Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю-ны бичсэн “Сингапурын хөгжлийн нууц” ном манайд тухайн үедээ бестселлер болж байлаа. Улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд дарга цэрэггүй энэ номыг ярьж үүнийг л даган дуурайя гэж байсан цаг саяхан.

Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Ю-ны номонд маш том утга агуулсан нэг өгүүлбэр байсан. Тэр нь “Сингапурыг хөгжүүлэхэд мөнгө босгох хэцүү биш байсан. Харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх л хамгийн хэцүү байсан" гэж бичсэн байдаг. Энэ үгийг манайхан “Үгүй ээ мөн айхавтар үг хэлжээ, ямар үнэн үг вэ” гэж шагширч суусан. Сингапур өнөөдрийн хөгжил дэвшлийн манлайд хүрэхээсээ өмнө яг ямар улс байсан юм бэ. Түүх сөхье. Сингапур хэмээх жижигхэн хот улс дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн Английн колони, эзэнт гүрний буйдхан нутаг байжээ. Тэд бүр цэвэр ус ч үгүй, ядуу буурай, олон үндэстнээс бүрдсэн, үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэж юу ч үгүй байжээ. Сингапурт манайх шиг байгалийн баялаг гээд байх зүйл ч байхгүй. Харин өдгөө Сингапур улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг, санхүү бизнесийн төв болсон. Азийн бар улс болтлоо хөгжсөн. Энэ замд хүргэсэн хүн бол Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю.

Тэгвэл Цахим хөгжлийн дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцохдоо “Дунд болон анхан шатны албан хаагчид хөгшин хүмүүс байгаагаас гадна тэд ЗХУ улсад боловсрол эзэмшсэнд асуудал байсан. Манай улс Оросоос нөлөөлөл ихтэй болохоор тэд оросууд шиг сэтгэдэг, бас тэгж ажилладаг. Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" хэмээн хэлж. Ингэж хэлснийх нь төлөө түүнийг амтай болгон зүхэж байна. Үнэн хэрэгтээ дэд сайдын хэлсэн үг, Сингапурын ерөнхийлөгчийн хэлсэн үг хоёрт ямар ч ялгаа алга. Хуучин социализмаар хүмүүжсэн, тийм онол сэтгэлгээтэй хүмүүс хөгжихөд саад болж байна гэдэгт Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю хэлснээс яг ямар ялгаа байгаа юм. Ямар ялгаа харчихаад түүнийг зүхээд байгаа юм.

“Хэдэн зуун дамжин уламжлагдан ирсэн мал шиг сэтгэхүйг ч өөрчилж болдог. Хүмүүсийн “мал” шиг сэтгэхүйг өөрчилж чадвал шинэтгэл боломжтой. Хуучны уламжлалаас татгалзах хэрэгтэй. Хэрэв бид ард иргэдийнхээ дадал зуршил, сэтгэлгээг өөрчлөхөөр хүчин чармайлт гаргаагүй бол, тэднийг хүмүүжүүлэн тэтгэж бойжуулаагүй бол одоо илүү бүдүүлэг, зэрлэг нийгэмд амьдрах байсан биз” хэмээн Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю хэлсэн байдаг.

Ер нь хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг хэцүү гэдэг нь үнэн. Сингапур иргэдийн сэтгэлгээ ч тухайн цаг үедээ улс орноо Азийн бар улс болчихно гэж зүүдлээч үгүй биз. Тиймээс л Ерөнхийлөгч нь би бүтээнэ, бид бүтээнэ, бид хөгжинө гэсэн сэтгэхүйг иргэдийнхээ тархинд суулгахад тун хэцүү зүйл байсныг тодотгосон байх. Монгол өнөөдөр яг ийм л байгаа. Зөвлөлтийн ах нараа гомдоочихно, Оросоос авч байгаа цахилгаан, шатахуун хоёроосоо салчихна гээд тэднээс амиа тавьтал айсаар ирсэн. Өөрсдөө бүтээе, хийе гэх санал санаачилга хаана байна. Бид ер нь яагаад шатахуунаа өөрсдөө нэрж чадахгүй байгаа юм. Яагаад цахилгаан станцтай болохгүй байгаа юм бэ. Өдий олон жил бинзенийг яагаад өөрсдөө хийж чадаагүй юм. Аль 1960-аад онд хийж чадаад байсан зүйлээ одоо яагаад чадахаа байчихсан юм. Гуравдагч орноос бид тог цахилгаан, бензин тосоо яагаад худалдаад авчихаж болохгүй байгаа юм. Бидэн шиг нь барахгүй л гэцгээдэг. Бид тийм нарийн юм хэзээ хийж чадаж байлаа л гэцгээдэг. Бидэнд нэгэнт нэвт шингэсэн, хэвшчихсэн энэ мэт сэтгэлгээ хөгжилд саад болж байгаа нь үнэн. Бид дэлхийн улс орнуудтай адилхан өөрсдөө хийж чадна, бүтээж чадна гэх сэтгэлгээтэй болно гэдэг хэцүү нь ч үнэн. Монголчууд өөрсдийгөө хүчгүй гэж боддог. Бид энэ сэтгэхүйнээсээ даруй салах ёстой. Хаа сайгүй хоцрогдсон онол ярьсан хүмүүс байдаг. Энэ онолоосоо одоо салах цаг нь болсоон. Оросыг муйхраар шүтэх үзэл бүр ийм гүн гүнзгий бий. Одоо үүнийг хэрхэн өөрчлөх, хүмүүсийн сэтгэлгээг яаж зөв болгох вэ гэдгийг л ярих ёстой. Дэд сайдын хэлээд байгаа чинь л энэ ш дээ. Бидэнд дутагдаж буй зүйл ердөө л хуучирсан онол сэтгэлгээ. Өнөөдөр манай улсад цаашид хөгжихөд юу дутагдаж байгааг давхар эргэцүүлэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нүүрлэж, монголчуудын өмнө тулгараад байгаа асуудлын мөн чанарыг тодоор харж ойлгох нь чухал байна. Хөгжлийн асуудал ярихаар л олж авсан мэдлэг сэтгэлгээгээ бүтэхгүй хэмээн харах хүмүүс манайд элбэг байдаг. “Монголд өөр” гэх сэтгэлгээг өөрчлөх зоригтой алхмууд үгүйлэгдэж байна. Улс төр чинь манлайллын салбар биз дээ. Тэгэхээр ард түмний сэтгэлгээг өөрчлөх, боловсролыг дээшлүүлэхэд нэн түргэн, асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ бүхэнд цаг хугацаа, хүчин чармайлт их орох нь тодорхой.

Яг үүнийг л хуучин цагт Ардчилсан намын лидерүүд яриад байсан юм. Тэд Зөвлөлтөд сургууль төгссөн хуучин сэтгэлгээтэй хүмүүс хөгжил дэвшилд тушаа саад болж байна гэж ярьдаг, хэлдэг л байсан. Тэднийг анзаарч байсан нь өнөөдөр хэд бол. Харин өнөөдөр МАН-ын залуу үе ингэж ярьж хэлж байгаа нь тун зөв юм аа. Залуу үе ингэж л ярьж, ингэж л сэтгэх хэрэгтэй. Монголд баруун, зүүн үзэлтэй намын ялгаа гэдэг зүйл алга болж байна. Бидний хөгжил дэвшлийн нэг чөдөр бол яалт ч үгүй хуучирсан сэтгэлгээт хүмүүсийн үзэл баримтлал. Харин бид залуу боловсон хүчин хуучирсан сэтгэлгээг өөрчлөх ёстойг олж харсанд талархах хэрэгтэй. Тэд улс орны хөгжил дэвшлийг хаанаас эхэлхийг мэддэг, мэдэрдэг болсон байна. Бидний социализмын үеийн нэвт шингэсэн үзэл суртлыг хүмүүсийн сэтгэлгээнээс авч хаяж сэтгэлгээг өөрчлөх хүнд хэцүү цаг мөч тулж ирээд байна. Үүнийг хэн хүнгүй хичээж байж л давна. Түүнээс үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй гэгчээр үнэнг хэлэхээр нь олуулаа нийлээд зүхээд сууж таарахгүй.