--- “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдлээ –--

"Рио Тинто"-гийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй, дэлхийн уул уурхайн орчин цагийн түүхэнд ч огтоос дуулдаагүй үйл явдал өчигдөр болж өнгөрлөө. Тэр нь Монгол Улсад ногдох "Оюутолгой" төслийн 2,3 тэрбум долларын өрийг бүрэн тэглэх тухай шийдвэр байлаа. Ингэснээр өмнө нь тооцолж байсан дуулиант 22 тэрбум долларын өр үүсэхгүй болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт татсан орнуудад ийм уян хатан санал ирж байсныг ер мэдэхгүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд үл мартагдах өдрүүд тохиож байна. Түүнийг сайшаах, урамшуулах хүмүүсийн давлагаа ч цахим орчинд өчигдрийн турш тасарсангүй. Магадгүй анх удаагаа монголчууд засаг тэргүүлэх одоогийн Ерөнхий сайдаараа бахархаж, баярласан мөч байх.

Удаан хугацааны турш үргэлжилсэн хэлэлцээ энэ хүрээд өндөрлөж байна гэвэл үгүй. Баярлахад ч эрт байна. Асуудал цаашаа үргэлжилнэ, цаасан дээр нэлээд сунжрах нь дамжиггүй. Том зургаараа хэлэлцээ өндөрлөсөн ч дараа дараагийн дэд хэсгүүд нь залгана. Өөрөөр хэлбэл, үр дүнд хүрч чадсан хэлэлцээг одоо баталгаажуулах, албажуулах, нарийн тохиролцох ажил өнөөдрөөс эхэлж байна. Ийм ажил "Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд, тэнд суугаа Монголын талын гурван гишүүнд оногдож байна. Хариуцлага нь, ачаа нь ахиад л нэмэгдэж байна гэсэн үг.

Засгийн газар “Рио Тинто”-гийн саналыг хүлээж авснаар 2009 онд баталсан Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх нөхцөл бүрдэж байна. Улс төрийн хэрүүлийн алим болж ирсэн 2015 оны “Дубайн гэрээ”-ний асуудал үндсэндээ үүгээр дуусгавар болох юм. Тус гэрээний хувьд тухайн нөхцөлд олдсон түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэхэд буруудахгүй л болов уу. Үр дүнд нь гүний уурхайн бүтээн байгуулалт 90 хувийн гүйцэтгэлтэй яваа. Тэнд монголчууд ажиллаж, үндэсний компаниуд туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Засгийн газарт ирүүлсэн захидлыг анзаарсан бол 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх тухай санал “Рио Тинто” группийн дэлгэж буй хамгийн сүүлийн “хөзөр”, Монголын талд олгож байгаа сүүлчийн боломж гэвэл онох. Өөрөөр хэлбэл, үүнээс өөр гарц байхгүй гэсэн агуулга эндээс давхар уншигдаж байна. “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэлцээтэй холбогдуулж Монгол Улсад богино хугацаагаар ирээд буцсан нь хэлэлцээг нэг талд нь гаргах, монголчуудын хүслээр бүхнийг ийнхүү даруйхан шийдэхэд том нөлөө болсныг үгүйсгэхгүй. Харин үүний ард хэн менежерийн үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Тэр бол “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд.

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн захидалд дурдсан таван заалт Монгол Улсын Засгийн газарт тал засах гэхээс илүү амжилттай хэлэлцээ хийж болдог гэдгийг нэг талаар батлан харууллаа. Засгийн газрын үүрэг, Ерөнхий сайдын манлайлал энд эрс ялгарлаа. Гэхдээ ялагч үгүй. “Оюутолгой” төслийн хувьд бид нэг зоосны хоёр тал болж хувирсан. Нэг ёсондоо эхнэр, нөхөр болж 11 дэх жилдээ амьдарч байгаа хос хоёр юм. Захидалд “Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу өмнө батлагдсан төсөвт Монголын Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах боломжтой. Энэ хөндлөнгийн аудитад үндэслэн хэрвээ Монголын нутаг дэвсгэрт зарцуулаагүй төсөв санхүү илрүүлвэл бид тухайн санхүүжилтийг төлөхөд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн. Мөн “Гүний уурхайн ашиглалтад ороогүй удсан. 2023 оны нэгдүгээр улирлын хагас хүртэл үргэлжлэх гүнийн бүтээн байгуулалтын цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна” гэсэн бол тав дахь нь “Оюутолгой төсөл Монгол Улсын нэгдсэн эрчим хүчний системээс цахилгаан авах гэрээ байгуулах, байгаль орчин болон бусад асуудлаар засаглалын ил тод байдлыг хангаж ажиллахаа илэрхийлсэн байна. Хоёр талын Ажлын хэсгийн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрвэл 2022 оны нэгдүгээр улирлаас гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа” гэв. Татгалзах аргагүй саналууд гэдгийг Засгийн газар мэдэрч, мэдэж хэвлэлийн хурал хийсэн болов уу.

