Утаа, түгжрэл, хот төлөвлөлтийн гол асуудлууд Улаанбаатарт дагуул хот байгуулахыг зайлшгүй шаарддаг. Үе, үеийн Засгийн газар, Хотын дарга нарын хошуурдаг сэдэв энэ болоод удаж байгаа. Сүр дуулиантай зарладаг, төлөвлөгөө гаргадаг, төсөв зарцуулдаг. Гэхдээ огт ажил хэрэг болдоггүй.

2017 онд байх, нэг биш бүр долоон дагуул хотыг Улаанбаатарыг тойруулж байгуулахаар зарлаж байлаа. Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк, Налайхад үйлдвэрлэл, технологийн парк байгуулж эдгээрт түшиглэсэн Налайх, Багахангай, Био-Сонгино, Туул, Рашаант, Жаргалант, Гачуурт, Тэрэлж гэсэн бүхэл бүтэн долоон хотыг байгуулах ерөнхий төлөвлөгөөг Хотын даргын шийдвэрээр гаргасан байдаг. Үнэхээр долоон хот бий болчихвол Улаанбаатарын бүх асуудал сэвхийгээд шийдэгчихмээр юм шиг дарга, цэрэггүй хөл хөөрцөг болж байв. Энэ сэдэв тэгсхийгээд намжсан.

Үүнээс хоёр жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд өөр нэг дагуул хот байгуулах Засгийн газрын шийдвэр гарч байлаа. “...Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Аэросити, Зуунмод хот, Майдар хотыг Улаанбаатар хотын дагуул хот гэж тусган хөгжүүлэхээр боллоо. “Майдар хот” төслийн хүрээнд хийсэн хот төлөвлөлтийн суурь судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрэмд заасны дагуу хүлээн авах, Улаанбаатар хот болон Олон улсын шинэ нисэх буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлуулж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, дарга, албан тушаалтанд үүрэг болгов. Зуунмод, дагуул хотод амьдрах иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, засаг захиргааны бүтэц бий болгох, эдийн засгийн болон татварын бодлогын бүс байгуулах санал боловсруулж танилцуулахыг даалгав” гэсэн шийдвэрийн мэдээлэл Засгийн газрын хуралдааны архивт байна. Сүүлд 2021 онд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндий дэх дагуул хотыг байгуулснаар 50 мянга гаруй га талбайд хот босгож иргэд аж ахуйн нэгжүүд суурьшин ажиллаж амьдарна. Энэ жилдээ багтаж төлөвлөлтийн зураг техникийг дуусгаж дараагийн шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гээд л ярьж явсан. Өнөөдөр Хөшигтийн хөндийд онгоц л буудаг, манан будантай үед хуучин Чингис хаан олон улсын нисэх буудлыг барааддагаас өөрөөр тэнд томхон үйлчилгээний төв ч шаваа тавиагүй байгаа юм.

Хот байгуулах шийдвэр ингээд дуусаагүй. Зургаан жилийн өмнө Улаанбаатарыг тойруулж сүндэрлүүлэх долоон хот сураггүй болж, тэндээс Налайхыг сугалан авч дахиад л төсөв мөнгө зарцуулан судалгаа, төлөвлөгөө хийж, 2021 оны долдугаар сард Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас “Налайх дүүргийг дагуул хот болгох төлөвлөгөө” гэгчийг танилцуулав. 2030 он гэхэд 77 мянган хүн амтай, 16.373 суралцагчийн сургууль, 5.243 хүүхдийн цэцэрлэг, 565 ортой төрөлжсөн эмнэлэг, 40 м2 нэг хүнд ногдох ногоон байгууламж, 94.7 км авто зам бий болохоор төлөвлөсөн гэв ээ.

Тэгвэл хамгийн сүүлд хоёр сарын өмнө буюу 2022 оны 11 дүгээр сард Орхоны хөндийд Хархорум хот байгуулах төслийг Засгийн газар дэмжлээ. Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэвэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Орхоны хөндийд цаашид Шинэ Хархорум хот барих тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан даруйд шинэ хотхон баригдана гэсэн үг биш. Харин энэ дагуу газрын байршил судлах, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шаттай ажлуудыг хийнэ” гэсэн билээ.

