Нэг Ардчилал клубын П.Цэнгүүн ахыг хөдлөшгүй Неолебирал үзэлтэн гэдгийг хэн хэнгүй мэднэ.Неолиберал үзлийн амин сүнс нь чөлөөт худалдаа. Хэрэв та П.Цэнгүүн ахтай таараад чөлөөт зах зээл, патентын хүчтэй хамгаалалт, өмч хувьчлалыг шүүмжилвэл чимээгүй байж магадгүй. Харин чөлөөт худалдааг шүүмжилвэл хэн ч бай жинтэйхэн хариу сонсоно. Харин надад хүндэт ахыг сөрж хэлэх нэг санаа байна. Ганц энэ хүнд ч биш, хүн бүхэнд л хэлэхийг хүссэн юм. Чөлөөт худалдаа үнэхээр хөгжлийн хурдасгуур мөнүү? Тийм биш гэж үзэж болохгүй, 100 хувь тийм гэж мэтгэж бас болохгүй.Хамгийн гол нь жорыг нь тааруулах явдал өнөөдөр Монголчууд бидний өмнө тулгарч ирээд байна.

Чөлөөт худалдаа сайн үр дүн авчираагүй Мексикийн орсон урхи

Анх 1982 онд эхэлсэн “Гуравдагч орнуудын өрийн хямрал”-ын дараа Дэлхийн банк, ОУВС чөлөөт худалдааг өргөжүүлж, 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага байгуулагдсанаар чөлөөт худалдааны хэлэлцээрийг ихээр хийж худалдааг либералчлах бодлогод хамгийн ихээр хамрагдсан орон бол Мексик. Тиймээс Мексикийн эдийн засгийн түүхийг өгүүлье.

Мексик улс импортыг орлуулах аж үйлдвэрийн бодлого явуулсан 1955-1970 оны хооронд эдийн засгийн өсөлт нь 3.1 хувьд хүрч түүхэн дээд рекордоо тогтоож байлаа. Гэтэл Англи, АНУ-ын нөлөөгөөр 1970-1980 оны хооронд худалдааны хэт либерал бодлого явуулахад эдийн засгийн өсөлт 1 хувьд хүрэв.Хамгийн гол нь энэ чөлөөт байдал Мексикийн аж үйлдвэрийн салбарыг арчиж хаясан байна.Тус улсын хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа хамгийн эрэлттэй түүхий эд шар буурцагны салбар АНУ-ын ардаа татаастай хөдөө аж ахуйн салбарт нам цохиулав.Эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдэл ихэсч, цалин сайтай үйлдвэрүүд дампуурч эхлэв.

Гэтэл Мексик бүр гүн урхинд унав. НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу бүх худалдааг хийдэг болов.Өнөөдөр Мексикийн олон судлаачид уг эртэдсэн чөлөөт худалдааны либерал бодлогодоо харамссаар байна.Гэтэл Мексик чинь Монголыг бодвол том боомттой, чадалтай дэд бүтэцтэй, чадварлаг менежерүүдтэй, АНУ дахь иргэдийнхээ тоогоор их нөлөөтэй.

“Бүргэдийг дуурайж болжмор...”

Худалдааг хэт чөлөөлвөл өөр олон асуудлууд ч урган гарч ирнэ.Нэгэнт импортын татвар багасвал төсвийн бүрдүүлэлт багасах нь мэдээж.Гэтэл гадаад худалдааны татварыг хураахад ямар хялбар билээ. Тэр ч бүү хэл миний шүүмжлээд байдаг ОУВС-ын тайланд хүртэл хөгжиж буй орнууд гадаад худалдааг чөлөөлснөөс үүссэн татварын орлогын алдагдлын дөнгөж 30 хүрэхгүй хувийг бусад төрлийн татвараас нөхсөн байна. Манай шиг оронд үнэндээ төсвийн орлого багасах тусам цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг амин чухал салбарл хүнд байдалд ордог.

Харин баян орнуудын татаасын дийлэнх хэсэг нь судалгаа шинжилгээний ажилд явна.АНУ-л гэхэд газрын самарт 4 тэрбумын татаас өгдөгийн талаас илүү нь шинэ технологи, хөрс, үрийн чанар гээд нийтлэг эрх ашигт зориулагдах судалгаанд явсан байдаг. Гэтэл бид ямар ч судалгаагүй тариалснаас болж Сэлэнгэ, Дарханы районд байгаа тариалангийн талбайнхаа 40 орчим хувийн хар шороон хөрсийг хуурай шороо болголоо.

 

Солонгосчууд чөлөөт худалдаагаар хөгжсөн гэж үү.

Хойд Солонгос, Өмнөд Солонгосоосоо илүү хөгжилтэй байсан түүх саяхан.Япон орон Хятадыг эзлэх гол түшиц газраа болгож байсан учраас аж үйлдвэрлэлийн дэд бүтэцийг нь 1910-1940 он хүртэл сайн бүтээн байгуулсан.Японы дараа хойд Солонгос уг баазыг түшиглэн 20-иод жил аж үйлдвэрийн том дэвшилд хүрлээ.1939 онд нээсэн үйлдвэртээ синтетик мяндасыггарган авч өөрийн орноо хувцасаар хангах боломжтой болов.Харамсалтай нь технологи импортлохгүйгээр хөгжсөн түүх үгүй.Гэтэл хойд Солонгос өөрийгөө тэжээх Жүчэ онолоо баримтлан 1960 он гэхэд дэлхийгээс тусгаарлагдсанаар хөгжил нь саарсан.Харин өмнөд Солонгос дэлхий нийттэй харьцаж үйлдвэрлэлийн технолгийг нэг импортолж, нэг хулгайлсаар өдгөө дэлхийд хөгжлийн төвшингээрээ наймд эрэмбэлэгдэж байна. Гаднаас үйлдвэрлэлийн патент, сургагч багш, техник технологи авахын тулд гадаадын валют хэрэгтэй.Тэрхүү гадаад валютыг гадаадтай худалдаа хийлгүй олох ямарч боломжгүй.Ингээд үзхээр чөлөөт худалдааны бахдам амжилт өмнөд Солонгосын жишээнээс харагдаж байгаа мэт.Гэвч үнэндээ өмнөд Солонгос өөрийн гэсэн худалдааны бодлоготой байсан.Тэд нэгдүгээрт өөрсдийн үйлдвэрлэлийн салбараа хамгаалж хөгжүүлэх, хоёрдугаарт, өөрт үйлдвэрлэдэггүй салбарт чөлөөт худалдаа хийх. Хэрэв өмнөд Солонгос эхнээсээ 100 хувь чөлөөт худалдааны бодлого баримталсан бол гянтболд, загас, далайн байцаа, бөс бараа, хувцас, хиймэл үсээ зарсан хөгжил муу, хоолоо булаацалдсан орон болох байсан тухай Вөнчөлийн “Пак Чен Хи” номонд тодорхой дурдсан байдаг. Солонгосын хөгжлийн нууц гэж ер нь тусдаа өвөрмөц жор байхгүй. Бусад хөгжсөн орнуудын адил аж үйлдвэржихийн тулд протекционизм, чөлөөт худалдаа хоёрыг хослуулчихсан л хэрэг.

 

Чөлөөт худалдааны бодит нөхцөл байдлыг Монголчилох нь

Харин өнөөдөр Монгол орон юугаа чөлөөлөх юугаа чөлөөлөхгүй тал дээр нэгдсэн дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй байна.Юутай ч Монгол орны хөгжил цэцэглэлтэнд маш аюултай хэд хэдэн гадаад дүр зураг харагдаж байна.

Юуны өмнө баян орнуудын OECD Дэлхийн Худалдааны байгууллагаартүрий барьж тулгасан олон алхамыг хөгжиж буй орнууд эрс эсэргүүцэх болсон.Тиймээс тэдний дараагын алхам нь NAMA буюу Хөдөө аж ахуйн бус зах зээл нэвтрэх хэлэлцээр.Уг хэлэлцээр өнгөрсөн жил Хонгконгд болж, хойшилсон ч 2015 онд батлах төлөвлөгөөтэй. Хэлэлцээрийн гол зорилго нь хөгжиж буй Монгол шиг орнуудын импортын татварыг 5-10 хувь хүргэх зорилготой. Хариуд нь өгөх бэлэг нь баян орнууд дотоодынхоо хөдөө аж ахуйн салбарт жил бүр татаасаар өгч байгаа 100 тэрбум доллараа больж болох юм. Тэгсэнээр баян орнууд бараа бүтээгдэхүүнээ хөгжиж буй Монгол шиг оронлуу чөлөөтэй оруулна.Харин бид эсэргээрээ хөдөө аж ахуйн бараагаа баян орнуудад чөлөөтэй гаргана.

Энэ хоёр үр дүн хоёулаа Монголд ашиггүй. Яагаад гэдгийг дор дурдъя.

Нэг. “Дороо алхах тушаал”

Дэлхий нийтээр хөгжлийн Модернизац буюу дэвшилд хүрэх үйлдвэрлэлийн салбартаа уул уурхай, хөдөө аж ахуйг оруулдаггүй.Учир нь энэ хоёр бол мэдлэг шингэсэн жинхэнэ үйлдвэрлэлийн салбар биш бөгөөд нэг нь байгалд байгаа зүйлийг ухаж гаргах өндөр технологи, нөгөөх нь байгалийн бэлэн бүтээлийг гадаадад гаргах экспорт.Мэдээж хоёулаа Монголын зах зээлд хамгийн өндөр хувь эзэлдэг болхоор бидэнд бол чухал салбарууд.Гэвч бид импортын татвараа 5-10 хувь болговол ирээдүйд цахилгаан бараа, авто машин гээд шинжлэх ухаанд суурилсан салбаруудад хөгжих найдвар үгүй болно.Хөгжиж буй орон гэдэг асман лам шиг цолтойгоо үүрд үлдэнэ. Мэдлэг шингэсэн эдийн засгийн бүтэцгүй бол ямарч боловсролгүй малчин, нинжа хэвээрээ үлдэнэ.

