Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа. Ардчилсан хувьсгалыг тайван замаар авчирахад гол үүрэгтэй байсан улс төрчдийн нэг тэрбээр одоо ч улс төрийн халуун тогоонд залуусаас дутахгүй зүтгэж, буцалж яваа эрхэм юм. Түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд цөөн хором ярилцлаа.  

 
-Эв нэгдэл, шударга ёсны тухай асуудал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гол дэвшүүлэн тавьж буй уриа болж байх шиг байна. Үнэхээр ч шударга ёс, эв нэгдэл Монгол улсад ус агаар мэт дутагдаж байгаа нь үнэн. Үүнийг гурван нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгч болвол хэрэгжүүлж чадах бол?
 
-Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн тусгасан байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол эв нэгдлийг хангагч байх ёстой юм. Энэ алтан зарчим алдагдаад 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан 4 Ерөнхийлөгчийг би муу ажилласан гэж хэлэх гэсэн юм биш. Гагцхүү Монголын ард түмний эв нэгдлийг хангагч байна гэсэн үндсэн үүргээ хангалттай сайн биелүүлж чадаагүй. Намын харьяалал, хөрөнгө чинээ, бүлэг фракци, жалга довоороо талцдаг явдал архагшиж газар авах шинжтэй байна. Үүнд яагаад анхаарч ажилласангүй вэ? Тиймээс би хувьдаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол юуны өмнө талцлыг бүрэн намжааж чадах хүн гэж дүгнэж байгаа юм. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан 10 гаруй жилийн туршлага, ямар ч бүлэглэлийн гар хөл болоогүй, эх орон газар шорооныхоо төлөө тэмцдэг, улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө намаа ч шүүмжилж чаддаг, шударга хүн гэдэгт нь итгэлтэй байгаа. Ийм хүн л улс үндэстнийхээ эв нэгдлийг хангаж, шударга ёсыг тогтоож чадна.
 
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсарч хийж байгааг Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлийн нэг гэж олон хүн үздэг. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа үүнийг засч залруулна гэж амлаж байсан. Гэвч энэ амлалт огт хэрэгжээгүй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 
 
-Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт гээчийг 1989-1990 оны заагт хоёр нам хоёулаа оролцоод хийсэн өөрчлөлт. Үндсэн хуулийн 30 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг зөрчиж УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч болохоор өөрчлөлт оруулсан. Үүнийг салгаж, Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хангах асуудлыг 3 парламент дамжин яригдаад шийдсэнгүй. Үүний нэг сөрөг тал бол сайдынхаа ажлыг, эс бөгөөс УИХ-ын гишүүнийхээ ажлыг умартана. УИХ-ын гишүүний ажил бол хууль боловсруулж батладаг нүсэр ажил. Сайд ч салбарын бодлого тодорхойлдог том үүрэгтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид, парламент үүнийг өөрчилнө гэдэг ч өөрчилдөггүй. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хавсарч байна гэдэг үндсээрээ буруу. УИХ-ын гишүүний давхар дээлийг тайлж дан дээлтэй болгоно гэж амласан. Үүнд нь ард түмэн их баярласан. Би ч хувьдаа дэмжиж байсан. Гэтэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд энэ талаар юу ч хийсэнгүй. Харин сая сонгуулийн үеэр хуулийн төсөл өргөн барьж байгаа нь цаг үеэ олоогүй, бодлоггүй асуудал гэж үзэж байна. Үүнд нь олон хүн дургүйцэж байна. Асуудал нь буруу биш. Ард түмнээ басамжилж байгаа юм уу, сонгуулийн үеэр хуурах гэсэн шоу гэж харагдаж байна. Сонгогчид хууртагдахгүйгээ мэдэх байлгүй дээ.
 
-Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудыг бодвол харьцангүй тайван болж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Өмнөх сонгуулиуд шиг бие бие рүүгээ дайрсан хурц бүдүүлэг дайралт бага байна. Хуультай ч бас холбоотой байх. Тиймээс харьцангуй тайван сонгууль болж байна. Энэ байдлаараа явж байгаад дуусчихвал сайн. Зарим нэг сонин, сайт, твитер хуудас дээр илт хатгасан, өдсөн үг хэллэг харагдаж байна лээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Нэр дэвшигчид өөрсдөө л сайхан өрсөлдөг, өмнөөс нь дуугарч хатгаж, хаздаг явдлаа болих хэрэгтэй гэж ахмад хүний хувьд захиж хэлмээр байна.