Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном гуайтай ярилцлаа. Эдүгээ 80 насны босгыг хэдийнэ алхсан ч судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байгаа буурал эрдэмтэнтэй богинохон хугацаанд хөөрөлдөх боломж гарсан юм.

–Монголын нууц товчоо /МНТ/ хэмээх агуу том түүхэн судар бичгийн талаар судалгааны ажлаараа та Төрийн соёрхол хүртсэн. Нууц товчооноос та юуг олов, юуг таниж мэдэв?

-Нууц товчооны судалгаа руу орох болсон шалтаг шалтгаан гэж байнаа. 1985 оны үед манай улсад Монголын нууц товчоо судлалын ажлын хэсэг байгуулагдлаа. Улмаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ш.Нацагдорж гуай намайг дуудаад “Нууц товчооны чиглэлээр улс орнууд судалгаа хийгээд байна. Бид зүгээр сууж болохгүй. Чи ажлын хэсэгт орж судалгааны дорвитой ажил хиймээр байна” гэлээ. Би ч саналыг нь хүлээн авч судалгааны ажил руу орсон доо.

-Төрийн гурван удаагийн соёрхолт, их бичгийн хүн Цэндийн Дамдинсүрэн МНТ судлалаар жинтэйхэн судалгааны ажил хийсэн. Та хувьдаа чухам ямар өнцгийг барьж ажиллав?

-Тиймээ. Миний багш Ц.Дамдинсүрэн Нууц товчоог жирийн хүн уншихад зориулан орчуулсан, олон түмэнд ч сайн хүрсэн. Оюун билэгтэй, чадалтай зохиолч хүн болохоор тэгж сайн хүргэж чадсан. Би тухайн үед “Одоо бидэнд Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Нууц товчооны эхийг гажуудуулаагүйгээр олон түмэнд ойлгомжтой тийм орчуулга хийвэл зүгээр юм уу” гээд оролдож эхэлсэн. МНТ-ны эрдэм шинжилгээний судлал хийж байгаад 1987 оны үед “Утга зохиол, урлаг” сонинд цувралаар хэвлүүлж билээ. 1988 онд Бээжингийн их сургуульд зочин профессороор томилогдлоо. Судалгааны ажлаа улам лавшруулж, гүнзгийрүүлэн судлах нөхцөл нээгдлээ гэж ихэд олзуурхсан. “МНТ-ны эрдэм шинжилгээний орчуулга тайлбар” гэдэг бүтээлээ Бээжинд дуусгаж, 1993 онд тэндээ хэвлүүлсэн дээ. Мөн “МНТ-ны эрдэм шинжилгээний орчуулга тайлбар” хэмээх 700 гаруй тайлбартай бүтээлийг Монгол бичгээр гаргасан. Энэхүү бүтээл маань Өвөрмонголд гол гарын авлага болж байгаад баяртай байдаг. Нууц товчоо руу орсон минь ийм учиртай. Хийсэн гол ажил маань ч энэ. Нууц товчооноос юу олж авсан бэ гэвэл тухайн үеийн Чингис хааны товчоо унших бүрий ухааруулдаг, үзэх бүрий шинэ содон зүйлийг хүнд ойлгуулж өгдөг ийм л гайхамшигтай бүтээл шүү дээ.

-Багадаа яагаад Hууц товчоо гэж нэрийдсэн юм бол гэж их боддог байлаа. Судалгаа шинжилгээний бүтээл хийсэн тантай уулзаж байгаагийнх энэ талаар асуух хэрэгтэй болов уу?

 

-Товчоор хэлбэл, Чингис хааны гол шаштир, Алтан ургийн улсууд тахиж тайлдаг дотоод шаштир учраас нууц гэсэн биз ээ. Тухайн үед нууцлах зүйл их байсан байх.

–Зохиогч нь нэрээ яагаад тавиагүй юм бол гэж олон хүн боддог шиг байгаа юм. Ер нь хэн гэдэг хүн зохиосон нь одоо хэр тодорхой болоогүй шүү дээ? Бодитой таамаг байна уу?

