Тахарын албаны мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаа хурдан шуурхай байгаад иргэд ам сайтай байна. Өмнө нь шүүхийн үйл ажиллагаа эзэн холбогдогч нь ирээгүй, батлан даалтад гараад оргон зайлсан гэх шалтгаанаар удаа дараа хойшилж, шүүх хуралдаан хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэхгүй байх тохиолдол гардаг байсан.

Өмнө нь цагдаагийнхан мөрдөн шалгаж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг байсан ч үндсэн чиг үүргийнхээ дагуу ажил үүргээ биелүүлэхэд нь хүндрэл учирдаг байжээ. Харин Тахарын алба хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу эрэн сурвалжилж, мөрдөн шалгаж эхэлснээр шүүх, прокуророос оргон зайлсан яллагдагч, ялтан олдохгүйгээс шүүх хуралдаан хойшилдог байсан явдал багассан байна.

Тахарын албаны мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар үйл ажиллагаагаа эхлээд 2 сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд прокурор, шүүхийн үйл ажиллагааны явцад оргон зайлсан 50 орчим хүнийг эрэн сурвалжилж шүүх, прокуророос оргон зайлсан 16 хүнийг барьж холбогдох байгууллагад хүргэжээ. Мөн иргэний хэргийн нэхэмжлэлтэй 2 иргэнийг олж шүүхэд хүргэх ажлыг хийгээд байгаа юм байна.