Ингээд харахаар сүүлийн таван жилийн хугацаанд 12 дагуул хот байгуулах шийдвэрийг Засгийн газар болон Хотын захиргаанаас гаргажээ. Хотын төлөвлөгөө, зураг төсөл хийнэ гэдэг нэг барилгын зураг төсөлтэй зүйрлэшгүй.

Тэнд бүхий л дэд бүтэц, хүн ам оршин суухад зориулагдсан үйлдвэр, үйлчилгээ байх ёстой. Ингэж төлөвлөгөө, зураг төсөл гаргахаас эхлээд асар их мөнгө цацсан болж таарна. Өнөөдөр тэдгээр 12 хотоос нэг нь ч бий болоогүй.

Үнэндээ энэ бол доройтож байгаа улсын шинж. Сайхан юм хийнэ гэж ард түмнийхээ тархийг угаадаг. Төсөв батлуулдаг. Эрх мэдэлтэй хүмүүс нь хуваагаад идчихдэг. Тавхан жилийн хугацаанд 12 хот байгуулах гэж үзсэнийг л хар даа. Энэ бол ард түмнийг гэсэн санаачилга уу, мөнгө идэх санаархал уу.

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг өөрсдийнхөө бодит байдлыг харъя л даа. Өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Яармагийн зам дээр явган хүний нүхэн гарц байгуулах ажил эхэлж байв. Ид сургууль цэцэрлэг цугларах үеэр авто замын ажил эхлүүллээ хэмээн нэлээд хэл ам болоход хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс дөрөв, тавдугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долдугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-нээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долдугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон. Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орно” гэж байлаа. Өнөөдөр хүртэл таван сарын хугацаа өнгөрөхөд энэ явган хүний гарц ашиглалтад ороогүй. Орох нь бүү хэл хийгдэж эхлээ ч үгүй.

Бид ажлыг ингэж л хийдэг. Монголчуудын ажилд ханддаг хандлага, чадал, чадвар энэ. Зам барилга бүтээн байгуулалтын ажлыг оффисын цагаар найман цагт хийнэ гэж төлөвлөдөг улс манайхаас өөр байхгүй. Цаг барьдаггүй, цагтаа чанартай ажиллаж хэвшээгүй монголчууд ажлын найман цагийн хугацаанд зам барилга барина гэдэг худлаа. Гэтэл бусад улс оронд манайхны гурван хоногт хийдэг ажлыг нэг хоногт хийчихдэг. Найман цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллаад л нэг мэдэхэд зам, барилга нь сүндэрлээд босчихсон байдаг. Нэлээд хэдэн жилийн өмнө Хонконгод явж таарахад далайн шуурга болж, шөнөжин балбуулж барилга байшин, ногоон байгууламжгүй сүйдсэн мэдээллийг сонсож хонож билээ. Өглөө нь гараад явахад сүйрсэн мод ногоон байгууламжийг аль эрт зайлуулаад цэвэрлэчихсэн, аврах ажиллагаанууд нь ч болоод дуусчихсан, ер тэнд байгалийн гамшиг болоогүй мэт угтсан нь санаанаас гардаггүй юм. Хөгжилтэй улс орны ажиллах арга барил, ажилдаа хандах хандлага гэдэг ийм.

Харин Монголд төр засаг нь гоё нэртэй бүтээн байгуулалтууд хийх шийдвэр гаргаад л байдаг, төсөв мөнгө цацаад л байдаг. Биелэшгүй даалгавар гэдэг шиг ажил хэрэг болдоггүй. Үүнээсээ ч ичихээ байчихсан ширлэсэн дарга сайд нартай. Ядаж л явган хүний гарцаа товлосон хугацаандаа барьчихдаг болчихоод дагуул хот байгуулах тухай яримаар байна. Тэгээд ч одоо ингэж худал ярьж мөнгө хулгайлдгаа болимоор юм. Дээрээс нь яваандаа нийслэлээ тийш нь зөөнө гэсэн нэг муу санаагаа Хархорум гэдэг төсөл дотор нуучихсан яваа. Дарга нар нь утаагүй, хүнгүй тэнд ноён сууж Монголыг захирах юм гэнэ. Улны ард түмнийг энд нь төсөв ч үгүй, мөнгө ч үгүй, хийсэн ажил ч үгүй замын түгжээ, утаа хоёртой нь үлдээх л сэдлийх нь л хаялга биз ээ. Нийслэлээр оролдсон улстөрч, улс төрийн нам хоёр улс төрд уддаггүйсэн дээ, харж л байя.