УИХ-ын гишүүн болохыг ямар олон хүн  хүсэж буйг өнгөрсөн сонгуулиудаар иргэд бид хангалттай харсан.

Учир нь Их хурлын гишүүн болчихоор “цүнх баригчид” гэж бидний өхөөрдөн нэрлэдэг дагагсдаа албан тушаалд тавих боломжтой болдог. Гишүүд дагагсдаараа дамжуулан авилгаар хөрөнгөжих зорилго гэмээр “болно” гэсэн болох ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхой бус утгыг батлан гаргаж байгаа хууль болгондоо заавал оруулдаг.

Ийм тодорхой бус заалттай  хууль нь хууль  биш зүгээр л  “Авилгын гарын авлага” болдог  нь өөрөө нэгэнт хууль болчихсон зүйл. Учир нь болох нь тодорхойгүй зүйлийг болгох гэж иргэд албан тушаалтны хаалга сахин хайран цагаа дэмий үрцгээж, бухимдан бас бачимдаж эцэст нь авилга өгч салдаг. Манай улс хөгжихгүй, дороо дэвхцээд байгаагийн шалтгаан нь ердөө л энэ.

Харин хөгжингүй болон ихэнх хөгжиж буй улсын хууль, журамд тодорхой бус утга оруулахыг хуулиар хориглодог төдийгүй “болно” гэсэн тодорхойгүй үгээр “болохгүй” гэсэн тодорхой утга илэрхийлдэг болоод удаж байна. Тухайлбал, Монгол улсын элсэн орсон, өнөөдөр НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон 183 улс даган мөрдөж буй “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)”-ийн Үндэсний Хэмжээнд Экспортын Квот Тогтоох журам (Management of nationally established export quotas)-ын 21-д Ашиглаж чадаагүй квотоо дараа жил нь   ашиглаж огт болохгүй  гэсэн утгыг “Талууд өнгөрсөн жил экспортлогдож чадаагүй зүйлүүдийг дараа жилд нь урд жилийн квотонд тооцож экспортлох шийдвэр гаргаж болно. Ийм тохиолдолд тухайн жилийн квот өнгөрсөн жилийн зүйлүүдийг экспортлож байгаагаас үүдэн нэмэгдэхгүй(A Party may decide exceptionally to authorize export in one year of specimens that were obtained in a previous year, and under the quota for that previous year. In such cases, the quota for the current year should not be increased in order to include the specimens obtained in the previous year.)” гэж заасан байдаг. Ингэж “болохгүй” гэсэн утгыг “болно” гэсэн үгээр илэрхийлж буй нь иргэдийг стресстүүлэхгүй гэсэн маш том соёл бөгөөд бүр институц болон тогтсон гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл өнөөдөр олон улсын жишгийн эсрэг тодорхойгүй утгатай  “болно” гэсэн үг оруулж, хууль нэртэй Авилгын гарын авлага өөрсдөө батлаж, гардан тарааж буй манай УИХ-ын гишүүд  авилга, хүнд суртлыг арилгана гээд байгааг ёстой чөтгөр л ойлгох биз ээ. 

 

Монгол улсын дагаж мөрдөх үүрэг хүлээсэн Олон улсын гэрээ болох дээрх НҮБ-ын конвенц нь “Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ.Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчим баримталдаг.

 

Харин бид өнөөдрийг хүртэл “Байгаль хамгаалах гэж байгалийн баялгийг иргэдээсээ харамлахыг хэлнэ” гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Үр дүнд нь хулгайн ан, хууль бус олзворлолтыг цэцэглүүлж, нийт нутгийхаа 76,8%-ийг цөлжүүлэн түүхэндээ байгаагүй цөөн ан амьтан, байгалийн ургамал, цэвэр усны нөөцтэй болчихоод сууж байна.Гэхдээ бидэнд энэхүү хоцрогдлоо арилгаж, олон улсын жишигт нийцэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлт олгосон. Харин боломжоо бодит байдал болгох ажлыг  авилга, хүнд суртлын үүдэл эс болох  тодорхойгүй утга илэрхийлдэг “болно” гэсэн үгнээс эхлэх хэрэгтэй байна.УИХ-ын гишүүд ээ! Ингэж гэмээ нь та нар сонгогч иргэдийнхээ төлөөлөл болж чадна.

 

Г.АМАРСАНАА (Монгол улсын Шинжлэх ухаан, Байгаль

                             орчин, СоёлынТэргүүний ажилтан )