын хөдөлгөөнийг хаасан бүс рүү цахилгаан скүүтэр, суррон, мопедийг оруулахгүй. Жил бүрийн автомашингүй өдрөөр эдгээр хэрэгсэлд явган зорчигч болон хүүхэд мөргүүлж, гэмтсэн дуудлага 5-6 бүртгэгдэж байсан.

Эцэг эх, асран хамгаалагч нар автомашингүй өдрөөр хүүхдээ гараасаа хөтөлж, аюулгүй алхахыг зөвлөе.

Бямба гарагт автомашингүй бүсээс бусад гудамж, замд улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэх бөгөөд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Иргэд хөдөө гадаа явах гэж байгаа бол Бямба гарагаас өмнө хаагдах бүсээс автомашинаа гаргаж тавихыг анхааруулж байна" гэв.

 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд хаагдах гудамж, замууд:

  1. Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 
  2. Сөүлийн гудамж,
  3. Чоймболын гудамж,
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  5. Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  6. Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  7. Самбуугийн гудамж,
  8. Анкарагийн гудамж,
  9. Бага тойруу,
  10. Бээжингийн гудамж,
  11. Залуучуудын гудамж,
  12. Сансарын туслах замаар Энхтайвны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  13. Чагдаржавын гудамж,
  14. С.Зоригийн гудамж,
  15. Элчингийн гудамж,
  16. Олимпын гудамж,
  17. Гэндэнгийн гудамж,
  18. Д.Чойдогийн гудамж,
  19. С.Жамъяан гүний гудамж,
  20. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана. 

Энэ өдөр цагдаагийн алба хаагч нар иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна. 

Олон нийтийн хамарсан арга хэмжээний үеэр халаасны хулгайн гэмт хэрэг, хүүхэд төөрөх эрсдэлүүд байдаг тул эргүүл гарах аж.