Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 152 байгаа нь 34 хэргээр буюу 18.3 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 1155 байгаа нь 263 хэргээр буюу 18.5 хувиар, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 153 байгаа нь 12 хэргээр буюу 7.3 хувиар, танхайрах гэмт хэрэг 541 байгаа нь 82 хэргээр буюу 13.2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 634 байгаа нь 116 хэргээр буюу 15.5 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан нь эерэг үзүүлэлт юм.   

Харин хүчингийн хэрэг болон хар тамхитай холбоотой хэргүүд нэмэгдсэн байна.

 

Тэгвэл гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан байна. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан байна.

 

Өнгөрсөн онтой харьцуулахад дээд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 0.7 хувиар, бүрэн дунд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 1.4 хувиар тус тус өссөн нь анхаарал татаж байна.    

Онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн тоо 12.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал 2015 онд онц хүнд гэмт хэрэг 296 бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 334 үйлдэгджээ.

2016 онд нийт 6566 хүн ял шийтгүүлснээс 5114 хүн хорих ялаар шийтгүүлжээ. Бусад нь албадан ажил хийлгэх, торгуулах, баривчлах ялаар шийтгүүлсэн байна.

2016 онд гэмт хэргийн улмаас 526 хүн амь насаараа хохирсон  байна.

Хэдийгээр эрүүгийн гэмт хэргийн тоо буурч байгаа ч хүчин болон хар тамхитай холбоотой хэргүүдийн  тоо өссөн нь  үндэсний хэмжээнд анхаарах хэрэгтэйг анхааруулсан тоон үзүүлэлт юм.