-Чингисийн, дундад зууны үеийн бичээчид нэрээ тавьдаггүй, аль болох далдалдаг байв. Хоёрдугаарт, энэ бол нэг хүний бүтээл биш, үе үеийн цадиг түүх. “Чингис хааны язгуур Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гаталж ирээд” гэж эхэлдэг олон он цагийн цадиг. Тэр хүн зохиосон гэж болохгүй. Тухайн үеийн сайд түшмэд, бичгийн хүмүүс тухайлбал, Шихихутуг, Сөнөдийн Гилгүдэй баатар зэрэг тухайн үеийн номтой олон мэргэд энэ зохиолд хүчээ өргөсөн нь ойлгомжтой. Одоогийнх шиг бичиж дуусаагүй байж нэрээ тавих гээд байдгаас өөр л дөө. Нэг ёсондоо нэрээ аль болох нууцалдаг ёстой байж.

-МНТ-ны яг эх нь хаана байдаг бол?

 

-Эх хувь нь олдоогүй. Хятад галиг орчуулгаар нь дэлхийн эрдэмтэд судалж байгаа.

-Манайд Чингис хааныхаа нэрийг ууж иддэг бүтээгдэхүүндээ хүртэл өгсөн. Хааны нэртэй архи л гэхэд хэд хэдэн төрлөөрөө байна. Нэг ёсондоо ашиг орлогын эх үүсвэр болчихлоо гэж ялангуяа учир мэдэх олон хүн дургүйцдэг. Олон ч жил ярьж байна даа. Энэ талаар та бодолтой явдаг вэ?

-1990 оноос өмнө Чингис гэж ярихаас айдаг эмээдэг, далдалдаг байв. Одоо бол Чингистэй хамт архи ууж байсан гэх нь холгүй л байх юм. Юмыг ярихгүй байх хэцүү, мэдэмхийрч ярих бүр хэцүү. Их хаанаа хүндлэе гэж бодож байвал архинд нэрийг нь өгч болохгүй. “Наполеон” гэдэг архи гардаг л юм байгаа юм биз. Бид заавал дуурайх хэрэггүй шүү дээ. Хэнд хэрэгтэй юм? Монголчууд юмыг нарийн бодож тунгаалгүйгээр түргэн түүхий хандаж, орлогын төлөө хэтэрхий улайрч байна.

–Чингис хаан таныхаар хэн байсан бэ? Судлаач хүнийхээ хувьд хэрхэн дүгнэв?

 

-Чингис хаан бол агуу том удирдагч. Бид төдийгүй дэлхий үнэлээд Мянганы хүнээр тодруулсан. Гагцхүү Чингис хааныг Чингис хаанаар л үнэлэх хэрэгтэй.

Монголчууд нэг хүнийг магтахаараа юм болгоныг мэддэг чаддаг байсан мэтээр хөөрөгдөх юм. Тархай бутархай, талын нэг тарчихсан Монголыг эмхэлж цэгцлээд төрийн нэг дээвэр дор оруулж Их Монгол улсыг байгуулсан хүн. Гол гавьяа нь энэ. Ойрхи Дорнод, Иран Персийг байлдан дагуулсан нь түүхийн учир шалтгаантай. Чингис хааны тухай дэлхийд олон ном гарч. Авах гээхийн ухаанаар эзэн Чингис хааны агуу их алдар гавьяаг монголчууд зөв үнэлж, аягатай цайгаа цалгиулахгүй түвшинд барьж явах хэрэгтэй юм. Тэгж чадахгүй байна. Хамгийн наад захын жишээ хэлэхэд Чингис хааны төрсөн оныг буруу тогтоосон. 1155 онд төрсөн хүнийг 1162 онд төрсөн мэтээр төөрөлдүүлээд, 7 жилийн өмнө нас барсан мэтээр ойлгох, бусдад ойлгуулах нь хэний сонирхол юм. Үүнийг засахын төлөө монголчууд дуугарах ёстой. Чингисийн төлөө дуугарах юм бол иймэрхүү зөв зүйл рүү явах хэрэгтэй.

-1155 онд төрсөн гэдгийг та хэрхэн тогтоов?

