УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэе.

АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна гэсэн саналыг Хүний эрхийн үндэсний комисоос ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны тавдугаар сарын 08-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл санаачлаад гурван газар санал авахаар явуулсан. Тавдугаар сарын найманд Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т хуулийн төслөө хувилаад, саналаа өгөөч гэж явуулсан. Гэтэл үүнээс хойш Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр энэ хуулийг хийгээд байна гэж тархи угаасан үйл ажиллагаа сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ. Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө оруулгын мэдүүлэгт жил бүр бичдэг миний объект руу шалтаг зааж довтолж байгаа юм. Намайг ТЕГ-т дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ. Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.

Нэгдүгээрт, Миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ? Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн. Тиймээсөмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан. Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа. Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна. Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ.

Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. УИХ-ын гишүүнийхээ хувьд барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон.

1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй.

Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.

Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх санаачлагыг гаргах эрх УИХ-ын гишүүдэд байгаа. Бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм. 1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нигэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй. Авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдаж, шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Энийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний авулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хэлнэ.

Энэ хууль батлагдсанаар прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор үгүй гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү. Хоёрдугаарт, 1933 оны үгийг хэлж болж байгаа. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байна.

АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргууж байна.

УИХ-ын даргад хэлсэн “Та энэ хуулийг хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад бичиг өгсөн. Эд нар их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ-руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилдаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичсэн байна. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

Тэд миний санаачилсан хуулийн төслийг нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс тодорхойлсон хууль дээдлэх зарчимд захирагдаагүй иргэдийн итгэл хүлээхүйц биш хариуцлагагүй хууль байна гэж бичсэн байна. Яаж ингэж дүгнэдэг байна. Түүнчлэн албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө хамааралтай бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлын хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзэхээр хуульчилсны эсрэг болжээ гэж үзэхээр байна гэжээ.

Би та бүхэнд дахиад хэлье. Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оны түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаар унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал энэ газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна. АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн, нэгнийг хаацайлах хүсэлгүй. Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлсэн байсан. Тэгэж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй. Би үүнийг огцрохдоо хэлж байсан.