Улиран одсон хуучин оны сүүлийн өдрүүдэд нутаг орон, албан байгууллагаараа шинэ жилээ тэмдэглэцгээн, газар сайгүй дуу хуур, хөөр баяслаар бялхаж байсан билээ. Үүний нэг тод жишээ нь, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Залуучуудын Холбооны шинэ жил болсон юм.  Анх удаа тус аймгийн бүх сумдын залуусын төлөөлөл оролцон, 350 гаруй нутаг нэгтнүүд хуран цугларсан өргөн хүрээтэй баяраа тэмдэглэцгээлээ.

Тус шинэ жилийн үдэшлэг дээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан, салбартаа манлайлсан залуусаа алдаршуулж шилдгээр шалгаруулсан билээ.   Энэ үеэр Спортын салбарын шилдэг залуугаар тодорсон Баян-Овоо сумын уугуул, Жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгт Баянхонгор аймгийн МСУХ-ны тэргүүн, Жийп сервис ХХК-ийн захирал  Д.МөнхЭрдэнэ хувиасаа 3 сая төгрөг бэлэглэхээ амласан ба тэрхүү бэлгээ өчигдөр гардуулсан нь  нутгийн залуусаа дэмжинэ гэсэн амлалтаа биелүүлж чаддаг чансаатай бизнесмен болохыг нь харуулж байв.

  Асар их сэтгэлийн дэм, урам зориг хайрласан нутгийн ахынхаа бэлгийн хариуд дэлхийн аварга бүсгүй маань баярласан талархсанаа илэрхийлэн, цаашид улам их амжилт гарган, нутгийн залуусаа эвлэлдэн нэгдэж, их зүйл бүтээн байгуулах үйлсэд уриалан дуудсан юм.

Дашрамд дурдахад, Жийп сервис ХХК-ийн захирал  Д.МөнхЭрдэнэ нь Хонгор нутагтаа чиглэсэн олон ажлууд хийж байгаа бөгөөд зүүн зүгийн хурдан удмын угшилтай адуунуудаас аймгийнхаа бүх сумдын багуудад бэлэглэсэн нь нутгийнхаа малчид уяачдыг дэмжин ажилладгийн тод жишээ юм. Тэрээр зарим нэгэн улс төрчид, бизнесменүүд шиг зөвхөн сонгуулийн шоу маягаар ажиллалгүй, ямар ч цаг үед нутгийн залуусаа дэмждэг нь түүнийг чадалтай, зангарагтай хүн гэдгийг баталж байна.

 Ингээд, Д.МөнхЭрдэнэ захирал шиг нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай, нутгийн залуусаа дан ганц улс төрийн зорилгоор бус,  хүн хэмээх эрхэм нандин сэтгэлийн улмаас дэмжин тусалж, хамтран ажилладаг хүмүүс ихээр нэмэгдэх болтугай гэсэн гэгээн ерөөлийг шинэ оны эхэнд дэвшүүлнэм.

Д.Мигаа