Эдийн засагч Ө.Ганзориг саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Доллар байхгүй бол монгол төгрөгийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Манай улсын долларын нөөц өнөөдөр дөрөвхөн тэрбум байна.

Гэтэл манайх шиг дөрөвхөн тэрбум ам.долларын нөөцтэй улс маш ховор. Монголын иргэн бүр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Аль болох их долларыг улсдаа оруулж ирэх ёстой. Энэ л эх оронч үзэл” гэж ярьсан юм. Үнэн л дээ. Долларын урсгал тасрахгүй байж гэмээнэ сардаа олдог хэдэн бор төгрөгийн маань үнэ цэнэ буурахгүй, дажгүй амьдраад явах боломжтой. Доллар хомсдох тусам иргэдийн халаасан дахь төгрөгийн ханш бууж, амьжиргаа нь уруудна. Ингээд харахаар ногоон валют олж ирэх төслүүдийг аль болох олноор хэрэгжүүлж байж л эдийн засаг тэлж, монгол хүн Монголдоо сайхан амьдарна.

Бидэнд гаднаас доллар татах хоёрхон гарц бий. Нэг нь уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох, нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалт татах. Гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой ганц том салбар нь уул уурхай. Ноолуур, эсгий углааш, чацарганаа зараад валют олж болох ч яаж ч хичээгээд цараа далайц нь томрох боломжгүй гэсэн асуудал бий. Өнөөдөр гэхэд л гадаадын хөрөнгө оруулалтын ная ерэн хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Энэ өнгө ирэх арван жилд лав өөрчлөгдөхгүй гэж эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. Харамсалтай нь 2012 онд одоогийн УИХ-ын даргын оройлж батлуулсан гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт зохицуулах тухай хуулиас хойш геологи, хайгуулын салбарт орж ирсэн хөрөнгө оруулагчид гарч явсаар эцэстээ “Рио тинто” л мега төсөл эхлүүлчихсэн тулдаа тэсч үлдэж байх шиг. Financial times манай улсыг дараагийн БРИКС гэгдэх M3-т багтааж, хөрөнгө оруулагчид Азийн Монголыг ирээдүйн Кувейт гэж харж, Америкийн “Пийбоди”, Бразилийн “Вале” гээд уул уурхайн акул компаниуд Монголд хөрөнгө оруулж явсан тэр үед батлагдсан Г.Занданшатарын хуулийн балаг өнөөдөр ч арилаагүй яваа. Ковидын хямрал, Оюу толгой тойрсон үл ойлголцол гэх мэт шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт тэг рүү уруудаад олон жил болж байна.

Харин энэ засгийн өнгөнд Оюу толгойн гүний уурхайг ажиллуулах тохироонд хүрсэн нь эдийн засагт таатай чимээ өгөөд эхэлчихлээ. Яг одоо уул уурхайн жижиг төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол өснө, тэр сонирхлыг хууль журмын дагуу дэмжээд дэмнээд өгвөл долларын урсгал эргээд сэргэх боломж бий. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу толгой дээр тохироонд хүрсэн шигээ татарчихаад байгаа долларын урсгалыг ийм шийдлээр нээж чадвал нэгэнт цойлчихсон яваа инфляцийг хазаарлах асуудал биш. Инфляци 14 хувь байгаа ч өргөн хэрэглэдэг хүнсний үнэ аль хэдийнэ хорь, гучин хувиар яригдаж байна. Урд хөрш хилээ нээхгүй удвал инфляци 15, 16 руу өгсөхөд ойрхон байгааг энэ дашрамд тодотгоё. Эдийн засагч Г.Батзоригоос доллар татах гарцуудыг сонирхоход “Ойрын хугацаанд дажгүй доллар олъё гэвэл уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ноолуурын компаниудаа хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, гадагшаа үйлчилгээ үзүүлдэг IT-гийн компаниудаа дэмнээд өгвөл долларын урсгалаа нэмэх боломж бий.Дунд хугацаанд махны экспортоос доллар олох шийдэл байж болно. Холын зорилго гэвэл Голдман сакс-ийн захирлыг бэлдэх хэрэгтэй. Тэр цагт долларын урсгал эрс нэмэгдэнэ. Голдман сакс-ын дөрвөн захирлын цалин л манай төлбөрийн тэнцэлтэй тэнцдэг. Өнөөдөр гэхэд энэтхэгчүүд Гүүгл, Твиттерийг удирдаж ганц захирлынх нь цалин л манай улсын төлбөрийн тэнцэлтэй дүйж байна” гэсэн хариу өгсөн юм. Товчхондоо өнөө маргаашдаа их доллар олох боломж уул уурхайд л байгаа түүний үгээс харчихаж болно.