-Би биш дэлхий тогтоосон. Иран Персийн сурвалж бичгүүд тэгж хэлээд байна. Манайхаас бусад нь бүгд тэгж дуугарч байгаа. Яагаад 1155 оны гахай жилд төрсөн хүнийг морин жилтэй болгочихов? Нууц товчоонд бичсэнээр бол Бөртэ үжин нохой жилтэй. Тэмүүжинээс нэг насаар эгч. Бөртэ үжин нохой жилтэй нь үнэн юм бол Чингис хаан гахай жилтэй байж таарна. Гахай жилээс ичих хэрэг байхгүй шүү дээ. Мухар сүсгийн үүднээс ингэж хандаж болохгүй. Нэг л үнэн байдгаас, хоёр үнэн гэж байхгүй шүү дээ. Тийм учир үнэний учрыг олох гэж явж байгаа бол явах шиг явах хэрэгтэй. Да багшийн нэг шог өгүүллэг байдаг даа, “Хэлдэг гурав, хийдэг ганц” гэж. Түүн шиг Монголд ярьдаг нь олон, харин ажил хийдэг хэдхэн хүн байна. Ихэнх нь даргалдаг зааварладаг болж. Баялаг бүтээх хэрэгтэй, үйлдвэрлэл явуулах хэрэгтэй, идэх хоол, өмсөх хувцсаа өөрсдөө хийх хэрэгтэй. Амьтан хүртэл хөдөлж байж хоолоо олж иддэг юм. Ийм логик утга санааг хатуу ойлгох хэрэгтэй. Ярьж хэлж байгаа зүйл хэрэгжихгүй болохоор ярих ч урам алга.

-Чингис хаан хэрхэн таалал төгссөн талаар судлаачид олон таамаг дэвшүүлдэг. Морьноос унасан, бүр тахалд нэрвэгдсэн ч гэдэг. Таныхаар аль нь үнэнд дөхөх бол?

-Нууц товчоонд бичсэнээр болон миний үзэж байгаагаар бол дэлхийн талыг эзэлсэн том хүний дэргэд эмч, сувилагч, эрүүлийг хамгаалах баг байсан л байх. Өвдсөн шалтгаан нь зэрлэг хулан өмнөөс нь дайрч ирснээс болж морь нь үргэж хаан морьноосоо унаж, их халуурч хоносон гэдэг. Миний тооцоогоор 70 гарсан хүн морьноос унахаар бие махбодь нь хямралгүй яав гэж. Юутай ч Яргай хотыг бүслээд Тангадыг буулгаж авчихаад Инчанбу гэдэг газар бие нь илааршихгүй байсаар нас барсан гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг.

-Их хааныг хаана оршуулсан талаарх судалгаа одоо ч үргэлжилж байгаа. Ер нь багцаа байдаг болов уу?

-Хаана оршуулсныг нь мэдэхгүй. Чингис хаанаас гадна өөр хаадын шарилууд ч олдохгүй байгаа. Нууцлалын өндөр зэрэглэлтэй. Ийм цадиг замбараагүй цагт олдоод ч хэрэггүй дээ. Худалдаад идчихнэ.

-Чингис хааныг цуст байлдан дагуулагч байсан гэж Казахстаны зохиолч Чингиз Айтматов бичсэн санагдана. Ер нь Чингис хааныг их хэрцгий хүн байсан гэх ойлголт цөөнгүй оронд байдаг. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд хүн талаас нь харуулсан уран сайхны болоод баримтат кино хийгдэх болсон? Чингис хааныг үзэх үзэл дэлхийн хэмжээнд өөрчлөгдөж байна гэж харж болох уу?

-Тэр бол Ч.Айтматовын өөрийнх нь бодол. Тэр хүн бүхнийг тогтоодог хүн биш, авьяастай л зохиолч. Чингис хааныг хэр зэрэг мэдэх вэ гэдэг бол өөр асуудал.

 

Чингис хаан дайралдсан бүхнээ хядаад явсан хүн биш л дээ. Перс рүү довтолсон нь 100 элчийг нь хомрогдон алсанаас үүдэлтэй юм.

1220-иод онд өөрийнхөө 100 элчийг явуулаад “Харилцаа тогтооё, худалдаа хийе” гэсэн санааг илэрхийлсэн. Гэтэл тэр элчүүдийг нь хядсан. Харилцаа тогтооё гээд явуулсан зарлагуудыг нь хороочихоор хэний ч гэсэн дургүй нь хүрнэ. Тэгээд л эсэргүүцсэнийг нь дараад, дагаар орсныг өршөөгөөд л явсан. Элчүүдийг нь Жалал Ад Диний эцэг алсан гэдэг. Тэр 100 элчээс нэг нь зугатаж гараад мэдээ хүргэж ирсэн. Үүний дараа Чингис хаан Бурхан халдунд очин тахилга хийж гурван өдөр, гурван шөнө гашуудаж залбирсан гэдэг. Би хариугаа авч чадах уу, үгүй юү гэж л тэр биз ээ. Улмаар тэнгэр эцгээс таалалтай, зөвшөөрөлтэйгээр Хоремзийг даран сөнөөхөөр мордсон хэрэг. Замдаа одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрханыг тахисан түүхтэй. Чаддаг мэддэг хүн гэдэг чинь ганц хоёрхон юм хараад л гацааг нь гаргадаг гэж байгаа.