Хэлэлцээний уур амьсгал нааштай эргэхэд, давж дийлэхээргүй их өрийг 100 хувь тэглэхэд үнэндээ гол гавьяа байгуулсан хүмүүс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байлаа. Түүний баг энэ удаа олны талархал хүлээх хэмжээнд ажиллаж, хэлэлцээний ард нь нэр төртэй гарав. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хувийн улс төрөө орхин, хэлэлцээрийн эцсийн үр дүнгийн төлөө тууштай, бас зарчимтай байсан нь түүнд өнөөдөр оноо авчирлаа. Эргэн сануулахад, “Рио Тинто” өмнө нь буюу аравдугаар сарын 21-нд Монголын талд ногдох өрийн 70 хувийг буюу 1.6 тэрбум долларыг тэглэх санал ирүүлсэн юм. Харин манай зүгээс яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлж, өрийг 100 хувь тэглүүлэх шаардлага тавьсан нь ийнхүү ёсоор болов.

Засгийн газрын Ажлын хэсэгт багтсан, хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо. Түүнийг томилсон нь оносон шийдвэр байсныг хэлэлцээрийн эцсийн үр дүн илтгэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаас Дэд сайдын суудалд дэвшсэн ч хэлэлцээрийн явцад хамгийн ажил хэрэгч нь байж, 2,3 тэрбум долларын өрийг тэглэхэд өөрийн үүргээ тэр бүрэн гүйцэтгэлээ. “Оюутолгой” өөрөө яригтай сэдэв. 

Улс төр нь дийлсэн, уг төслөөр дамжуулан нэр нүүр олох гэсэн хүмүүс нь чихэлдэж байдаг ээдрээтэй талбар. Энэ дунд хэлэлцээрийн багана болж, өнөөдрийн гарсан үр дүнг бодитоор авчирсан хүмүүс бол “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан, З.Ган-Очир нар . Ачааны хүнд, гэрийн даалгавар энэ хэд дээр л бууж байсан.Мэргэжлийн, улс төрөөс ангид, намаас хол залуус жилийн өмнө 34 хувийг төлөөлж ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Э.Баясгалангийн хувьд Засгийн газарт ногдох 22 тэрбум долларын өрийн асуудлыг гаргаж тавьсан, улмаар үүгээр хүчтэй байр сууриа илэрхийлж чадсан нь түүнийг илүүтэй таниулж, хөрөнгө оруулагч талд ч цочроо өгсөн юм.

Уул уурхайн салбарын урдаа барих мэргэжилтнүүдийн нэг бол З.Ган-Очир. Түүний хувьд Канадын хойд хэсэгт байрлах цайрын гүний уурхайд техникийн туслах, маркшейдэрээр ажлын гараагаа эхэлсэн. Монголдоо ирээд алтны уурхай, зэсийн порфир, вольфрам, бал чулуу, алтны хайгуулын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Түүний хувьд “Оюутолгой”-н төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хөндлөнгийн хяналтын дүгнэлт гаргах ажлыг эхлүүлсэн юм. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон, зардал нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шууд болоогүй хэмээн үзсэн юм. ТУЗ-ийн шинэ гишүүдийн зүтгэл, хүчин чармайлтыг үгүйсгэх аргагүй. Тэд Засгийн газарт зөв мэдээлэл өгч, асуудалд бодитой хандаж, нөгөө талтай нэг хэлээр ярьж, ойлголцож байсан нь хэлэлцээг чухам эрчимжүүлсэн.

УИХ-ын Ажлын хэсгийн хувьд хэлэлцээрийн багт нөмөр нөөлөг болсныг энд дурдах нь зөв байх аа. “Оюутолгой” төслийн дараагийн шат ийнхүү эхэлж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт руу шуурхайлах нь “Рио Тинто”-гийн дараагийн ажил. Тэд бүсээ чангалж, зардлаа машид танах дээрээ ихээхээн анхаарах нь дамжиггүй. Компани болгон ийм жишгээр эрсдэлээ, алдагдлаа хумьдаг. Энэ удаагийн урт хэлэлцээний зүүн, баруун жигүүрт монголчууд суусан нь онцлог байлаа. Дараагийн хэлэлцээ гэж байвал ийм боломж тэр болгон тохиохгүй болов уу...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН