Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлж байна. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ хэлсэн юм гэдэг. Үнэхээр монгол түмний дээдийн баяр монгол наадам мөн. Жилдээ ганцхан тохиодог наадам маань шинэ сонин содон зүйлгүй, өнөө л хэдэн морь уралдсан, хэдэн бөх барилдсан, харваачид нь нум сумаа харваад уухай хашгирсан иймэрхүү дүр зурагтай болж өнгөрдөг. Шинэ зууны эрин үед цаг үеэ дагаад олон зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Монголчууд бид өөрсдийгөө өөрчилж, улс орноо хөгжүүлж дэлхийд гарч ирэх цаг нь болсон. Наадам болж буй учир наадмын тухай саналаа хэлье. Бид монгол наадмаа шинэчилж, шинээр зохион бүтээмээр санагдаад байдаг.

Тухайлбал, үндэсний сурвын харвааг авч үзье. 2000 жилийн түүхтэй, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай урианхай, буриад, халх сурын харваа гэх гурван төрөлтэй үндэсний сурын харваагаар хичнээн зуун хичээллэж, нум сум эгэлдрэглэсэн бүсгүйчүүд олон болсон. Энэ олон хүн сэтгэл зүрх, авьяас чадвар, хүч хөдөлмөр, амь амьдралаа зориулж байгаа монгол наадмын энэ төрлийг яавал олон улсын хэмжээний болгох вэ гэдгийг бодох ёстой. Сурын харвааны мэргэжилтнүүд, цол хэргэмтэй харваачид, судлаачид, зүтгэлтнүүд санаа оноогоо уралдуулж сурын харвааг шинэчлэн байт харваа шиг болгомоор байна. Байт харваа нь спортын төрлүүдээс анхлан хөгжсөн гэж тооцогддог. Монголоос дэлхийн аварга цол хүртсэн тамирчин Д.Дэмбэрэл, мөн паролимпийн анхны аварга Д.Баатаржав гээд байт харвааны спортоос тодорсон олон алдартан бий.

“Манайд байт харвааны хоёр төрөл хөгжиж байгаа.Компаунд төрөл нь Монголд 10 гаруй жил, бусад улс оронд хөгжөөд 50, 60 жил болж байна. Олимпийн наадамд энэ төрөл ороогүй. Гэхдээ тив, дэлхий, Азийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулдаг. Рекурв төрөл нь олимпод багтсан. Монгол хүн бүр нум сум харвах чадвартай. Тэгэхээр байт харваагаар амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Үндэсний сурын харваа, байт харваа хоёрыг сайн судалж давуу, сул талыг нь харьцуулах хэрэгтэй. Монголчууд байт харваагаар дэлхийд ноёлох бүрэн боломжтой. Харин ингэж чадахгүй байгаа нь бэлтгэлийн бааз суурь, өндөр давтамжтай бэлтгэл, сургууль дутмаг байгаатай холбоотой. Монголд байт харваагаар хичээллэж байгаа тамирчдын 90 гаруй хувь нь үндэсний сурын харваагаар хичээллэдэг” гэж үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин, байт харвааны дасгалжуулагч Ш.Даваахүү хэлсэн.

Сурын харваагаа шинэчлээд байт харваа шиг болговол Даваахүү мэргэний хэлснээр монголчууд дэлхийд ноёлж, олимп дэлхийн аваргууд ар араасаа хөврөх цаг ойрхон байна. Сурын харваанд ийм ийм шинэчлэлийг нэн даруй хийх хэрэгтэй байна.

Одоо хурдан морийг аваад үзье. Морины уралдаанд шинэ зохион байгуулалт мөн л илт үгүйлэгдэж байгаа. Морины уралдааныг эхнээс дуустал нь наадамчин олон сэтгэл догдлолтой үздэг баймаар байна. Манайд одоо яадаг вэ гэхээр хэдэн морь уралдаж байдаг, түрүүний хэдэн морийг аахилж уухилсан тайлбарлагч баахан удам угшил, эзэн, компани гэж ярьсаар, орилж хашгирсаар бүр залхаачихдаг. Зурагтаар үзэж байгаа хүн тайлбарлагчийнх нь орилсон дуунаас нь ядраад, төвөгшөөгөөд сувгаа солихоос аргагүй. Олон улсад морины уралдаан хэрхэн болдог жишгийг дагаж Америк, Араб, Италид болдог шиг морин тойруулгын бооцоот уралдааныг Монголдоо хийх хэрэгтэй байна. Морин тойруулгын талбай бий болгоод уралдааны зам дагууд нь төмөр зам тавьж, цахилгаан галт тэргээр үзэгчид, жуулчид морин уралдааныг үзэж, монгол наадмын нэгэн гайхамшгийг мэдэрч, бооцоо тавьж жинхэнэ утгаараа сэтгэлийн таашаалыг авдаг баймаар байна.

Улсын баяр наадмын морины комиссын даргаар олон жил ажилласан, ялангуяа “Азарганы даамал” гэж алдаршсан, Монгол Улсын гавьяат малзүйч, морины зүтгэлтэн Д.Самданжамц “Дэлхийн баячуудын хөрөнгө морин дээр эргэлддэг. Тэд хувийн онгоцоо хөлөглөж очоод морин уралдаан үздэг. Монголд яг ийм уралдааныг хөгжүүлэх бүрэн бололцоотой. Хөрс суурь, бүхий л зүйл бидэнд байна. Харин хөрөнгө мөнгө, санаачилга нь дутдаг юм болов уу даа. Эрлийз хурлийз гэж дэмий юм ярьж, наадмын хэдэн өдөр хэрэлддэгээ одоо болих хэрэгтэй. Зөвхөн наадмаар ч биш амралтын өдөр бүр морин тойруулгад уралдаан болдог, гадна дотны үзэгчид суудал дүүрэн үздэг ийм жишиг тогтоосой гэж би олон жил бодож яваа хүн юм” гэв.

