Бид өчигдөр “Татварын орлого ба хөнгөлөлт, чөлөөлөлтийн харьцаа 2010-2016 оны байдлаар” ямар байсныг хүргэсэн билээ. Өнөөдөр Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд тавих хяналтын тогтолцоо  үр нөлөөгүй байгаа талаар онцолж байна.

Татварын чөлөөлөлтөнд тавих дотоод хяналт үр нөлөөгүй байна

2016 онд ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар, Татвар орлогын газраас Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн бүрдүүлэлтийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн горимоор хийгдсэн бүрдүүлэлтэд хамтарсан шалгалт хийж,  /2015 оны 4 дүгээр сарын 1-ний  өдрөөс  2015 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийн байдлаар/ 7 аж ахуйн нэгжийн 7.7 тэрбум төгрөгийн бараанд ногдох 1.1 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлтийг зөрчилтэй гэж үзэн, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг дахин хийж 3 аж ахуйн нэгжид 17.9 сая төгрөгийн акт тогтоож, 2 аж ахуйн нэгжийг зөрчилгүй гэж үзэн, 2 аж ахуйн нэгжийн шалгалтыг зогсоосон байна.

Шалгалтын үр дүнд илэрсэн чөлөөлөгдөх барааны хөнгөлөлтийн болон барааны кодыг буруу  мэдүүлж тайлагнах, хууль, журмыг зөрчиж татвараас чөлөөлсөн зэрэг зөрчилд холбогдох гаалийн  бүрдүүлэлт хийсэн, түүнийг хянасан, зөвшөөрөл олгосон шат шатны гаалийн улсын байцаагч нарт  ажлын хариуцлага тооцох, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж чиглэл огт гаргаагүй байна.

Гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалт  үр нөлөөгүй байгаагаас тодорхой зөрчлүүд давтагдсаар байгаа нь аудитаар илэрлээ.

Татвараас чөлөөлөгдөх барааны кодыг  татвараас чөлөөлөгдөх нөхцөлтэй  өөр барааны кодоор сольж бүртгэсэнтэй холбоотой дараах зөрчлүүд гарсан. Үүнд:

Хүснэгт

Татвараас чөлөөлөгдөх нөхцөл, шаардлагад нийцэхгүй нийт 31.2 мянган ам.долларын  үнийн дүнтэй бараанд нийт 7.6 сая төгрөгийн албан татварын чөлөөлөлт  үзүүлсэн дараах зөрчлүүдийг аудитаар илрүүлж, улсын төсөвт буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоолоо. Үүнд:

  • 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсон “Үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний  стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45  буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртэл жилийн насжилттай шинэ автобусыг НӨАТ-аас чөлөөлөх” тухай хуулийг зөрчиж, 2016 оны  11 дүгээр сард Дани ХХК-ийн импортолсон 26.2 мянган ам.долларын  үнэ бүхий автобусанд ногдох 6.4 сая төгрөгийн албан татварыг чөлөөлсөн,
  • Киберком ХХК-ийн 2016 онд импортолсон 5.0 мянган ам.долларын  үнэ бүхий 340 ширхэг компьютерийн хулгана /мауз/-ыг Засгийн газрын 2014 оны 191 дүгээр тогтоолоор баталсан татвараас чөлөөлөх мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад байгаа зөөврийн компьютерийн гарт хамаарах кодыг ашиглан 1.2 сая төгрөгийн НӨАТ-ыг чөлөөлсөн байна.

Гаалийн байгууллага  татварын  чөлөөлөлтөд хамрагдсан бараанд  гаалийн  бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалт хийх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж иржээ

Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д заасан чиг  үүргийн  дагуу  Гаалийн байгууллага  татвараас чөлөөлөгдсөн барааг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хийх  гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг хангалтгүй хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, Худалдаа Хөгжлийн банкны 2016 онд импортолсон мэдээллийн технологийн тоног

төхөөрөмжид ногдох нийт 67.7 сая төгрөгийн, МҮХАҮТ 2015 онд импортолсон ариутгах  тоног төхөөрөмжид ногдох нийт 2.4 сая төгрөгийн, иргэн М.Тамирын 2015 онд импортоор оруулж ирсэн  нэр төрлийн нийт 1,735 ширхэг мэдээллийн технологийн техник хэрэгсэлд ногдох 4,0 сая төгрөгийн албан татварыг  тус тус чөлөөлсөн  эрсдэлтэй ажил гүйлгээг болон  эдгээр барааг Засгийн газрын  2014 оны 191 дүгээр  тогтоолд заасан “жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн  зориулалт бүхий ...  ”  тоног төхөөрөмж мөн эсэхийг өнөөг хүртэл нягталж, шалгаагүй байна.

