“Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарыг ХТГ-аас шалгаж эхэлсэн. Үүнээсээ болоод тэд Ардчилсан намд элсэхээр бэлтгэлээ хангаж байгаа” гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тэгвэл Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар “Энэ талаар юу ч мэдэхгүй” хэмээн ярьсан байна.

Эдийн Засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Надад энэ талаар мэдэх зүйл алга” хэмээн хариулсан аж. Тэрбээр сүүлийн үед иймэрхүү зүйлд анхаарлаа хандуулах завгүй яваа бөгөөд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын асуудалд нэлээд сэтгэл зовинож яваа гэсэн. Харин Сангийн сайд Ч.Улаан амарч байгаа учир дээрх мэдээллийн талаар сонсоо ч үгүй яваа гэнэ. Тэрбээр уяач нэгэн учир энэ жил нэлээд удаан наадамлаж байгаа бололтой юм.

Ямартай ч дээрх хоёр эрхэм Ардчилсан намд элсэх талаар бодоо ч үгүй явахад нь хэн нэгэн Ардчилсан намд элсүүлэх гээд зүтгээд байгаа учир нь удахгүй тодорхой болох биз. Хэрэв МАХН-ыг Засгийн газраас шахах бодлого хэрэгжиж эхэлбэл тэднийг энэ талаар бодолцож үзэхгүй гэх баталгаа байхгүй байгаа юм. Сайдын суудлаас намын дарга нь үнэтэй л биш бол шүү дээ.

 

Р.Сарангоо