Энэ сарын 1-ний өдөр ЗГХЭГ-аас Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авахаар АТГ-т хандсан билээ.

Тус газрын дарга Н.Ганболд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 01/1043 дугаартай албан тоот бичгээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаягласан хариу бичгийг ирүүлжээ. Уг бичигт ”Нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна” гэсэн байгаа.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ хуулийн заалтаар бол Н. Энхбаяр ирэх есдүгээр сараас нааш ямар нэгэн албан тушаалд томилогдохгүй, УИХ-д нэр дэвшихгүй, жагсаалтаар УИХ-д орж ирэх эрх нь хаалттай байгаа юм. Мөн АТГ-аас ЗГХЭГ-т ирүүлсэн хариу бичигт

Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1,3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.

Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн албан тушаалд томилохыг хориглосон байна.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна” гэжээ.

Харин Н. Энхбаярын хувьд ялын хугацаа аль эрт дууссан. Өршөөлийн хуульд хамрагдсан. Иймээс ялын хугацаа хэрэгсэхгүй болсон учир нам, олон нийтийн байгууллагыг удирдах, санхүүжилт босгох, албан тушаалд томилогдох эрх нээлттэй болсон. Иймээс АТГ-аас ирүүлсэн магадлагаа хууль бус. Ялтай эсэхээ шийдүүлэхээр дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гээд шат шатны байгууллагад хандана гэсэн байр суурьтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Б.Мөнхөө

newscom.mn