Уул уурхайн салбараас хөрөнгө оруулагчид дайжсан шалтгаан их энгийн. Популист улстөрчид, тэдний дохио зангаагаар хөдөлдөг нийгмийн бүлэглэлүүд л энэ салбарт хэрэгжих гэж байгаа төсөл бүрийг гацаадаг муу аргатай. Элдэв нэртэй иргэний хөдөлгөөнөөс эхлээд төсөл гацаасныхаа төлөө төлбөр мөнгө авч амьдралаа болгодог бүхэл бүтэн арми өсч өндийснийг олон жишээгээр нотолж болно. Канадын компани ураны хайгуул хийх гэхээр гурван толгойтой хурга ярьж, Америкийн компани шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх гэхээр газар нь хонхойгоод сүйд болно гэж эсэргүүцсээр байгаад хөөгөөд явуулчихдаг нь нуух юмгүй ил үнэн. Үнэхээр байгальдаа санаа зовоод, чин зүрхнээсээ өндөр хариуцлага шаардаад байна уу гээд харахаар бас үгүй. Хуулийн дагуу лиценз, зөвшөөрлөө авч ном дүрмээр нь өндөр стандарттай ажиллаж яваа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд рүү дайрсаар байгаад гацаачихдаг, өнөө компаниудын зөвшөөрөл хэн нэг улс төрийн хамаарал бүхий компанид очдог нь мөн л нууцгүй үнэн. Сүүл үеийн кейс гэхэд л алтны төсөл хэрэгжүүлж байсан Канадын компанийг хөөж гаргаад лицензийг нь улстөрчийн хамаарал бүхий компани авчих жишээний.

Анзаараад байх нь ээ нөөц нь дажгүй, ашигтай байж мэдэх төслүүд дээр улстөрчдийн иймэрхүү тоглолт тод ажиглагддаг. Гадны хөрөнгө оруулалттай компанийн хэрэгжүүлж буй төслүүд рүү эхлээд иргэний элдэв хөдөлгөөн, малчид, хөлсний бичээчид ажиллуулж дайрч давшлуулна, дараа нь төр төлөөлсөн хурган дарга нарын элдэв шантааж залхаана, эцэст нь өнөө компани нь аргагүйдээд лицензээ зараад гардаг нь бараг жишиг болчихлоо л доо. Эмзэглэмээр нь энэ тохиолдолд Засгийн газар олгосон лицензээ хамгаалж чаддаггүй. “Наад компани чинь хууль номын дагуу ажиллаж байгаа. Элдэв юм ярилгүй ажлыг нь хийлгэ” гэх дайны зангараг манайх шиг нэгдмэл төртэй улсын засагт байх учиртай. Харамсалтай нь манай Засгийн газарт өнөөхөндөө тийм чадамж алга. Ямар сайндаа л хоёр ч аймгийн дарга аймагтаа уул уурхайн ажиллагаа эрхлүүлэхгүй гэж том толгойлж тушаал шийдвэр гаргаж байхав. Гэхдээ нэг олзуурхмаар зүйл нь Ерөнхий сайд саяхан орон нутгийн хоёр ч даргад том толгойлохгүй гэсэн утгатай анхааруулга өгсөн. Энэ бол яалт ч үгүй зөв жишиг, ухаалаг хандлага.

Хөрөнгө оруулалтыг гацаадаг, долларын урсгалыг хаадаг хэд хэдэн шалтгаан бий. Мэдээж эхэнд жагсах хийрхэл нь популизм. Хоёр дахь шалтгаан нь төрийн залгамж халаагүй байдал. Нэг засгийнхаа эхлүүлснийг нөгөө нь гарч ирээд зогсоочихдог байдал олон төслийн амыг барьсныг уул уурхайн өнгөрсөн түүхээс харж болно. За тэгээд авлига, энгийн олныг гадаадын хөрөнгө оруулагчид руу зохион байгуулалттайгаар турхирдаг бүлэглэлүүд, хууль эрх зүйн тогтворгүй орчин хөрөнгө оруулагчдыг Монголоос үргэх шалтгаан болдог. Тэгэхээр яг одоо цаг алдалгүй хийх нэг зүйл бол том төслүүдийг гацаадаг улстөрчдөд хандах хандлагаа өөрчлөх. Төсөл гацааж, долларын урсгалыг сааруулагч улстөрчдөдөө “популист” гэсэн шошго хаяг зүүж шүүмжилж, өхөөрдөхийн завсар суудгаа больцгооё. Популист гэж өхөөрдчихөөд сонгууль бүрээр зөөлөн суудалд залсаар хорин жил болчихож. Ирэх жилээс эдийн засгийнхаа нэлээд хувьтай тэнцэх хэмжээний өр дарна гэж ирээд яривал долларын эрэлт асар өндөр байгаа яг энэ үед Ерөнхий сайд “Долларын урсгалыг гацаагч популист улстөрчидтэй тууштай тэмцэнэ. Долларын урсгал хаана гэдэг бол эх орноосоо урваж байгаагаас ялгаагүй хэрэг. Доллар орж ирэхгүй энэ хэвээр удаан аж төрвөл өөрийг чинь сонгосон иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийн ханш навс унана. Иргэдээсээ мөнгийг нь хулгайлж байгаагаас ялгаагүй үйлдэл хийж байна гэсэн үг шүү. Дахиад төсөл гацаах популист үйлдэл хийвэл дараагийн сонгуульд нэр дэвших эрхтэй чинь ярина” гээд мэдэгдчихвэл жинхэнэ эх оронч шийдэл болох гээд байна. Шуудхан хэлэхэд, долларын урсгалыг гацаагчдыг эх орноосоо урвагч гэж зарламаар байна, Ерөнхий сайд аа. Жаахан сүржин сонсогдож магадгүй ч популизм төгс утгаараа цэцэглэсэн яг өнөөдрийн хувьд байндаа буух үг үүнээс өөр алга. Ингэж мэдэгдчихээд Цагаан суваргаа, ураны төслүүдээ хөдөлгөж, газрын ховор элементийн хайгуулаа эхлүүлж, төмөр зам, цахилгаан станц, замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлчихвэл гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Азийн Монгол эргээд “моод”-ны сэдэв болох цаг тийм хол биш.