Мөн тэрбээр “Манайхан морины уралдаан гэж эцчихсэн хэдэн адууг л гаргаж байна. Түүний оронд уяаны бэлтгэл, сунгаанаас эхлээд наадмын өглөө шүдэлж байгаагаас нь аваад бүгдийг харуулах ёстой. Мөн монгол адууны тэсвэр тэвчээрийг үзүүлнэ гээд хол замд уралдуулдаг. Тэгээд эцчихсэн хэдэн адуу л барианд орж ирдэг. Энэ байдлыг одоо өөрчлөөд ойрхон зайд үзэгч олон, жуулчдын анхаарлыг ёстой нэг гал гарсан уралдаанд хандуулаад, жинхэнэ монгол адууны уралдаан гэдгийг мэдрүүлэх ёстой. Богино зайн гүйлтийн тамирчид олон, дэлхийн дэвжээнд зэрэг шахах орж ирэхэд дэлгэц дээр амжилт нь секундээр хэмжигдээд гараад ирсэн байдаг. Яг үүн шиг морин уралдааныг хэмжих ёстой” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Самданжамц даамлын хэлснээр эдгээр шинэчлэлүүд морин уралдаанд хэрэгтэй байна.

Одоо тэгвэл бөхийг аваад үзье.Гол нь монгол бөх жалга довны үзэл, допинг, хэл амнаасаа холдож, босоо зогсож тэмцэлддэг дэлхийн бөх болох тэр чиглэл рүүгээ хөгжих ёстой. Узбекстаны кураш бөх, Солонгосын үндэсний шырим бөх, мөн самбо, жиүжицү гээд босоо барилдааны бөхийн төрөл олон. Эдгээр бөхийн төрлүүдийн техник, мэх, аргачлалыг монгол үндэсний бөхөд нэвтрүүлж, бөхийн барилдааны арга техникийг шинэчлэх хэрэгтэй байна. Үүнд багш дасгалжуулагчид, бөхийн зүтгэлтнүүд, улс аймгийн алдар цолтой бөхчүүд, судлаачид дор бүрнээ анхаарлаа хандуулж бодлого болгож ажиллах цаг нь ирсэн. Тухайлбал, монгол наадмын бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж амжилт гаргасан бөхчүүд дэлхийн босоо барилдааны бүх тэмцээн уралдаанд тэр жилээ албан ёсоор уригдаж оролцдог, тухайн тэмцээнүүдэд мөн л түрүүлдэг, ноёлдог бичигдээгүй хуулийг дэлхийд тогтоох нь чухал. Энэ талаас нь бодож бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтыг хийлгэдэг, арга техникийг нь бага балчраас нь зааж сургавал монгол бөх өнөөдрийнх шиг жалга жалгаараа хуваагдсан, зүүн барууны жигүүрээ манлайлна гэж хэрэлдсэн, аймаг аймгаа хэсч найраагаа хийж барилдсан, допингдоо идэгдсэн ийм байдалтай байхгүй.

Олон улсын стандарттай болоод эхэлнэ. Хариуцлагатай, нэр төртэй болж үүрэг хүлээж эхэлнэ. Тэр жил дэлхийн тулааны спортын фестиваль Солонгост болж 100 шахам орны 4000 гаруй тамирчид тулааны спортын 20 гаруй төрлөөр өрсөлдөхөд монгол бөхийн аварга О.Хангай тухайн үед харцага цолтой барилдаад шырим барилдааны хүнд жингийн төрөлд мөнгө медаль авч байсан. Японд болсон жиүжицү бөхийн барилдаанд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж байсан, кураш бөхөд Д.Анар заан түрүүлсэн гээд бөхчүүдийн сүүлийн үеийн амжилтууд бий. Тэгэхээр манай үндэсний бөх дэлхийн босоо бөхийн төрлийн шилдэг байж чадна гэсэн баталгаа бий.

Гол нь үүнд бодлого, шинэчлэл, зохион байгуулалт хэрэгтэй.Солонгосын алдартай хоолууд орон орны жуулчдын сонирхлыг татдаг. Солонгосын дайны үед юун хоол манатай өлсгөлөнд нэрвэгдэж байсан ч улс орон нь хөгжсөний дараа хоолны соёлоо өөрсдөө зохиосон гэдэг. Яг үүн шиг монголчууд бид бүхий л зүйлээ зохиож, шинээр бий болгож дэлхийд юу чаддагаа гайхуулах хэрэгтэй. Ямар зүйл бүтээвэл биднийг хүн төрөлхтөн сонирхох уу, яавал бид мөнгө олох уу, дэлхийд нэрээ гаргах уу гэдгээ бодох нь чухал. Түүнээс жалга жалгандаа наадаад “Дэлхийд ганцхан монгол наадам” гэж хий хоосон цээжээ дэлддэг цаг өнгөрчээ. “Бид бурхныг олон жил шүтсэн. Одоо бурхад бидэнд ивээлээ үзүүлэх цаг нь ирсэн” гэж судлаачид хэлээд байгаа шиг монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэх цаг иржээ. Эхлээд монгол наадмаа шинээр зохион бүтээж уламжлал шинэчлэлийг хослуулан хүн төрөлхтөнд үзүүлэх хэрэгтэй байна.