Би аймгийнхаа төв ороогүй нэлээд удсан хүн л дээ. Орсон ч хальт дайраад гарна. Аав, ээж рүүгээ явах ч юм уу ер нь тэнд тухтай удах шалтгаан төдийлөн гардаггүй. Харин би саяхан нэлээд удаан хугацаагаар аймгийнхаа төвд хэд хонолоо. Энд 10 жилийн сургуулиа төгссөн болохоор бага насны минь гэгээн сайхан дурсамжууд, анхны амжилт, анхны ажил, анхны гэрээ барьсан буурь гэх мэт анхны гэсэн бүхэн минь энд байдаг юм. Ус нь тунгалаг, уул нь сүрлэг, хүмүүс нь сайхан сэтгэлтэй, найрсаг, хөдөлмөрч ийм л хүмүүс энэ нутагт амьдардаг.

Гэрийн мухар сахих хэцүү уйтгартай болохоор гадагшаа гарч хуучны танил хүмүүстэйгээ уулзаж мэнд мэдэж, хууч хөөрөх санаатай гадуур явлаа. Би энд байхдаа төрийн албанд ажиллаж байсан болохоор төрийн албанд танидаг хүмүүс цөөнгүй бий л дээ.

Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар надаас “нэг л жийрхээд байх шиг” санагдаад уг нь хэн хэндээ гэм хийгээгүй л юмсан гэх бодол төрнө. Нэг танилтайгаа өрөөнд нь хоёулахнаа сууж уулзах завшаан тохиолоо. Аймаг орон нутгийн удирдлагын ажил нэг л тааруухан байна. Иргэдийн орлого, амжиргаа их доогуур түвшинд хүрлээ. Зарим нэг хүнийг баяжсаныг нь гайхсан хүмүүс их болж гээд л яриа өдөх санаатай хэдэн үг хэлэв.

Гэтэл өнөөх чинь давхийн цочих шиг болсноо /миний хажууд ойрхон байсан бол миний амыг гараараа таглах байсан байх/

-Хаалгаа сайн татаж хаасан юм уу? Хана хүртэл чихтэй болсон цаг иймэрхүү юм ярьвал бидэн шиг хүмүүс чинь ажилгүй болно шүү дээ. Урдын цаг шиг чөлөөтэй ярьж, шүүмжилж болохоо байсан цаг шүү гэж надад их л айсан шинжтэй, нухацтай анхаарууллаа. Ийм үг сонссоны дараа би найзаасаа өөрийн эрхгүй жийрхээд явчихлаа шүү.

Үгүй нээрээ амьдрах гэж ядаж яваа элдэв гэм хоргүй, мөрөөрөө муу найзыгаа ажилгүй болгочих ч юм билүү. Аягүй бол найзыг маань “хүн” муу хэлсэн гэж амьтны хов “хэн нэгэн”-д хүрвэл яана гэсэн бодол толгойд эргэлдээд эхнэр хүүхэд гэсгээд яриагаа дуусгаж бушуухан гарч явж билээ.

Нүүр тулж уулзаад ярилцах битгий хэл интэрнэт орчинд хүртэл зарим хүмүүст таалагдахгүй үйлдэл хийж, бичиж, нийтэлж болохоо байсан гэнэ. Like дарж, санал бодлоо Рost-лохдоо хүртэл болгоомжтой байхгүй бол болохоо байсан гэдэг яриа чих дэлслээ. Ямар коммунист оронд байгаабиш дээ.

Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, удирдагчдаа шүүмжлэх, хардах, эргэлзэх зэрэг бол угаасаа хүнд олгогдсон заяамал эрх юм шүү дээ. Тэглээ гээд иргэн хүн хохирох учиргүй. Хэрвээ ямар нэгэн байдалаар хохирч байвал тэр улс орон Ардчилсан, эрх чөлөөт улс биш болж таарна. Ардчилсан улсад ард иргэд нь дарга нартаа таалагдах албагүй, харин дарга нар нь ард түмэндээ таалагдаж байх ёстой. Таалагдахгүй бол сонгуулиар солиод хаячихдаг.

Facebook орчинд нэг ийм POST маш их LIKE-тай байсан.“Улс төрч, живх хоёр их адилхан. Тэднийг бохирдонгуут нь сольж бай” гэсэн Post л доо. Ер нь улс төрийн шинжлэх ухаанд үзэхдээ хүн нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол тэр эрх мэдлээ их удаан барих сонирхолтой байдаг гэж үздэг. Дарангуйлалыг бий болгохгүйн тулд удирдагчдыг богино хугацаанд сольж байх ёстой. Тиймээс манай улсын хуулинд улс төрийн албан тушаалыг дээд тал нь 8 жил тасралтгүй хаших боломжтой байхаар хуульчилсан байдаг.

Дарангуйлал-Ардчилал хоёр бол эсрэг тэсрэг хоёр зүйл. Өөрөөр хэлбэл Дарангуйлалын эсрэг туйл нь Ардчилал юм. Ардчилал бол эрх мэдэл доод шатнаасаа дээшээ явна. Энд удирдагч гэж байхгүй харин хууль тогтоогч гэж байна. Ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний сайн сайхны төлөө үйлчилж чадсан “Нэр дэвшигч” нийтээрээ дагаж мөрдөх ард түмний эрх ашигт нийцсэн хууль тогтоох эрхийг авдаг.

