УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэгдэж, лобби бүлэг байгуулсан бөгөөд тэд хэрхэн ажиллах тухайгаа олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал, УИХ дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийнхэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийн шинэчлэлээр идэвхтэй ажиллах бөгөөд эрүүл мэндийн салбарт хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийхээр зорьжээ. Тодруулбал, иргэд даатгалаараа өөрийн сонгосон эмч, эмнэлэгт үзүүлэх эрхтэй болгосноор улсын эмнэлгүүдийн ачаалал, хүлээгдэл буурах, хөнгөлөлттэй үнээр эм олгох асуудлыг хялбаршуулж, иргэнд чиглүүлэх, эмийн үнэ хөнгөлөх төсөв мөнгө хуваарилахгүй болох, рашаан сувилал нь эмчилгээний нэг хэсэг тул хасахгүй байх, өндөр үнэ өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалын санхүүжилтэд хамруулдаг бодлогыг хэвээр үлдээх, эмийн үнийг бууруулж, чанарыг сайжруулах, Эмийн хяналт, зохицуулалтын агентлаг байгуулах, эмч, сувилагч, ажилтнуудын цалин үнэлэмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлдэг даатгал зэрэг өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн салбарт реформ хийсэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг санхүүжилттэй нь хамт шийдсэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд бизнес, тоног төхөөрөмж биш хүнээ дагасан нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиудыг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлснээр жирэмсэн эх заавал харьяа биш, хүссэн эмнэлэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой болох юм байна.

 

 

Ж.ЧИНБҮРЭН: АРВАННЭГДҮГЭЭР САРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ БҮХ ЭМИЙН САНГААС АВЧ БОЛНО

Эрүүл мэндийн салбарт ямар нэгэн улстөржилт саад болох ёсгүй гэсэн уриатайгаар УИХ дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийг байгуулсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ. Тэрбээр “Өмнө нь яаралтай тусламжийг төр даана гээд эмнэлгүүдэд нь санхүүжилт өгөөд тэрхүү санхүүжилтийг нь аваагүй эмнэлэг яаралтай тусламж үзүүлэхээс татгалздаг байсан. Яагаад гэвэл мөнгө орж ирэхгүй, зардал их гардаг. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтөөр улсын болон хувийн эмнэлэгт яаралтай тусламж авахаар ирсэн иргэн болгонд санхүүжилтийг нь өгнө. Хэрэв иргэнд яаралтай тусламж авах шаардлага гарвал дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ. Заавал даатгалтай байх албагүй. Төрөөс дааж байгаа учраас даатгалаас мөнгийг төлөөд дараа нь төрөөс санхүүжилтээ авах тогтолцоонд орж байгаа юм. Гэхдээ иргэн бүрийг даатгалд хамруулах нь эрүүл мэндийн даатгалын зорилго. Хөнгөлөлттэй эмийг авахын тулд иргэд, ялангуяа өндөр настанууд дугаарлаж, заавал өрхийн болон сумын эмчээр жор бичуүлж авдаг. Ингээд хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас очиж авдаг. Энэ бүх байдлыг халж байна” хэмээн ярилаа.

 

ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭНЭ

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх зорилгоор холбогдох хуулиудад оруулсан зарим онцлох өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Одоогийн тогтолцоогоор зарим өвчнийг улсын төсвийн хөрөнгөөр, заримыг нь даатгалаар эмчилдэг тул эмнэлгүүд нэг эрхтнийг нь эмчлээд нөгөөхийг нь төсөвгүй гээд эмчилдэггүй байна. Тиймээс эрүүл мэндийн бүх санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлжээ. Ингэснээр нэг өвчтөний эрүүл мэндийн зардлыг тус сан бүрэн хариуцах юм байна.

Эмч, эмнэлгийн ажилтны хариуцлага, чанартай үйлчилгээнээс шалтгаалж дараагийн санхүүжилтийг тооцдог механизмтай болгохоос гадна эрүүл мэндийн салбарын эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг заавал ашиглаж байхаар болжээ. Энэхүү стандартын дагуу Монгол Улсын иргэнийг эмчилж чадаж байгаа үгүйг хянах аж. Ийм байдлаар эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх юм байна

Тус лобби бүлгийнхэн 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд үндсэн дөрвөн чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаар шийджээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй, үр өгөөжтэй болгож, эмнэлгийг бие даасан байлгах, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн орчныг бүрдүүлэх, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний Д вирусийн улмаас өвдөн шаналж буй 100000 гаруй иргэнийг эмчлэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэх, нийгмийн эрүүл мэндийн салбарын өвчин болон архидалт, мансуурлын эсрэг бодлого боловсруулах, Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөлийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага, ажиллагсад иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод бодитой тусгах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих юм байна.

 

Н.УЧРАЛ: КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

Дараагийнх нь Н.Учрал нарын таван гишүүн нэгдэж байгуулсан Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг. Английн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг 2012 онд Үндэсний цөм хөтөлбөр гэдэг нэртэй болгосноос үүдэж лаборатори сургуулиуд бий болж, сурагчдыг ялгаварлаж эхэлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ. Тэрбээр “Энгийн ардын хүүхдүүдийг авдаггүй гурван сургуулийг бий болгосон. Хүн болгон лаборатори сургуульд хүүхдээ өгье гэсэн ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон. Бид хүүхдүүдийг ялгаж болохгүй. Кэмбрижийн магадлан итгэмжлэгдсэн төв дотроо үнэлгээ хийдэг, багшийг хөгжүүлдэг, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийдэг Кэмбрижийн их сургуулийн дэргэд үүсгэн байгуулсан боловсролыг хөгжүүлэх төв. Дэлхий даяар 160 орны 10 мянган сургуульд Кэмбрижийн хөтөлбөрөө нэвтрүүлж байгаа. Кэмбрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн. Шинжлэх ухааны хичээлийг монгол, англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Түүнээс биш үндэсний онцлогтой хичээлийг монгол хэлээр судална. Сод ухаантны боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Өөрсдийнхөө хүүхдийг 20 мянган ам.долларын хөрөнгөөр хувийн сургуульд сургачихаад улсын сургуульд Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байгаа улстөрчид байна. Ийм байж болохгүй. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнд хүргэх нь манай лобби бүлгийн гол зорилго” хэмээн ярилаа.

Кэмбрижийн хөтөлбөр манай үндэсний хөтөлбөрийг өргөж өгөх тул ийм хөтөлбөртэй сургуулийгдүүрэг, аймагболгонд тус бүр хоёрыг үүсгэн байгуулж, багш нарыг үе шаттайгаар бэлтгэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Энгийн сургуулийн жилийн төсөв 840 сая төгрөг бол Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулийнх 1.7 тэрбум төгрөг байсан. Эдгээр сургуулийн нэг ангид суралцаж буй хүүхдийн тоо яг адилхан. Ялгаа нь багшийн цалингийн нэмэгдэл байсан” гэв.

 

ХӨШӨӨТИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ТҮШИГЛЭН УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

 

УИХ-д байгуулсан бас нэгэн лобби бүлэг нь Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах бүлэг юм. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж ийм бүлэг байгуулжээ. Энэхүү бүлгийнхэн тухайн бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ. Бүлгийнхний эхний зорилго нь аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулах явдал аж. Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021- 2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулжээ. Мөн тус үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хүсэлт явуулахаар болжээ. Улаанбаатар хотын туршлагаас харахад аймгийн төвүүдийн хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь хамгийн үр дүнтэй арга гэдэгтэй лобби бүлгийнхэн санал нэгдсэн байна.

 

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин