Засрах, зүгшрэх ирээдүй байгаа л гэж найдах юм

          “Эрүүл биенд саруул ухаан оршино”. “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Шөлөөр цаддаг, төлөөр баяждаг”, “Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш”, Эдийн баянаас, эрдмийн баян нь дээр”, “Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз”, “Олны дунд үгээ цэнэ, ор ганцдаа биеэ цэнэ”, “Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим”, гэхчилэн гүн, алсуур бодож хэлсэн сургаал үгс сонсож өсөх заяатай байсандаа би байнгад л олзуурхдаг юм. Харин өтлөх, ухаажих хэрээр монгол төрхийн “монголоид” хүний үүсэл, гарлын талаар, ер шар арьстангуудын өвөрмөц байдлын талаар эргэцүүлэн бодох нь өөрийн эрхгүй ихэсдэг юм байна. Бас, ер нүүдэлчдийн талаар, тэдний эхний бөгөөд эцсийн төлөөлөгчид болох монголчуудынхаа талаар эргэж бодох, лавлуулж санах, сэтгэх зүйл байнга л өсөх төлөвтэй.

          Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид шар арьстангууд тоогоороо хар, цагаан арьстангуудаас байнга олон дахин их байжээ. XXI зуунд ч мөн л тийм байна. Оюун ухаант хүний анхны цөм сүрэг, их сүрэг Азид анх үүссэний, олширч өссөний үр дагавар энэ байх. Хар ба цагаан арьстангууд бол энэ цөм сүрэг, их сүргийнхээ хоёр салбар тасархай нь бололтой. Үүсээд, өсөөд, тархаад дараа нь л дулаан Африк, сэрүүн Европруу очжээ дээ? Дулаан Африкт очоод негр болцгоож, сэрүүн Европод очоод аажимдаа арьс нь цайжээ, яг үнэг баавгай, ятуу шиг. 

 

         Энэ зууны эхэн үеийн судалгаагаар негр төрхтөний дундаж нас 70,8 жил, европ төрхтөнийх 76,4 жил, харин монгол төрхтөнийх 83,5 жил байжээ. Энэний гол шалтгаан шар арьстангуудын дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар нөгөө хоёроосоо үлэмж өндөр байдгийнх бололтой хэмээн тогтоогджээ.

 

Шар арьстанууд дотроос ялангуяа нүүдэлчид халуун, хүйтнийг, мөн агаарын их, бага даралтыг, тэрчлэн өндөр уулс болон нам газрын нөлөөг ч бусдаас илүү тэсвэрлэдэг. Нүүдэлчдийн хараа хурц, сонсгол сайн, илүүдэл жин бага, цусны бүлгийн хувьд бусдад цус сэлбэх боломж нь мөн илүүтэй байдаг ажээ. 

          Шар арьстангуудын дархлааны эсүүд бактери, вирусуудыг таних, устгах чадвараар сайн байдаг нь юуны учир билээ? Энэ нь шар арьстнууд гарал, үүслийн хувьд хар ба цагаан арьстнуудаас “илүү их өндөр настайнх” байж болох юм. Шар арьстнууд үүсээд нилээд удсаны дараа тэдний Африк, Европруу тархсан цөөн тоотой популяциудаас хар ба цагаан арьстан үүсчээ дээ? Тэдний амьдрах орчин таатай байснаас шалтгаалж дархлаа нь суларсан байж ч болох юм. Шар арьстангуудын уугуул нутаг болох Ази тив хүний дархлааны эсүүдийг илүү их чадваржуулахад тусалдаг хүчин зүйлүүдтэй байж дээ? Бүх төрлийн өвчнөөр илүү олон дахин өвчилж “сүргийн дархлаа” сайтай болсон байж ч болох юм. 

          Бүх тивийн хүмүүсийн өндөр нам, өргөн нарийн, хүнд хөнгөний дундаж нь шар арьстангууд. Шар өнгө ч гэсэн хар цагааны дундаж нь. Бүх зүйл дундажаасаа л хоёр тийшээ хувьсдаг, дундаж нь л их багаа төлөөлдөг шүү дээ. 

          Дүрсэлж хэлэх аваас шар арьстангуудын дархлааны эсүүд нь вирус, бактерийг танихдаа сайн, устгахдаа түргэн, ёстой л “ юм үзэж, нүд тайлсан” гэхээр ажээ. 

         Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, шашин шүтлэгээр ялгаварлан тэмцэлдэх үзэл суртал шар арьстангуудын дунд ямагт л бага байсан нь бас нэгийг хэлээд байгаа болно. 

 

          Нүүдэлчид (малчид, анчид ) хөхтөн амьтадтай (мал, ан гөрөөс) олон мянган жил харьцаж ирсэн болох тул тэдний анатоми, физиологи, өвчин эмгэгийн талаарх мэдлэг нь бусад ард түмнийхээс ямагт л өндөр байжээ. Нүүдэлчид мал эмчлэх аргаа өөрсөд дээрээ мөн хэрэглэж анагаах ухааныг их эрт хөгжүүлж эхэлжээ. XIX зуун гэхэд, жишээ нь Монголын анагаах ухаан нь Энэтхэг, Төвд, Хятад мөн өөрийн нь уламжлалт арга, ухааны нийлбэр болон хөгжиж, том хийдүүдэд оточ нар бэлтгэгдэж, бүр дахин сургалт, зэрэг, цол ч хамгаалж байжээ. 