Засаглал үр ашигтай байна гэдэг нь ард түмэндээ өгөөжтэй байна гэсэн үг юм. Үр ашиг өгөөж гэдгийг бэлэн мөнгө тараах гэдгээр ойлгож хэрхэвч болохгүй. Жишээ нь: Хүмүүсийн дунд албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд идэж уулаа, хууль бусаар хөрөнгөжлөө гэсэн яриа бишгүйдээ нэг байдаг. Бид эдгээр хүмүүст дэндүү их эрх мэдэл өгсөн болохоор үр ашгийг нь цөөхөн хүмүүс хүртчихээд байгаа хэрэг. Ард түмэнд ирэх өгөөж, ашиг алга болчихоод байгаа нь нэг талаас эрх мэдэлтнүүдийн буруу боловч нөгөө талаас сонгогч түмний буруу юм.

Нэг хэсэг хүмүүст “бидний өмнөөс асуудлыг минь шийд” гээд эрх мэдэл өгчихсөн биш нөгөөдүүлийгээ гэмт хэрэгтэн /хууль бусаар баяжигсад/ болгочихдог. Тэгээд тэд нарыгаа шийтгэх биш байх биш болчихдог. Ягаад гэвэл тэр идэж уух таатай, нөхцөлийг нь хангаж өгсөнөөрөө сонгогч түмэн өөрсдөө бас буруутай. Ахиад өөр хүн сонгохоор өнөөх нь бас идэж уугаад итгэл алддаг. Ард түмэн өөрсдөө болохоор ядуу хэвээрээ хоёр нарны хооронд зээлнээс зээлэнд, цалингаас цалинд, хоёр идэхгүй хоосон хонохгүй болж байнаа гэж гомдолтойгоор толгой сэгсрээд гүйгээд байдаг.

“Асуудал тодорхой” өөрчлөх хэрэгтэй зүйлийг өөрчлөх хэрэгтэй.Эрх мэдэлтэй хэсгийгээ гэмт хэрэгтэн болгоод ард иргэд нь өөрсдөө болохоор ядуураад байдаг ийм байдалаа өөрчлөх шийдэл байгаа маш олон янзын шийдэл.

Иргэд Ардчилсан намыг олон удаа дэмжсэн 2008 онд, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, 2012 онд дараа нь 2013 оны сонгуульд бүх сонгуульд иргэд Ардчилсан намын төлөө саналаа өгсөн. Иргэд өөрийнхөө санал өгч сонгосон даргаасаа айх ёстой юу? Харин миний сонгосон төлөөлөгчид маань бидний амьдарлын сайн сайханы төлөө юу хийв? гэдгийг одоо асуух цаг болжээ. Таны амьдрал сайжирсан уу? Орлого, цалин нэмэгдсэн үү? Ажлын байр бий болсон уу? Ард түмний татварын мөнгө юунд зарцуулагдав? Хэр өгөөжтэй зүйлд зарцуулав? Хамгийн чухал нь сонгуульд амлаж байсан амлалтуудаа биелүүлсэн үү? гэдэг асуултуудыг ард түмэн дарга нараас сайн асуух учиртай.

Монгол улс коммунист улс байхад дарангуйлал байсан гэж ярьдаг би хүүхэд байсан болохоор тэр дарангуйлалыг мэдрээгүй өнгөрсөн нь “АЗ” гэхдээ Ардчилалд шилжээд 25 жил болсоны дараа дарангуй нийгэмд амьдарч байгаа юм шиг “АЙДАС”тай хүн манай нутагт олон байх юм. Хүн төрөлхтөнд олгогдсон жам ёсны буюу энэ хорвоод төрөхөд нь хамт ирсэн заяагдмал эрх, эрх чөлөө бол “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч байх, аливаад шүүмжлэлтэй хандах, сонгох сонгогдох, аливаа дарамт шахалтнаас ангид ажиллаж, хөдөлмөрлөх бүрэн эрх” юм.

Үнэндээ орон нутагт ажлын байр алга. Уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орсноос болоод иргэдийн амьдрал бүүр шалдаа буучихсан байна. Ганц найдвартай ажил нь төрийн алба гэтэл элдэв шалдав юм ярьж байгаад ажилгүй болчихвол ямар сайн байхав дээ. Амьдрал нь улам л доройтно. Нөгөөтэйгүүр орон нутагт эрх мэдлийн төвлөрөл дэндүү хүчтэй байна. Ганцхан дарга тухайн аймгийн төрийн болон төсөвт байгууллагыг бүрэн хянаж болохуйц тийм аймшигтай эрх мэдлийн төвлөрөл үүссэн байна.

Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд зоригтой байх хэрэгтэй бас нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дарангуйлал “улам томрох” болно. Ер нь хүмүүсийн ихэнх нь аливаа зүйлийг өөрчилж чадахгүй гэж боддог. Би, та, бид бүгдээрээ нийлээд ард түмэн болдог. Ард түмэн өөрчлөхийг хүсвэл тэдний хүссэнээр юмс өөрчдөгдөж байх ёстой. Яагаад гэвэл монгол улс бол Ардчилсан улс.

Эх сурвалж: Bolod.mn

Д.Ганболд