“Политбюро”-гийн томчуул: Ж.Батмөнх

 Би энэ том хүнтэй анх сурагч байх үедээ уулзаж байсан. Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Намын Хорооны нарийн бичгийн дарга байх үед буюу 1974 оны сар шинийн баярын өмнөхөн манай суманд Төв Хорооны ажлын хэсэг ирсэн юм. Ажлын хэсгийг ТХ-ны шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч Ж.Батмөнх толгойлж Лааган нарын хэдэн хүн хамт явсан санагдана. Цагаан сарын шинийн нэгэнд манайд золгох юм болж гэрийнхэн маань багагүй сандарцгаав.

Яах, ийхийн зуургүй өглөө эрт ороод ирэв. Инээмсэглэсэн, дулаахан царайтай, найрсаг, зөөлхөн хүн бололтой, бидний тэвдэж байгааг мэдэрсэн юм байлгүй “Зүгээр, зүгээр, Би чинь хөдөө өссөн хүн шүү дээ” гэж байв. Тэгснээ чемоданаа задлан нилээн хуучин дээл гаргаж өмсөнгөө “Энэ аавын минь дээл. Би золгохдоо заавал өмсдөг юм” гэв. Золгож, цагаалга, бууз идсэний дараа даалуу тоглож үд хүртэл саатав. Явах үедээ “8 дугаар ангид сурдаг гэл үү. Цаашдаа ямар чиглэлээр мэргэжил эзэмших бодолтой байгаа вэ” гэж надаас асуухад нь одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан аймгийн төв орж 10 жилийн сургууль төгсөнө, тэр үед шийдэх байх гэсэн чинь “зөв, зөв, эдийн засагч болно гэвэл би чамд тусалж чадна шүү. Хотод очоод уулзаарай” гэж урам хайрлаад хөдөлж билээ. 4 сарын дараа Ж.Батмөнх гуай Сайд нарын Зөвлөлийн дарга болсон тухай радио, сониноор мэдээлэхэд бид “манайд ирж золгосон хүн том дарга болжээ” хэмээн баярлалдаж билээ. 

1999 оны цагаан сараар би Намын нарийн бичгийн даргын хувьд Ж.Батмөнх даргатай золгохоор гэрт нь очив. Тэр үед намын удирдлагууд хуваарийн дагуу цөөн хэдэн өндөр настан, ахмад зүтгэлтнүүдтэй гэрээр нь очиж золгодог байсан.

 

Надад Ж.Батмөнх гуай таарсан хэрэг. Урьдчилаад хэлсэн учир хүмүүсийг гэртээ аваагүй бололтой, ганцаараа том өрөөндөө сууж байв. Золгосныхоо дараа 1974 оны цагаан сараар манайд ирж байсныг нь сануулан ярихад нүд нь сэргэж “Тийм, тийм. Тэр жилийн цагаан сарын үеэр Хөвсгөл аймагт ажиллах томилолт авсан. Нээрээ, одоо санахад, Цагаан-Уул сумын намын хорооны даргынх гээд олон хүүхэдтэй айл байсан. Тэдний том нь байж л дээ” гээд намын ажил хэр урагштай байгаа, 2000 оны сонгуульд хэрхэн бэлтгэж буй зэргийг сонирхов.

 

Бид хоёрын яриа сүүлдээ 1990 оны үйл явдал руу шилжив. Тэрбээр ярихдаа: Намайг бөөрөнхийлсөн, бууж өгсөн гэхчлэн зарим хүн их шүүмжилдэг. Одоо ч шүүмжилсээр байгаа. Өлсгөлөнгийн үед Намын Төв Хорооны VIII бүгд хурал болсон юм. Үүнээс 3 хоногийн өмнө Улс Төрийн Товчооны хурлыг би зарлан хуралдуулсан. Тэр бол тун амаргүй хурал болсон. Өлсгөлөнг зогсоохын тулд Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарыг огцруулахаас өөр замгүй гэдгийг би хатуу ойлгосон. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс цөөнгүй бөгөөд тэд улс оронд онц дэглэм тогтооё, нялуунаас шулуун нь дээр, төр гэж байгаа юм бол шийдвэртэй арга хэмжээ авъя гэхчлэн шахаж байсан. Тийм учраас УТТ-ны хурлыг задгайруулж эх захгүй маргаан хэлэлцүүлэг болгож хувиргахгүйн тулд би хурлаа нээгээд шууд л “улс орны амгалан байдлыг алдагдуулж ард түмний эрх ашгийг хохироохгүйн тулд бид одоо шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Тэр бол УТТ, нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох явдал мөн. Өөр асуудал ярихгүй. Миний энэ саналыг дэмжиж өгөхийг хүсье” гэж хэлээд нөхдийгөө тойруулан харсан. Товчооны гишүүд эхлээд цочирдсон байдалтай бие биеэ харж хэсэг чимээгүй сууснаа уван цуван “зөв байх”, “дэмжиж байна”, “санал нэг” гэхчлэн ам нээцгээсэн.

 

Хамгийн эхлээд Ц.Намсрай дарга дэмжсэн юмдаг.

 

Хариуцлагатай шийдвэр учир гишүүн бүрээс лавлан асуусан. Татгалзсан хүн гараагүй. Тэр дор нь хурлаа хааж шийдвэрээ ард түмэнд маш шуурхай мэдээлсэн. Өлсгөлөн зарласан хүмүүс тайвширч “Бид яллаа” гээд өлсгөлөнгөө зогсоон гэр гэртээ харьцгаасан. Ингэж нэг хүнд юмны ард гарч байсан юм. Нэгдүгээр хүний хувьд хэнээс ч дэмжлэг хайлгүй, өөрөө ачаагаа дангаараа үүрэх үе байдаг юм билээ. Тэгээд Их тэнгэрт ирж гэртээ орохын өмнө гадаа жаахан зогсч цээж дүүрэн амьсгалсан даа. Тэр шөнө ёстой нэг сайхан унтсан шүү. Хүч хэрэглэж л ерөөсөө болохгүй байсан. Тэгэх л юм бол Румын шиг болоход ойрхон байсан гэж хуучилсан билээ.

 

Үргэлжлэл бий...