Нэгэн цагт хүүхдүүдээ дагуулан очиж танин мэдэхүйн мэдлэгийг нь тэлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг байсан байгалийн түүхийн музей өдгөө барилга нь актлагдаад 6 жилийн нүүрийг үзэж байна.

Тус музей анх 1924 онд “Үндэсний музей” гэдэг нэртэйгээр байгуулагдаж 1930 онд одоогийн барилгад нүүн ирж, 1956-91 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон түүхтэй.  Байгалийн түүхийн музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд байдаг. Гэтэл тус музейг 2013 оны зургаадугаар сараас эхлэн барилгын ашиглалтын хугацаа бүрэн дууссан хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон хэвээр байгаа билээ. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Энэхүү тушаалыг сонссон олон хүн хуучин газар нь яав, яагаад дархан цаазат газар музейн шинэ байрыг барих болов гэлцэж байна. Албан бус эх сурвалж "газрыг нь наймаалцах юм" гэх шуум дэгдээд эхлэв. Ямартай ч олон жуулчдыг татдаг байсан музейг байртай болгох шийдвэр гарсанд баярлах нэгэн байхад нөгөө хэсэг нь газрыг нь сольсонд ихээхэн дургүй байгаа бололтой дог оо. 

Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болгосон юм. 

Тэгвэл одоо байгаа Байгалийн түүхийн музейн барилгын газар нь хөрсний устай ойрхон байдаг ажээ. Тодруулбал, Музейн тусгаарлах хана туургууд нь модон хийц бөгөөд гаднаас нь шавардсан, барилгын суурь нь хөрсний устай ойрхон бөгөөд газар хөдлөлт болоход нурах аюултай гэнэ. Ийм учраас өөр байршилд барих ётсой гэсэн шийдэлд хүрсэн бололтой. Сүүлийн 42 жил төрөөс нийслэлд нэг ч шинэ театр, музей, номын сан баригдаж ашиглалтад ороогүй юм. Харин тус музейг шинээр байгуулахад 58 орчим сая доллар буюу 130 орчим тэрбум шаардлагатай гэсэн тооцооллыг БНСУ-ын мэргэжилтнүүд гаргасан гэдэг.

Байгалийн түүхийн музей ажиллаж байх хугацаандаа жилдээ 160-180 сая төгрөгийн орлоготой ажилладаг.  Монголыг зорьсон жуулчдын хамгийн ихээр орохыг хүсдэг газар нь энэ музей байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан удаатай. Улмаар жилдээ дунджаар 60-120 мянган хүн Байгалийн  түүхийн музейн үзмэрийг сонирхдог байжээ. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж олон улсын хэд хэдэн байгууллагаас тусламж хүсэж байсан музейн барилга удахгүй ашиглалтад орж эдийн засгийн эргэлтэд орох биз ээ гэж найдаж байна.

Цахим орчинд нэлээд их яригдаж эхэлсэн энэ асуудлаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр тайлбар хийж, “Байгалийн түүхийн музей”-н одоогийн барилгын газрыг дуудлага худалдаагаар юмуу ямар нэгэн зохицуулалтаар хэн нэгэнд шилжүүлж хувьчлахгүй. Харин уг барилгыг нураан оронд нь дахин музей босгоно. Одоогоор хаадын эсвэл түүхийн гэх мэт хувилбарууд яригдаж байна” гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Энэ бол зөвхөн яриа төдий л мэдэгдэл, харин яг бодит байдал дээрээ тус газар хэн нэгний өмч болох уу, улсын хамааралтай газар байх уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.