-Чингис хааны үед төр гэж байгаагүй гэж филосифич С.Молор-Эрдэнэ бичсэнийг та харсан байж магадгүй? Иймэрхүү хандлага түүхийн үнэнд сүүдрээ тусгах гэмтэй гэж дургүйцлээ илэрхийлэх түүхч эрдэмтэд байгаа юм?

-Өнөөдөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг улс олон болж дээ. Амнаасаа гарч байгаа үгээ бодох ёстой. Гэтэл тийм юм алга. Хаант засагтай улсыг төрт улс гэхгүй юу гэх ёстой юм? Чингисийн үед хаантай, төртэй, хуультай байсан. Чингисийн өмнө ч Хүннүгийн төр байсан шүү дээ. Чингис хаан тогтолцооны хувьд аравт, зуут, мянгатын системийг Хүннүгээс авсан. Өөрийнхөө өвөг дээдсээс уламжилж авсан гэсэн үг. Баримт түшиглээгүй, судлаагүй учраас таамгаар ярьдаг хүмүүс Монголын түүхийг гуйвуулж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг шиг ийм шороо тээж байгаа улс олон байна. Мэддэг юмаа л ярих хэрэгтэй байгаа юм. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ л хэлэх хэрэгтэй. Чингис хааны үед төр байгаагүй гэж байгаа хүмүүс түүхээ хэр зэрэг судалсан юм бол доо? Мэдэмхийрэх хортой.

–Чингис хаан гадаад төрхийн хувьд ямархуу хүн байсан бол та төсөөлж үзсэн л байх. Тайванийн музейд байдаг хөргийг л мөн гэж яриад байдаг?

-Тайванид байгаа хөргийг Чингис хааны хөрөг гэж яваад байгаа. Би хувьдаа үнэний ортой гэж боддог. Инжинашийн бичсэнээр бол Чингис хааны ач хүү Хубилай хаан өвөөгийнхээ хөргийг шилэн дээр хар зураг цохих аргаар бүтээлгэсэн байгаа юм. Нөгөө талаас Хубилай 9 настайдаа Чингис хааныг Самарканд, Бухарыг эзлээд ирэхэд нь тосч уулзаж байсан гэдэг. Тэгэхээр өвөөгийнхээ дүр төрхийг мэдэлгүй яахав. Лав худлаа хөрөг зуруулаагүй байх.

-Өнөөдөр Чингис хааны алтан ургийн хүнийг тогтооход хэцүү болов уу?

-Түшээт хан Гомбодоржийг Түмтийн Алтан хааны удам гэдэг. Монгол Улсын Үндэсний номын санд таван ханатай гэрийн буурь шиг дугуйруулаад Чингисийн удам судрыг бичсэн байгаа. Хожуу үеийн тайж язгууртнуудын нэр түүнд бий. Бүр бидний таних хүний нэр ч байгааг үгүйсгэхгүй. Миний мэдэхээр Гадаад яамны орлогч сайд байсан Чойнхорын охин Майжаргал Чингисийн Алтан ургийн хүн болж таарах гээд байгаа юм.

-Ингэхэд Хасарын талаар та юу хэлэх вэ? “Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Хасарын дүрийг зарим түүхчид европжуу болсон гэж тухайн үед бичсэн шүүмждээ өгүүлсэн байдаг? Судлаач та бүхнээс л бодитой хариулт гарах биз ээ?

-Өүлэн эх нь хэлсэн шүү дээ. Чингис цээж сайтай, Хасар эр бяр сайтай гэж. Зайлшгүй баримт эх сурвалж түшиж ярих хэрэгтэй. Хасар бяр чадалтай, харвах намнахдаа гарамгай хүн байсан. Хасарын хүү Есүнгэ 500 алд газар бай харваж онож байсан. Түүнийх нь төлөө Чингисийн чулууны бичиг гэдэг хөшөө босгосон. Угтаа бол Хасарын хүүд  босгосон хөшөө юм.

 

Ярилцсан Дажсүрэнгийн Лхагвадорж

сонин.мн