Олон улсын санхүүгийн үнэлгээний "Мoody’s" агентлаг өнгөрсөн есдүгээр сард манай улсын зээлийн хүүг В2-оос В3 болгон бууруулж "Ирж буй 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай.

Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэнэ. Гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байна” гэж тайлбарласан юм. Үнэлгээний байгууллагууд улс орны нөхцөл байдал өөрчлөгдөх үед дахин үнэлгээ хийж, зэрэглэлээ шинэчилдэг жишигтэй.

Гэтэл өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгачихлаа. Тус байгууллагынхан энэ сарын 16-ны өдөр Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнээд зээлжих зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасан аж. Энэ үнэлгээг дэлхийн үнэлгээний зах зээл дээр монополь байр суурьтай гурван байгууллагын нэг "Мoody's" гаргасан гэдгийг онцолъя. Нөгөө хоёр нь Standard&Poor's, FitchRat­ings. Энэ гурвын үнэлгээ ерөнхийдөө ижил түвшинд гардаг. С зэрэглэлийн үнэлгээ нь доод ангилалдаа ордог. "Мoody’s"-ийн ААА үнэлгээг хөрөнгө оруулахад сайн гэж үзэх бөгөөд ВВВ-г боломжийн улсад өгдөг үнэлгээ гээд ойлгочихож болно. BBB, BB гээд уруудаж явсаар B1 бол ерөнхийдөө муудаж байна гэсэн үг. Биднийг үнэлээд буй Caa1 үнэлгээг энгийнээр эрсдэлтэй хэмээн ойлгож болно. Уг үнэлгээнээс доошилбол санхүүгийн чадамжгүй, сэргэх магадлал бага бүр сэргэх магадлал туйлын бага зэрэглэлд орж, хөрөнгө оруулагчдаа бүрэн алдана гээд үнэлчихэд хэтрүүлсэн болохгүй.

"Мoody's" гадаадын хөрөнгө оруулалтын сонирхлыг хамгаалж, урьдчилан анхааруулга өгөх үүрэгтэй ажилладаг олон улсын байгууллага. Зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний байгууллагууд зэрэглэл тогтоохдоо олон шалгуур үзүүлэлтийг хардаг бөгөөд тэр дундаа эрсдэлийн үнэлгээг маш нарийн явуулдаг юм. Нөхцөл байдлыг ихэвчлэн хамгийн муу тохиолдолд гэсэн байр сууринаас авч үздэг. Үнэлгээг улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл, санхүүгийн эрсдэл гэсэн ерөнхий чигийг барьж тогтоодог. Ерөнхийдөө найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болоод зах зээлд мэдээлдэг юм. Энэ судалгаагаар гарсан зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл багасдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдаа татахын тулд улсын зэрэглэлийг өндөр байлгах нь чухал. Учир нь компани, санхүүгийн байгууллага, банк хичнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынх нь зэрэглэл муу бол хөрөнгө босгох магадлал эрс буурдаг. Энэ утгаараа зээлжих зэрэглэл сул байх тусам улсын эдийн засаг унадаг эрсдэлтэй.

Хэдхэн жилийн өмнө зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог “Standard & Poor’s” B+, “Moody’s” манай улсад B1 гэсэн үнэлгээ өгч хөрөнгө оруулагчдад мөнгө зээлж болно хэмээж байлаа. Харин одоо эдэнд мөнгөө өгч болохгүй гэх анхааруулга гаргачихлаа. Цаашлаад Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулагчдын мөнгө буюу долларын урсгал хаагдах эрсдэл өндөр гэж судлаачид сануулж байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг дурдъя. МАН эрх барьснаас хойш Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар “Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг давлаа. Гадаад худалдаа өмнөх оноос 13 хувиар буурч, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилт хасах баланстай байна” хэмээн сөрөг мэдээлэл цацаж эхэлсэн. Энэ мэдээллийг сонссон хөрөнгө оруулагчдад эмээлт, эргэлзээ үүссэн юм. Мэдээж хэн ч Монголбанк, Сангийн яамнаас нь эдийн засаг сайнгүйгээс мэдээлэл хийгээд байхад итгэл үзүүлж хөрөнгө оруулахгүй. Үүнээс үүдэн “Moody’s” үнэлгээний байгууллага Монгол Улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас, дахин үнэлгээ хийх хэрэгтэй хэмээн үзжээ. Үнэлгээгээр Монгол Улсын зээлжилтийн зэрэглэлийг дахин нэг шат буулгасан байна. Монголчууд эртнээсээ гадаа гараад амаа, гэрт ороод галаа хэмээн хэлцсээр ирсэн ард түмэн. Ийн эрх баригчид амнаасаа болж хөрөнгө оруулагчдын монголчуудад итгэх итгэлийг сулруулж, зээлжих зэрэглэлийг буурууллаа.

Эрх хүүхэд шиг гоншигонож байж эх орныхоо зээлжих зэрэглэлийг буулгасны дараа Засгийн газраас Монголбанктай хамтран энэ шийдвэрийг бодит бус гэж үзэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл хүртэл гаргаж тэс хөндлөнтөв. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурна. УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд тус сангийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” хэмээжээ.

Гоншигонож гомдоллож байхынхаа оронд аль эрт мэдэгдэл гаргасан бол эх орны маань зээлжих зэрэглэл буурахгүй байх байлаа.