Мөнгө хүүлэлт буюу өдрийн зээлийг хуулиар хориглохоор боллоо. Хуулийн нэр нь “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлтэй тэмцэх тухай” бөгөөд хуулийн төсөл өргөн баригдаад байна. Банкны хүүгийн дээд хязгаарыг тогтоох замаар мөнгө хүүлэлтийг хориглох юм.

Өнөөдөр банк болон банк бус санхүүгийн байгууллага, мөнгө хүүлэгчид Монголд хамгийн ашигтай ажиллаж байна. Тодруулбал банкуудын

  • Автомашин барьцаалсан зээлийг бодит өртгөөр нь тооцоход 47,5 хувьтай байна.
  • 100 сая төгрөг хүртэлх дүнтэй бичил бизнесийн төгрөгийн зээл 20-36 хувьтай, дундаж нь 28 %, ам долларын зээл 18-21,6 хувьтай, дундаж нь 19,8 % байна.
  • 2-10 сая төгрөгийн хэмжээтэй хөдөө аж ахуйн зээлийн бодит өртөг 19,9-32,2 хувьтай, дундаж нь 26 % байна.
  • Өрхийн хэрэглээний зээлийн зарласан хүү 21.6-31.2 хувьтай, дундаж нь 26% байна.
  • Цалингийн зээлийн үндсэндээ 21-29,6 хувьтай дундаж нь 25,3 % байна.
  • Сургалтын зээлийн хүү 5-41,9 хувьтай, дундаж нь 23,4 % байна.
  • Орон сууц, хашаа байшин барьцаалсан зээл үндсэндээ 20-26 хувьтай, дундаж нь 23 % байна.
  • Шинэ машин худалдан авах зээлийн хүү үндсэндээ 24-29 хувьтай, дундаж нь 26,5 % байна.
  • Тэтгэврийн зээлийн хүү 18 хувьтай байна.

Энэхүү өндөр зээлийн хүү нь банкууд том жижиггүй өндөр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж байна. Эдийн засагчдын тооцоолсноор банкууд 82-оос дээш хувийн ашигтай ажиллажээ.

Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү жилийн 41 хувь, ломбардын гар утас барьцаалсан зээлийн хүү 7-10 хоногт 7-8 хувь, байр, машин газар барьцаалсан зээлийн сарын хүү 3.0-3.5 хувь байна. Тэр ч байтгуай өдрийн, хоногийн гэх мэт 10 хувийн хүүтэй зээл бий болсон, түүнийг авахаас гарцаагүй байдалд худалдаачид ордог, түүндээ дарамтлуулж, амьдралаараа хохироход хүрч байгаа тохиолдол олон арваараа бүртгэгджээ. Эдгээр мөнгө зээлдүүлэгчдын зээлийн эх үүсвэрийг цөөн хэдэн хүний мөнгө хүүлэх бизнесээс олж байгаа монопол ашиг, түүнээс үүдэлтэй хэт их хуримтлал, гадаадаас мөнгө хүүлэх зориулалтаар оруулж ирсэн валютын хадгаламж болон хөрөнгө оруулалт үндсэнд нь бүрдүүлж байна. Тиймээс хүүгийн дээд хязгаарыг тогтоох замаар мөнгө хүүлэлтийг зохицуулж байгаа аж. Яг ийм жишиг олон улсад байдаг. Тухайлбал,

  • Япон улс 1954 онд мөнгө хүүлэлтийн тухай хууль гаргаж, зээлийн хүү 20 хувиас дээш байвал мөнгө хүүлэлт гэж үзжээ. АНУ-д зээлийн хүүгийн дээд хязгаарыг муж болгоноор ялгаатай тогтоосон байна. Жишээ нь Арканзас муж улсад хэрэглэгчид олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг 17 хувиар тогтоосон бол Колорадо мужид энэ хязгаар 12 хувьтай байна.
  • Манай хөрш ОХУ, БНХАУ –д санхүүгйин салбарын гол тоглогч нь төрийн банкууд бөгөөд зээлийн хүүг тэд тогтоож байна. Өөрөөр хэлбэл, төр шууд тогтоож байна гэж үзэж болно.
  • Дэлхий дээр 76 улс зээлийн хүүний дээд хязгаарыг зээлийн төрөл, хэмжээ, хугацаанаас хамааруулж ялгаатай тогтоосон байна. Үүнээс 28 улсад тогтмол нэрлэсэн хувь тогтоосон, 32 улсад харьцангуй буюу хүүгийн дундаж түвшин, суурь хүүгээс хамааруулан хувьсаж байхаар тогтоожээ Жишээ нь Франц улсад зээлийн төрлөөс хамааруулж хүүгийн дээд хязгаарыг 5,72 -21,63 хувиар тогтоожээ
  • Зээлийн хүүгийн дээд хязгаарыг /таазыг/ Итали, Португал, Мальта улсад парламент, Франц, Бельги, Польш , Грек, Испани улсад Төв банк нь, Болгар, Ирланд улсад Засгийн газар нь, Герман улсад шүүх, Унгар, Чех улсад шүүх зарим төрлийн хүүний тогтоож байна
  • Зарим оронд хүүгийн хязгаарыг заасан хууль, зарим оронд мөнгө хүүлэлтийн эсрэг хууль, зарим оронд эрүүгийн болон иргэний хуулиар зохицуулалт хийдэг байна. Ихэнхи орон зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон хэвээр байгаа нь энэ зохицуулалт үр дүнтэй байгааг харуулж байна

Мөнгө хүүлэлтийн эсрэг зээлийн хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төсөл бүтцийн хувьд 8 зүйлтэй, 23 заалттай боловсруулагдсан бөгөөд зохицуулах асуудлын онцлогыг илтгэсэн “зээлийн хүүгийн хязгаар”, “банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд “мөнгө хүүлэлт” зэрэг нэр томъёоллын тодорхойлолтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Зээлийн захын үнэ бүрдэлтэд төрийн зүгээс оролцох арга хэрэгслийн тухайд дэлхийн улс орнуудын туршлагыг харгалзан зээлийн хүүгийн тааз буюу дээд хязгаарыг хуульчлан тогтоох аргыг сонгож, хуулийн төсөлд тусгаж, ингэхдээ зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоосон байна. Тодруулбал уг хуулийн төслийн

4.1.1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн дээд хязгаар - жилийн 18 хувь;

4.1.2. Цалингийн зээлийн дээд хязгаар жилийн - 18 хувь;

4.1.3. Тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн - 12 хувь;

4.1.4. Бусад бүх төрлийн зээлийн дээд хязгаар – жилийн 24 хувь байна гэж заасан байна.

Мөн Зээлийн хүүг урьдчилж авах, зээл гаргасны шимтгэл, зээл сунгасны шимтгэл, бэлэн мөнгө гаргасны шимтгэл, бусад төрлийн шимтгэл авах, сөнгө хүүлэхийг хатуу хориглосон ба хуулийн хэрэгжилтэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм байна.

Хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах болно. Хэлэлцэх явцад хуулийн төсөлд өөрчлөлт орох магадлалтай бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.