Хоёр. “Бизнесмен бус малчин хэвээр үлдэнэ...”

Бид социализмын 70 жилийн их өр буюу 10 тэрбум долларын 80 хувийг нүүдлийн аж ахуйд хийсэн. Энэ аж ахуй хөгжлийн гарц биш гэдэг нь практикаар нотлогдсон.Гэвч уг суурин дээрээ хөдөө аж ахуйг хөгжүүлж орчин үеийн фермер байгуулах төсөл хөтөлбөр олноор хэрэгжих боллоо.Энэ бол маш чухал.Гэтэл барууны орнууд хөгжиж буй орны хөдөө аж ахуйд маань боломж өгч байгаа энэ салбарын 50 хувь буюу цай, кофе, какаоны түүхий эд манайд байдаггүй.Гэтэл бид эндээ ухантсаар байтал NAMA батлагдвал хөдөө аж ахуйн салбарт биднээс түрүүлээд дайрахад бэлэн Бразил, Аргентин, Норвеги, Швеицар, Австрали гээд орнууд байгаа.Тэдний хамгийн гол сонирхож байгаа бүтээгдэхүүн бол улаан буудай, үхрийн мах, сүү зэрэг сэрүүн бүсэд үйлдвэрлэгддэг өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд.Хүсэн шунаж буй зах зээл нь Хятад.Учир нь Хятад орон хөгжихийн хэрээр гоймон, шөл, ногооноос илүү сүү, үхэрийн мах,улаан буудайн хэрэглээ улам өсөж байгаа.Хэдхэн жилийн өмнө дэлхийн хүн амын дундаж давхаргын 18 хувь Хятадад байсан бол өнөөдөр 20 хувь хүрлээ.Цаашид 2026 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 60 хувь зүүн өмнөд Азид төвлөрнө.Энэ тухай бүр тодорхой тоог залуу эдийн засаг ч Дөлгөөний орчуулсан “Хятадыг нэг цагт” номноос тодорхой уншиж болно.Тэгэхээр мөнгө хаана байна тэнд брэнд хувцас, үнэтэй машин, тансаг барилга, хамгийн гол нь үхэр, хониний мах, сүү сүүн бүтээгдэхүүн ноёлдог хуультай.Гэтэл Монгол орон энэ талбарт тулалдах тарга хүч байтугай тамир тэнхээ ч суугаагүй байна.

Гэтэл бидний хамгийн ихээр анхаарч, харилцах ёстой зах зээл бол ердөө Хятад. Гэхдээ Хятадтай бид шууд чөлөөт худалдаанд орвол манай 52 сая толгой мал нийт Хятадын 4 өдрийн л хэрэглээ. Тиймээс чөлөөт худалдааг шууд өмнөө тавихаасэхлээд бүтээгдэхүүнийхээ зогсолтгүй нийлүүлэх хэмжээ, чанар зэрэгт анхаарч, жинхэнэ барууны фермерийг дэмжиж эхлэх хэрэгтэй. Таван жил хариулаад 45кг татдаг Монгол хонь хавар гурван сард эхээсээ гараад намар 10 сард 100кг татдаг Австралийн суфали хоньтой хэзээч өрсөлдөж чадахгүй. За тэгээд үхэр бол манай ангус, лимузн гээд дэлхийн брэндэд бүрч дөхөхгүй.Тиймээс эхлээд хөл дээрээ зогсох хэрэгтэй.

Хэтэвчээ урлах биш бараагаа үйлдвэрлэх...

Хөгжихийн тулд худалдаагаа чөлөөл гэж сонгодог зөвлөмж бий.Тэгвэл тэр хөгжил гэж байгаа чинь юу юм бэ?Нэг удаагийн наймаанаас олох их ашиг уу?Ингэж хөлжсөн, хөгжсөн ах нар 1990 онд зөндөөл байлаа. Гэхдээ улс орон бахь байдгаараа. Одоо бол худлаа.Хөгжил гэдэг эцсийн эцэст илүү технилоги эзэмших л асуудал.Миний эцсийн дүгнэлт бол худалдаа либералчлагдах тусам технологи биш бараа цутгаж, үйлдвэрлэх биш хэрэглэх болно.Харин бид урт хугацаанд тамир тэнхээ сууж байгаад зах зээлээ либералчлахын тулд чөлөөт гэх нэртэй харгис ертөнцөд тэсэж үлдэх бараатай байх ёстой.Бараагаа үйлдвэрлэхийн тулд гадны хүчирхэг үйлдвэрээс хэсэг хугацаанд дотоод зах зээлээ хамгаалхаас өөр сонголтгүй.Мэдээж чөлөөт худалдаа чухал гэхдээ урт хугацаандаа.Аливаа зүйлийн доц таарах ёстой.

 

Буянаагийн Ган-Очир