Засгийн газраас эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног аянг эхлүүлсэн билээ. Тэгвэл эл 100 хоног эхэлсэн өдрөөс хойш манай улсын эдийн засаг улам доройтож байна. Энэхүү 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш 45 хоногийг ардаа үдсэн.

Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр л ард иргэд бүсээ чангалсаар л... Эрх баригчид нөгөө л үлгэр шиг 100 гайхлаа ярьсаар л, эдийн засгийг босгох өдрийн тоо нь цөөрсөөр...

Эзэн-100 хөтөлбөрийн хүрээнд эрчимтэй ажил өрнүүлж байгаа зүйлгүй байгаа. Энэ тал дээр ч зарим нэг УИХ-ын гишүүд болон МАН бүлэг бодитой ажил хийсэнгүй хэмээн шүүмжилсэн.

Ажлын хэсгийн тайланг танилцуулахад "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдээд өнгөрч буй.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй гэж дүгнэх хүн олон бий.

Ц.Нямдорж: "Ерөнхий сайд аа, 100 хоногийн ажил хариуцсан ажлын хэсэг хариуцсан хүн 20 жилийн дараачийн юм яриад хэнхэглээд суух юм. Тэр хүний ажилд хяналт тавиач. Албан ёсны худлаа хэлдэг нэг хүн нэмэгдэж байх шиг байна. ЗГХЭГ гэж албан ёсны байгууллага байхад хайран мөнгө. Төмөр замд Засгийн газар мөнгө өгөхгүй байна гэж А.Гансүх сайд хэдэн удаа мэдэгдсэн. Төмөр замынхаа ажилд шаардагдах үлдсэн мөнгөө яах юм. Эрчимжүүлэх арга хэмжээний тогтоолд Төрийн өмчийн хороо болон төрийн өмчийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилнө гэсэн. Ийм гарын дор байгаа саналыг хурдан оруулж ирээд шийдэж болдоггүй юм уу. Ш.Түвдэндоржоос асуухаар хагас сайнд шийднэ л гэсэн. Дарханы чиглэлийн зам болохоо байж. Саяхан тэнд нэг шөнө есөн осол гарсан гэх юм. Гол хөдөлгөөн өрнөдөг энэ замын асуудлыг яах вэ. Хэдэн жилийн дараа хэрэгжих нь мэдэгдэхгүй хурдны замын тухай үлгэр ярьж суухын оронд Дарханы замаа шийдчихэж болохгүй юу" хэмээн өөрийн байр сууриа ширүүхэн хэлээд авсан.

Үүний хариуд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд унтаа байдлыг эвдэх нь эвдсэн юм. Ард түмэн сэргэж байсан нь үнэн. Энэ жилийн хавраас хойш үүнийг завхруулж, ард түмний итгэлийг холдуулах ажлыг та нар хийлээ дээ. Хар юмыг засахын төлөө л байна" гэв.

Ярих биш харуулах хэрэгтэй гэдгийг Шинэчлэлийн Засгийн газрынхан нэг л ойлгохгүй байх шиг. Ард түмний амьдралд хүнд ачаа үүрүүлээд байгаагийн тод жишээ бол энэ сард талхны үйлдвэрүүд бүгд талхныхаа үнийг нэмсэн. Ганц үнээ нэмээгүй байсан үйлдвэр нь хаалгаа барихгүй нь тулд энэ сарын 23-наас эхлэн мөн адил талхны үйлдвэрээс гарах үнээ 1000 төгрөг болгож орхилоо. Мэдээж худалдан авагчдаа болоод үнээ нэмэхгүй яваад байж чадах боловч ажилчдын цалин хөлснөөс гадна талхаа хийдэг түүхий эдийнхэн нь үнэ нэмэгдсэн болохоор ийн нэмж буйгаа учирласан.

Өнөөдрийн байдлаар монголбанкнаас ам.долларын зарласан үнэ нь 1825 төгрөгтэй тэнцэж байна.

Удахгүй наадам болох гэж байгаа. Харин төрд суугаа эрхэмүүдийн наадмаар идэх хуушуур хүртэл төсөв гаргаж байх юм. Улсын төсвийг хамаагүй үрэн таран. хийх цаг нь биш л байлтай. Тухайлбал, төрийнхөний идэх хуушууранд 10 сая төгрөг төсөвлөсөн.

Эдийн засаг хямарч ард иргэд нь бүсээ чангалаад явж байхад төрд суугаа бидний төлөөлөл 10 саяар хуушуур зооглож суух нь хэт тансаглал гэхээс өөр хэлэх үг алга. Нэгэнтээ Н.Алтанхуяг гуай өндөг тансаг хэрэглээ хэмээн ярьсан. Үнэ нь нэмэгдвэл ард түмнээ өндөгийг тансаг хэрэглээнээс хас гэж айлдсан. Тэгвэл Ерөнхий сайд аа "10 саяын  хуушуур" бүүр ч тансаг хэрэглээ шүү!

 

Х.Даваа