ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу Бааварыг хорих ангийн байранд түлэгдэж, Түлэнхийн төвд эмчлүүлж буй. Өнөөдөр Ш.Батбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Бааварын ээж Б.Оргодол, ах Ш.Баярбат, эгч Ш.Ууганчимэг, Бааварын өмгөөлөгч Д.Ганбат, Л.Баттогтох нар оролцов.

Улсын онцгой обьектийн  хамгаалалт тун тааруу, галын дохиолол байхгүй, хэрэг гарах үеийн өрөөний камерийн бичлэг байхгүй, ажиллаагүй гэж хорих газрынхан мэдэгдэн хариуцлагагүй байгаад нь гомдолтой байна гэж Бааварын ар гэрийнхэн ярьжээ.

“Энэ сарын 23-нд хорих 461-р ангид Баавар шатсан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх газраас өөрийгөө шатаахыг завдсан гэсэн буруу мэдээлэл тараалаа. Үүнийг няцаахын тулд өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлаж байна. Батбаярын хувьд шийдвэр гүйцэтгэх ажлын буруу ажиллагаанаас болж эрүүл мэндээрээ хохирлоо. Яагаад цагдан хорив гэдэг асуулт гарч магадгүй. Батбаярын хэрэг анхан шатандаа явж байгаа. Баавар эхний шүүх хуралд хоцорч ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэрэгтэн мөрдөн байцаах явцад зугтахыг завдсан тохиолдолд цагдан хорино гэсэн заалтын дагуу хорьсон юм. Шүүх хурлыг энэ сарын 5-нд зарлаад цагдан хоригдсон. 20 хоног цагдан хоригдоод 25-нд шүүх хурал зарлах байсан. Өчигдрөөс Батбаярыг өөрийгөө шатаахыг завдсан гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгаа нь харамсалтай. Баавар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-ын 1 зүйл ангиар сэжиглэгдэж байгаа. Батбаярын шалгаж буй хэрэг нь түүнийг гэмт хэрэг онц хүнд гэмт хэрэг биш хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзнэ. Гэхдээ түүний хэргийг шүүх гэм буруутай нь тогтоовол нь ийм хэрэг гэж үзнэ. Энэ нь хамгийн дээд тал нь 2 жил хорих эсвэл тэнсэн харгалзах ял оноох зүйл анги” гэж Бааварын өмгөөлөгч М.Баттогтох мэдэгджээ. Энэ мэтчилэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа түүнийг камерт хорихдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн гэж мэдээлсэн юм.

Харин албаны эх сурвалжуудын мэдээлснээр Ш.Батбаярт эрүүгийн хуулийн 192,1 буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, хадгалсан гэх үндэслэлээр, 115 насанд хүрээгүй хүнийг согтуурах, мансууралд татан оруулсан, 180 буюу хар тамхи, мансууруулах бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх 3 зүйлчлэлээр шалгаж байгаа гэм мэдээлж байсан билээ. Харин Батбаярын өмгөөлөгч үйлчлүүлэгчээ эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлээр буюу нэг үндэслэлээр шалгагдаж байгаа гэж ярьжээ.

Өнөөдрийн хурлаар энэ мэт яриа болсон бөгөөд хамгийн гол нь хэрэгт шалгагдаж байгаа хүнд гав, дөнгө хэрхэн хэрэглэх, энэ нь хууль зөрчсөн гэж хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргаж байгаа юм. Одоогоор Баавар эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд ирсэн өдрөөс хойш өндийх тоолондоо ханиалгаж, ханиалгах болгонд маш их хар хөөтэй цэр гарч байгаа гэж түүнийг сахиж буй эгч нь ярьжээ

С.Отгон