УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг шударга тэмцэгч гэдгээр нь бүгд мэднэ. Энэ хүний нэрийг хэлэхээр иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан, ард түмэн, шударга ёс, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үгс санаанд орж ирдэг. 2004 оноос Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж ирсэн цагаас нь ард түмэн түүнийг тэмцэгч, олон нийтийн дуу хоолой хэмээн хүлээн зөвшөөрч, дэвшүүлдэг санаа, баримталдаг үзэл бодлыг нь дагасаар ирсэн.

Тийм ч учраас түүний зохион байгуулдаг жагсаалд иргэд олон мянгаараа оролцож, хүний эрхийн төлөө тэмцэгч, шударга бусын эсрэг зогсдог улстөрч гэж тодотгож байлаа. Ж.Батзандангийн сонгуульт ажил, эрхэлж байсан алба нь голдуу эрх ашиг нь зөрчигдсөн иргэд, шоовдорлогдсон ард түмнээ өмөөрч, төрөөс хулгай хийдэг улстөрч, дарга нарыг эсэргүүцдэг нь намтраас нь харагддаг. 2000-аад оны эхэн үеэс өнөөдрийг хүртэлх бүхий л жагсаал цуглаан, тэмцлийн түрүүнд, цээжинд Ж.Батзандан явсаар иржээ. Үүгээр нь ардчилагч, тэмцэгч гэхэд буруудахгүй. Олон гэрэл зураг, бичлэгээс цагаан хоолой, чанга яригч барьсан залуухан Ж.Батзанданг олж харж болно. Үүгээр нь түүнийг нэгэн үе “Гудамжны улстөрч” гэж хүртэл тодотгож байв. “Төрийн ордон доторх 76-гаас гадаах Батзандан хавь илүү” гэдэг үгийг хүртэл олон нийт хэлж байсан удаатай шүү. Баргийн аавын хүү ард түмнээс ийм үнэлгээ авч чадахгүй. Түүний тэмцэгч, эр зоригтой үйлдэл олон хүнийг сэрээж, эрх чөлөө, шударга ёсны төлөө дуугарч байх ёстой гэдэг дохиог нийгэмд өгч, нөгөөтэйгүүр жагсаал цуглаан хийх соёлыг нийтэд түгээж байсан гэж тодорхойлж болно.

2018 оны сүүл, 2019 оны эхээр МАНАН дэглэмийг эсэргүүцсэн удаа дараалсан жагсаалуудад нийтдээ 100 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ жагсаалыг Ж.Батзандан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд нартай хамтран түүчээлж, “Шударга тав” гэдэг нэртэй болоод амжсан билээ. Энэ тавын зохион байгуулсан уг цуглаан хавьд үзэгдээгүй өргөн хүрээтэй, далайцтай байсныг олон улсын хэвлэлүүд онцолж байлаа. Жагсаал ч амжилттай болж, ард түмэн ч үр дүнд нь сэтгэл хангалуун үлдсэн. Гэтэл энэ тав дотроос Ж.Батзандангаас бусад нь сайд болов. МАНАН-г эсэргүүцсэн жагсаалын үеэр “Ёстой тийм юм байхгүй. Бид хэд юу боллоо гэж албан тушаалд очихын тулд ингэж жагсаж байхав. Би албан тушаалын төлөө ингэж жагсаагүй шүү” гэж ярьсан байсан нэг нь одоо төрийн гурван өндөрлөгийн нэг болчихсон л байна. Энэ таваас сүүлд Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болчих шиг боллоо. Ерөнхийлөгчийн баз Л.Болд Монгол Улсаас Бельгийн хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод яваад өгсөн. Гэтэл эдэн дундаас муугаар нь Ж.Батзанданг барьж авч байцааж, шоронд хийчихлээ. Үүнээс нь харахаар “Шударга тав” дотор Ж.Батзандан л шударга, үнэнээр явсаар ийнхүү “хоосон” хоцорч, хоригдож байгаа ч юм уу гэж харагдахаар. Түүнийг өмөөрч байгаа хүн алга. Магадгүй “Шударга явах нь олон найз нөхөдтэй болгодоггүй ч, шударга цөөн хүмүүстэй учруулдаг” гэдэг үг түүнд зориулагдсан ч байж болно. Түүнийг нэгэн цагт Монголын улс төрийг гудамжнаас хөдөлгөж, Засгийн газрыг ташуурдаж, ард түмнийг оройлон тэмцэж, шударга үнэний дуу хоолой болж байсныг санаж байгаа хүмүүс эрхбиш байгаа байх.

Энэ хүний ял, гавьяа хоёрыг дэнсэлбэл гавьяа нь илүү жин дарна. Хэн Ж.Батзандан шиг төрд үүрлэсэн хулгайг илчилж, төрөөс хулгай хийж болохгүй гэж дуугарсан юм бэ. Хэн Ж.Батзандан шиг улс төрчдийн улаан нүүр рүү харж байгаад шударга шүүмжлэлийг зоригтой хэлж ирсэн юм бэ. Хэн сөрөг хүчингүй байхад эрх баригчдыг сөрж, ард түмний дуу хоолой болж байсан бэ.

Одоо “мандаад” байгаа зарим улстөрчдийг сураггүй байхад Ж.Батзандан “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэлийг интернэт орчинд хэрэндээ л тарааж байсан. Тэр нь 2002 он. Энэ үеэс л иргэний хөдөлгөөний залуус, иргэний хөдөлгөөнийг дэмжигчид хоорондоо уулзаж учирч, 2004 онд хөдөлгөөнөө албан ёсоор эхлүүлсэн. Аль ч цаг үед, эрх баригчдын шүдний өвчин бол Иргэний хөдөлгөөнийхөн байдаг. Эвгүй хөдөлбөл төр ч эргүүлж мэдэх учир эрх баригчид Иргэний хөдөлгөөнийхний үйлдэл бүрийг анзаарч, тэргүүлэгчийг нь тандаж байдаг нь нөгөө талдаа ард түмэнд таашаалтай байдаг. Иргэний хөдөлгөөн бол маш том хяналтын механизм юм. Энэ үүднээсээ Ж.Батзанданд ард түмэн талтай, ажил хэргийг нь дэмждэг байсан нь УИХ-д суугаа зарим гишүүдийн рейтингээс ч давдаг байсан тул түүнийг ямар ч хамаагүй аргаар дарах, буруу зөрүү юманд нэрийг нь холбож харлуулах гэсэн удаа дараагийн үйлдэл гарч л байсан.

Ж.Батзанданг гудамжны улстөрч гэж гоочилж байсан ч энэ залуу иргэний нийгмийн цоо шинэ давлагааг бий болгож, иргэний хөдөлгөөн, тэмцэл заавал жагсаал, цуглаанаар биш ажлын ширээний араас, албан бичгээр “жагсаж”, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж болдог гэсэн бас нэгэн жишиг гаргаж ирсэн юм. 15 настай байхдаа л эх орныхоо төлөө зүтгэнэ гэж өөртөө амласан Ж.Батзандан Н.Энхбаярын хаанчлалын хана хэрмийг нураахын тулд О.Магнайн хамт тэмцэл хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлж явсан зоригтон. Н.Энхбаярын өөдөөс хэн ч үг хэлдэггүй байсан цагт сөрж зогсож байсан цөөн хүний нэг нь тэр байсан. Магадгүй энэ үйлдэл нь түүнийг ард түмэнд танигдахад, итгэлийг нь хүлээхэд нөлөөлсөн байх гэж дүгнэдэг.

Ардчилсан нийгмийн амин сүнс бол үг хэлэх эрх чөлөө. 2016 оноос хойш Монгол дахь жагсаал цуглааны тоо цөөрч, ковидын жилүүдэд улам хумигдсан. Эрх баригчдын хувьд төв талбайд тавуулаа л бөөгнөрөхөд ирж тарааж, жагсаал цуглаан хийх эрх өгөхөө байсан. Жагсаал цуглаан хийх өдрүүдээр талбайд гэр, асар байгуулж, элдэв аян, баяр тэмдэглэх замаар жагсагч, тэмцэгчдийн орон зайг хумихыг санаархаад байгаа. Гэсэн ч ард түмэн жагсахдаа тулбал жагсдаг, залуус ч тэр. Харин жагсаалыг уриалан босч ирдэг цөстэй, зоригтой тэмцэгч, шударга үгтэй хүнд эрх баригчид дургүй байдаг. Ж.Батзанданг хорьж цагдаж байгаа нь түүний хийсэн үйлдэлд гэхээсээ илүүтэй, үзэл бодлоо цензургүй шууд илэрхийлдгээс нь айсан бүлэглэлийн захиалга гэж харна. Одоо үед хэн нэгнийг харлуулах, бүр амьдралаас арчаад хаях амархан болсон хэцүү цаг. Ж.Батзанданг бүгд харааж, зүхэж болох ч монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө халуун залуу наснаасаа эхлэн тэмцэж ирсэн зориг, гавьяаг нь арай баллуурдаж барахгүй байх аа.