Чингис одоо хаан биш

Чингис одоо архи болсон

Чингисээ уугаад

Цээжээ дэлдээд ярих болсон.... гэх дуу гэнэт аялагдав. Хар, шар, морьтой, явган зэргээр идээний дээж архины лонхонд их хааны маань “хөрөг” залраад нэлээд удчихжээ. Цааш бодъё. Чингистэй холбоотой өөр юу байдаг билээ... “Чингис хот”, “Чингис хааны” дэлхийн академи, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон, “Чингисийн талбай”, Чингис хааны нэрэмжит сургууль, “Чингис хаан” хамтлаг, “Чингис хаан” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, “Чингис хаан” жүдогийн тэмцээн, “Чингисийн цавчилт” тулааны өшиглөлт, “Чингис” бонд, “Чингисийн баатарууд” дуу... гэх мэт цааш хөвөрсөөр адаг сүүлд нь “Чингис хаан” үнсний сав болтлоо энэ эрхэм хүний нэр алдар монголчуудын брэнд болов оо. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг үгтэй.... Бид 30-40 хуваан мөнгө олдог.

Ардын уран зохиолч Т.Галсан найрагч нэгэнтээ “Хорьдугаар зууны сүүл үед Чингис нэртэй хүний нэрийг сольж гадаадын их дээд сургуульд явуулдаг, Тэмүжин нэртэй хүмүүст эд мөнгө, ажил төрөл олддоггүй тийм хэцүү үе байлаа” хэмээн хэлж байв. Их хааныхаа нэрээр архи тамхи нэрлэх нь байтугай хаан заяат хөвүүндээ ч өгөхөөс цээрлэдэг тийм их хүндэтгэл, бишрэл, айдастай үед амьдарч байсан хүмүүсээр бахархмаар ч юм шиг. Чөлөөт нийгэм, хүний эрх, эрх чөлөөтэй тайван замаар золгосон монголчууд харин өнөө үед дэлхийн талыг эзэгнэж, бөмбөрцөгийг морин хуур, ухаан хүч, тахир сэлмээрээ цочроож явсан энэ түүхэн хүнийг хэтэрхий их магтаж, омогшдог болчихож. Чингисээр бизнес хийж тэрчлэн түүний хөргийг мөнгөн дэвсгэрт дээр хэвлэх боллоо. Энэ бол бахархал, их хүндлэл. Энэ бол үл бахархал, үл хүндлэл, үгүйсгэл.

Бахархахад учир бий. Улс орон, нийгэм, ард иргэдэд нийтэд нь хамааралтай бөгөөд олон улсад Монголыг төлөөлсөн цөөн хэдэн, чухаг асуудалд л Чингис гэсэн нэрийг ашигламаар санагддаг. Тэрнээс биш архи, тамхи, зочид буудал зэрэгхэнд ертөнцийг байлдан дагуулж, Монгол үндэстэнг тунхагласан энэ эрхэм нэр алдрыг ашиглаж, ёсгүй зан гаргамааргүйсан. Би бодохдоо....монголчууд төрийн сүлд минь ивээ гээд л цай сүүнийхээ дээжийг уул хангай, тэнгэр бурхан, аав ээж, үр хүүхдийн хойноос өргөдөг. Түүн шигээ Чингис хаан минь өршөө... хэмээн боддог бол энэ бахархал гэж.

Аав ээжийн сахиус, бурхан багш, будда, христ минь гэж залбирч, итгэдэг, шүтэж залбирдаг шигээ “ЭЭ ИХ ХААН МИНЬ, ХӨХ ТЭНГЭРИЙН ЭЛЧ МИНЬ” гэж шүтдэг бол ажил үйлс нь бүтнэ. Миний аав ээжийн, эмээ өвөө, өвөг дээдсийн минь үе удмаараа тахиж шүтэж ирсэн тэр онгон зэрлэг уул тал, тэнгэр газрыг найман зуун жилийн өмнө ЭЗЭН ЧИНГИС хаан энэ хэвээр нь байлдан дагуулж, эзлэн захирч, хайрлан хамгаалж авч үлдсэн гэдгийг санах хэрэгтэй.

Тэр хайр, нигүүлсэл, ариусал, хүндэтгэл мөн. Тэр шүтлэг мөн. Тэрнээс биш хэн дуртай нь Чингисийн зурагтай цамц өмсөж, Чингис нэртэй хотод амьдарч, чингис нэртэй архи ууж, тамхи татаж, Чингис нэртэй буудалд хонож, Чингисийн зурагтай мөнгө тоолох нь омогшил, бардамнал, бахархал биш. Хүн чөлөөтэй сэтгэж, дуртай зүйлээ эдлэж хэрэглэж бололгүй яахав, ямар хорьчихсон биш. Гэхдээ монголчуудын төдийгүй дэлхийн бахархал болсон их хаанаа үнсний саванд тамхиныхаа үнсийг шүлстэйгээ хаях нь жинхэнэ гутамшиг. Түүх рүүгээ, бахархал руугаа нулимж буй жигшүүрт үйлдэл юм. Монголчууд үнсний сав үйлдвэрлэчихдэг юм чинь бид яагаад болохгүй гэж гээд хятадууд “Чингис хаан”-ы хөрөг бүхий ОО –ийн цаас, хогийн сав, шалны таар, модон чихэр үйлдвэрлээд бидэнд нийлүүлвэл бидний бахархал гээд ичих ч үгүй аваад хэрэглэх үү, бид.

 

Юм хэмжээнээс хэтрэхээр утгаа алддаг гэдгийг эзэн хааны “нэрэмжит” үнсний сав тод харууллаа. Одоо болно. “Бахархал аа идсэн, түүх рүүгээ нулимсан ард түмэн л доройтолд орж, ядуу зүдүү амьдардаг” гэж Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай нэгэнтэй өгүүлсэн нь юутай үнэн бэ... Үсний сав, түлхүүрийн оосорноос доош уруудаж хөнжлийн даавуу, хөхний даруулганд хэвлэгдэхээ дөхсөн “ХААН ЧИНГИС” чинь хаанаас төрсөнийг санахтун...

Зоригтын Батхуяг

 

http://www.newscom.mn