Сайн сууж байна уу? Ээжээ. Хүү нь тань дээрээ очиж байна гэж урьд шөнө зүүдэлж сэрлээ. Нутгаа зорьж хөл алдан угтах ээж таньдаа үнсүүлэх мөчид сэтгэл минь дотогшоо өмөлзөн байж, аньсага минь далдуур норлоо гэж зүүдэнд минь та ирлээ.

Хүний хорвоод намайг тээж төрүүлсэн энэ сайхан өдөр ижий таныгаа санагалзан байж энэхүү захидлыг бичиж сууна. Харь холын Африк тивд үр чинь олон аавын хүүхдүүдтэй эх орныхоо даалгаварыг биелүүлэн эвтэй, найртай албаа хааж буйг ижий таньдаа дуулгахад сайхан байна. Цагаан сарыг бид хамтдаа сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.Таныхаа өгч явуулсан ааруулыг хадгалан байж тавгийн идээгээ чимээд, аавынхаа хөөргийг анд нартайгаа зөрүүлээд Африк тивд цагаан сар тэмдэглэсэн минь дурсамж болон үлдлээ. Хүүгийн чинь эргэн тойронд дүрэвсэн иргэдийн шилжилт, хөдөлгөөн, цэргийн баазын цуваа, халуун орны хүмүүсийн тавилан заяандаа эвлэрсэн зүдрүүхэн аж байдал, далдуй модонд багшрах гадил жимсээр хооллосон загасчний эгэл борогхон амьдрал үргэлжилсээр байна. Ийм л оронд хүү нь алба хааж байна даа. Хүү нь аавынхаа нутгаас авч ирсэн чулууг биенээсээ салгахгүй байгаа. Хүний нутагт хүйтэнд бүлээн, халуунд сэрүүн байдаг юм гэж өвгөдийн хэлсэн үг санагдаад байдаг юм. Эгэл жирийн мөртлөө эгэлгүй бахархам сайхан түүх намтар, үлгэр домог шиг дурсамж дүүрэн амьдарсан аавыгаа хүү нь санан дурссаар байна. Одоо эргээд эргэцүүлэхэд хийж байсан үйл, хэлж байсан үг бүр нь ухаарал, уярал бодрол нэвт шингэж бодол тээсэн буянтай, хөдөлмөрч хүн байж дээ аав минь. Ээжээ. Цагаан сарын өмнө нэг найзын минь аав бурхан болсон тухай мэдээ ирж, энэ явдлыг дурсан хүү нь нэг шүлгийн мөр тэрэлсэн юм. Яагаад ч юм захидалдаа сийрүүлэн хүргүүлмээр санагдаад... Ойрдоо таныгаа санаад л санаад л зүүдэлж сэрсэн нь тэр байх. ХЯСАЛ Харуулд хамт зогссон андын минь аав өөд болсныг Халуун африкийн бүгчим өдөр дуулгаж би зүрхлэв. “Яагаад заавал өнөөдөр” гэж анд минь нулимс мэлмэрүүлэв. Эх орноосоо мордохдоо нулимсаа унагаагүй би Эрхэм андаа өрөвдөхдөө энгэр нортлоо уйлав. Ээжээ. Эх орон минь хичнээн тайван, амар амгалан юм вэ? дээ. Харийг зорьсон хүн тэндээ үлдэх гэж биш “Буцнаа” гэж хоолой зангируулдаг тийм л эх орон. Өнөөдөр арын өврийн хангайн алагласан цэцэгс, атганд унадаг жимс жимсгэнэ үгүй ч адуу малын зүс өтгөрсөн өнөтэйхэн хаврын цаг хачин тансаг, хөхрөн сааралтах униаран дотроос жирвэлзэн цайрах Улаанбаатар хотын минь байшин барилга, гэр хорооллын танил гудамжны бараа харагдаж санагдаад л. Энэ л өдөр эх орныхоо төлөө, энэ улсынхаа ариун газар шороон дээр эрдэнэт хүний биеийг олж төрснийхөө төлөө таньдаа талархаад талархаад баршгүй нээ. Эх оронд минь хавар цаг ирж, цас хайлаад, гадна дулаахан болж байна уу. Юу байхав дээ. Хүү нь яргуй нүдлэх цагаар, сарын дараа, ердөө л сарын дараа томилолт минь дуусаад хүрээд л очно. Хүү нь ээжийнхээ хадгалсан хэвийн боов, цагаан сарын буузыг удахгүй очиж амталнаа. Холдох тусам нялхардаг үр чинь төрсөн нутаг, аарагхан бор гэртээ эсэн мэнд тантайгаа уулзах болно. Ээжээ. За ингээд цугларах дохио дуугарч байна. Хувцсаа өмсөж, аранзаа үүрээд хүү нь харуулд гарлаа. Сүүмийх зэргэлээнд гэгээ анирлахад Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ Алсад суугаа ээж минь Амин хайртай шүтээн минь билээ. Та Таныгаа хүндэтгэсэн Хүү Ө.Ганцоож