 

          Негр төрхтөний дундаж наслалт, европ төрхтний дундаж наслалт, мөн монгол төрхтний дундаж наслалт чухам юунаас голлон хамаарч байгааг яг тийм гээд тогтоочихсон үнэн одоогоор алга хэдий ч негр төрхтөний хувьд дархлаа харьцангүй сул байгаа нь байгалийн нөхцөл, хоол тэжээл, эмнэлэг- эрүүл ахуйн мэдлэг, цэвэр усны хангамж, эх нялхасын эндэгдэл, байр сууцны тохь, эм эмнэлэгийн тусламжийн чанар зэрэгтэй холбоотой байх. Харин Европ төрхтөний хувьд тансаг хэрэглээний хэтрэлт, таргалалт, хөдөлмөрийн хүнд ачаалал, орчны бохирдол, хөдөлгөөний дутагдал мэт нь нөлөөлдөг бололтой. Монгол төрхтөний хувьд өмнө дурдсан сөрөг зүйлүүд арай бага байдаг нь үнэн юм. Мөн Ази тивийн эх газрын эрс тэс уур амьсгалын чийрэгжүүлэгч нөлөө, харьцангуй цэвэр байгаль орчин, эко хүнс зэрэг нь ч хэрэг болдог бизээ. Ямар ч болов монгол төрхтөн негр төрхтөнөөс 12,7 жилээр урт насалдаг ажээ. Үнэн учрыг яг таг тогтоосон судалгааны дүн удаан хүлээлгэхгүй байх. Монгол төрхийн хүмүүст байгаа тэр урт насалдаг шинжийг негр төрхийн хүмүүст буй болгочихвол юутай сайхан билээ. Хар арьстай африк нөхөд маань урт насалж, удаан жаргаг л даа! Ингээд бодохлоор амьдралын бэрхшээл, гачигдал ч хүний насыг богиносгодог юм байна. Мөн хэтэрхий тансаглал ч (архи, тамхи, их идэх, хэвтэх, наазгайрах, их унтах,таргалах гэх мэт) хүний насыг богиносгодог юм байна. Зөв амьдрах урлаг, ухаанд суралцах нь том соёл юм, тулгамдаад байгаа асуудал, зорилт юм. 

Эмчилгээ, оношилгоо төлбөртэй болсон, эм тарианы үнэ өссөн, залуус гадаадад гарч хүнд хүчир хөдөлмөр эрхлэх болсон, дээр нь нэмээд боловсрол төлбөртэй, эмнэлэг-гэгээрлийн ажил орхигдсон зэрэг нь монголчуудын урт наслалтанд муугаар нөлөөлөх боллоо. 

 

          Монголд архаг, суурь өвчтэй хүмүүсийн тоо өсөж, архидалт хавтгайрч, хорт хавдар, зүрх судасны өвчин залуужлаа. Эрүүлийг хамгаалах бодлого алдагдлаа, цаг үеэ тусгаж чадахгүй байна. Авто аваар, үйлдвэрлэлийн осол, үер усны аюул олон залуусийн амийг авч байна. Энэчлэн тоочих аваас хүүхэд, залуусын үхлийн шалтгаан ч нэмэгдэх болжээ. 

 

          Залуус гэрлээд, хоёр өрөө байр зээлээр аваад, тэр зээлээ төлөх гэсээр л хөгшрөх боллоо шүү дээ. Байр сууцны үнэ өөрийн бодит өртөгнөөсөө хэд дахин үнэтэй, бүр зэрлэг өндөр үнэтэй, байгаа нь төрийн бодлого, зохицуулалтын оролцооны алдаа, дутагдал юм. Төрийн саарал ордон өөрөө “саарал чоно, цөөвөр чононы үүр” болчихлоор жирийн хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьжиргааны түвшин яаж ч сайн байхав дээ! Энэнийг ойлгох, тооцох, засахын төлөө тэмцэх ухаан, чадавхи хүн амын олонхид нь ч бас алга. Бидний өнөөдрийн нүүр царай, байгаа байдал маань ийм л юм. “Эзэд нь хичээвэл л заяа нь хичээдэг” нь үнэн. Бидний амьдрах чадавхийн хэр хэмжээ өнөөдөртөө яг л ийм түвшинд байна. Гэхдээ засрах, зүгшрэх ирээдүй байгаа гэж л найдах юм. Засрах, зүгшрэхэд ухаан, боловсрол, ёс суртахуун, сахилга бат, эх оронч сэтгэл, зүтгэл, хөдөлмөрлөх, үйлдвэрлэн бүтээх ур чадвар хэрэгтэй, үндэсний эв нэгдэл, үнэт уламжлал, дархлаа хэрэгтэй, бага хүүтэй зээл хэрэгтэй, мерит зарчим хэрэгтэй. 40 шахам тооны улстөрийн нам харин хэнд, юунд, хэзээ хэрэг болох болоо? 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав