ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Америкийн “Эппл” компани мягмар гарагт ээлжит шинэ бүтээгдэхүүн болох “Айфон X” ухаалаг гар утсаа танилцуулан ухаалаг гар утасны  салбарт бас нэгэн тэсрэлт хийлээ гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. “Айфон” гар утсыг анх худалдаанд гаргасны 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холботойгоор тус компани шинэ бүтээгдэхүүнээ “Айфон X” гэж нэрлэжээ. Энэ гар утас 1000 ам.долларын үнэтэй. 

 

“Эппл” компанийн захирал Тим Күүк шинэ бүтээгдэхүүнээ тус компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс агсны нэрэмжит театрт танилцуулжээ. С.Жобс одоогоос 10 жилийн өмнө “Айфон”-ы анхны загварыг дэлхий нийтэд танилцуулж байсан юм.

 

“Айфон”-ы анхны загварыг танилцуулснаас 10 жилийн дараа би өнөөдөр энд ухаалаг гар утасны дараагийн 10 жилийн зам мөрийг тодорхойлох шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна гэж ноён Т.Күүк хэлжээ.

 

“Эппл” компани 2007 онд “Айфон”-ы анхны загварыг гаргаснаасаа хойш 1.2 тэрбум гаруй ширхэг “Айфон” борлуулаад байна.

 

Хэдэн арван тэрбум доллароор хэмжигддэг ухаалаг гар утасны салбарт “Эппл” компанийн эзлэх байр суурийг нь “Айфон X” сэргээж, дээшлүүлж чадна гэж тус компани найдаж байна.

 

64 ГБ болон 256 ГБ багтаамжтай “Айфон X”-ын урьдчилсан захиалгууд ирэх сарын 27-ноос гарч эхлэх бол 11 дүгээр сарын 3-наас эдгээр  гар утас худалдаанд гарах ажээ.

 

“Айфон X”-ын онцлогууд

 

Дэлгэц

 

“Эппл” компани анх удаагаа OLED буюу "Органик гэрэл ялгаруулах диод” дэлгэцтэй, дүрсний нягтрал гойд сайн “Айфон” гаргалаа. Дэлгэцний хэмжээ 5.8 инч, 458 цэгийн нягтаршилтай, өнгөний харьцаа нь 1,000,000:1 гэнэ. Мөн орчны гэрэлтүүлгээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг “True Tone” хэмээх дэлгэцний технологийг “Айфон X”-д нэвтрүүлжээ.

 

 

No Home Button буюу үндсэн товчлуургүй

 

“Эппл” компани шинэ бүтээгдэхүүнээ үндсэн товчлуургүйгээр хийнэ гэсэн шинжээчдийн таамаг биелжээ.  Тус компан товчлуурын оронд хөдөлгөөн мэдрэх систем суурилуулсан байна.

 

 

Хийц

 

“Эппл” компани шинэ бүтээгдэхүүнээ бат бөх, зурагддаггүй шил болон зэвэрдэггүй гангаар хийжээ. Шинэ бүтээгдэхүүн нь хар ба цагаан саарал өнгөтэй бөгөөд зэвэрдэггүй ганг утасны өнгөнд тохируулан өнгөлжээ.

 

Нүүр таних систем

 

“Айфон X” нь нүүр таних системтэйгээрээ өмнөх загваруудаас ялгарч байна. Гар утас эзэмшигчийн нүүрийг шуудхан таних найман өөр төрлийн камер болон мэдрэгчийг нэгтгэсэн “True Depth” хэмээх камерын системтэйгээрээ “Айфон X” онцлогтой гэнэ. Хамгийн чухал нь нүдний шил зүүж, үсний өнгөө өөрчилж, сахал ургуулсан ч “Айфон X” эзнээ таних ажээ.

 

 

 

Амьд эниможи

 

“Айфон X”-аар дээр дурдсан “True Depth” хэмээх камерын системийн тусламжтайгаар та “Амьд эниможи” хэмээх хөгжилтэй "тоглоом" тоглох боломжтой. “Айфон X” нь олон төрлийн хөдөлдөг эниможитой бөгөөд таны нүүрний хувирал болон хөдөлгөөнийг шууд боловсруулж, эможи дүрсийг амилуулдагг ажээ.

 

 

Камер

 

“Айфон X”-ын хоёр камер нь хоёулаа оптик дүрс тогтворжуулагчтай гэдгээрээ өмнөх загваруудаасаа ялгарч байна. “Айфон X” нь нүүрний болон арын камер хоёулаа оптик дүрс тогтворжуулагчтай хоёр дахь ухаалаг гар утас болж байна.

 

УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ

 

“Эппл” компани анх удаагаа ухаалаг гар утсандаа утасгүй цэнэглэгч “Ци” /Qi/ стандартын технологийг нэвтрүүлжээ.

 

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ агентлаг