Түүнчлэн Засгийн газрын хоорондын гэрээ, хэлэлцээрээр болон Засгийн газрын бус шугамаар мөн Олон улсын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Татварын байгууллагын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд тавих хяналтын үр нөлөө хангалтгүй байна

2016 онд  ТЕГ-ын дотоод аудитыг хариуцсан нэгжээс  татвар төлөгчдийн цахимаар ирүүлсэн тайланд холбогдох хуулийн дагуу хөнгөлж, чөлөөлөгдөх орлогыг  үнэн зөв ангилж тайлагнасан  эсэх, татварын алба  зөрчилтэй тайланг  дахин засч залруулсан  эсэх  талаар  харьяа газар, хэлтэст  шалгалт хийж,  илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар  зохих арга хэмжээ авсан  боловч  тодорхой зөрчлүүд давтагдан гарсаар байгаа нь аудитын явцад илэрчээ.

2015-2016 онд татвар төлөгчдийн татварын албанд ирүүлсэн НӨАТ-ын тайланд судалгаа хийж үзэхэд  510 аж ахуйн нэгж 104.0 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогын кодыг 120 удаа бусад  чөлөөлөгдөх борлуулалтын орлогын кодоор сольж, тайлангийн мэдээллийг буруу гаргасан байна.

Дээрх зөрчлийн улмаас  2016 оны байдлаар  Монгол  Улсад суугаа  223 татвар төлөгч  гадаадын дипломат төлөөлөгчийн  газар  үйл  ажиллагаа явуулж байгаа мэтээр татварын тоо мэдээлэл зөрүүтэй гарч байгаагаас гадна аж ахуйн нэгжүүд  албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогыг бодит бус мэдүүлсэн байх эрсдэл өндөр байна.

2015-2016 онд татварын албанд татвар төлөгчдөөс  цахимаар  ирүүлсэн ААНОАТ-ын тайланд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй  нийт  1,383.0  сая төгрөгийн  орлогыг  хөнгөлөлт, чөлөөлөлтөд оруулж тайлагнасан зөрчил илэрлээ. Тухайлбал:

  • Хан-Уул дүүргийн “Баянномгон” ХХК-ийн 14.8 сая, Сүхбаатар дүүргийн “Байгалаа дээдэлье” ХХК 112.1 сая, Багахангай дүүргийн “Махболовсруулах  үйлдвэр” 58.2 сая, Сэлэнгэ аймгийн “Өгөөмөрхан тайж” ХХК 402.3 сая, “Цогтманлай” ХХК 130.8 сая, Дээд шивээ ХХК 47.2 сая, Говьсүмбэр аймгийн “Илчлэг шивээ” ХХК 146.9 сая, “Гэзэгт” ХХК 90.1 сая, “Боржигин нутгийн зураг” ХХК 2.7 сая, Орхон аймгийн “Номинмакс” ХХК 7.0 сая, Дархан-Уул аймгийн “Элбэгшарын гол” ХХК 10.4 сая, “Дархан-Ус трейд” ХХК 30.3 сая, Хэнтий аймгийн “Мөнх улз” ХХК 308.5 сая, Ховд аймгийн “Баганат орд” ХХК 14.1 сая төгрөгийн татвар ногдох орлогыг татвараас чөлөөлөгдөх орлогоор тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан тул 2015 оны тайлангаар гарсан зөрчилд ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулж улсын орлого болгох, 2016 оны тайлангаар гарсан зөрчлийг зохих журмын дагуу залруулга хийж, үнэн зөв тайлан мэдээ гаргах талаар албан шаардлага болжээ.

Дээрх зөрчлүүд  нь ТЕГ-ын даргын 2015 оны  А/159 дүгээр тушаалаар баталсан  “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын 2.10, мөн журмын 4.5-д заасан үйл ажиллагааг татварын албаны татвар төлөгчидтэй харьцах газар, хэлтэс  мөрдөж ажиллахгүй  байгаатай холбоотой  байна.

Татвар  төлөгчдийн цахимаар ирүүлсэн  тайланд хөнгөлөлт, чөлөөлөлт нэг бүрээрээ харагддаггүй, бөөн дүнгээр байдгаас тайлан  хүлээн авч байгаа  байцаагчаас  тайлангийн  үнэн зөв, бодитой байдалд тавих хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд с өргөөр нөлөөлж байна