Монголд дугуйн спорт үүсч хөгжсөнөөс хойш 56 жилийн нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд дугуйн спортын шилдэг тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртэн, эх орныхоо нэрийг дуургасан нь цөөнгүй. Харин монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээж, анхны алтан медалийг эх орондоо авчирсан хүн бол  ОУХМ Т.Энхжаргал юм. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-нд Энэтхэгийн Дели хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. Улмаар энэ оны тавдугаар сарын 28-нд Казахстан улсын Караганда хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэнийг уншигчид маань мэдэх байх.

“Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд мөнгөн медаль хүртэж байсан бол 1989, 2001 онд МУГТ Ж.Өлзий-Орших Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, мөн Х.Ууганбаяр мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй ажээ. Тэгвэл энэ бүхнээс хойш буюу бараг 12 жилийн дараа ОУХМ Т.Энхжаргал монголын тамирчдын мартагдах шахсан амжилтын буухиаг алтан медалиар үргэлжлүүлсэн гэдэг.

Усанд сэлэлт, триатлоны спортоор хичээллэж явсан шавилхан охин нэг л өдөр дугуйн спортод “дурлан”, ОУХМ Ж.Даваатогтох багшийнхаа удирдлаган дор бэлтгэл хийх болсон гэдэг. Улмаар 2012 оны тавдугаар сард Бүх ард түмний спартакиад, зургадугаар сард Улсын аварга шалгаруулах тэмцээн, долдугаар сард Цэрэг цолны тэмцээнээс алтан медаль авч спортын мастер болж байжээ. Азийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээнд амжилт үзүүлэн алтан медалийн эзэн болсон түүнийг энэ удаад хүрэл медаль хүртээд ирэхэд нь сэтгэл дундуур угтсан хүмүүс цөөнгүй байсан биз. Гэвч дугуйн спортоор хичээллээд дөнгөж жил гаруйхны дараа амжилт алдраа дуурсгаж эхэлсэн тамирчин бүсгүйн зүтгэл ийнхүү талаар болохгүй нь мэдээж.

Угтаа бол мэргэжлийн хэмжээнд бэлтгэл сургуулилтаа хийж, олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцдог дугуйн спортын тамирчид тийм ч олон биш. Учир нь энэ спортыг дэмжиж, шилдэг баг тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд бэлтгэж оролцуулахад туслах газар тун ховор болохоор тэр. Монголын дугуйн спортын холбоотой хамтарч ажилладаг цөөн хэдэн байгууллагын тусламж дэмжлэгээр тамирчид маань хувийн бэлтгэлээ базааж, ёстой л бор зүрхээрээ өдийг хүртэл зүтгэж ирснээ хэнээс ч нуудаггүй юм билээ. Дугуйн спортын тамирчдын хувьд, тэмцээн уралдаанд амжилт гаргахад нэн түрүүнд шаардагдах зүйл нь дугуй байдаг. Үнэндээ энэ бол техникийн спорт учраас хамгийн сүүлийн үеийн хийц загвартай, сайн чанарын  дугуйтай байж л өрсөлдөгчөө давна гэсэн үг. Гэтэл тэр бүр шинэ дугуй аваад байх боломж манайд тамирчдад байгаа бил үү. Бидний өдөр тутам хэрэглэж буй гар утасны загвартай адилхан бараг хэдхэн сарын дотор өөрчлөгдөж шинэчлэгддэг дугуйны тухайд үнэ өртөг нь ч чамлахааргүй өндөр байдаг юм билээ. Тиймээс тамирчид маань хамаг байдгаа шавхан байж басхүү бусдын тусламж дэмжлэгээр авсан ганц дугуйгаа бэлтгэл хийхдээ болон тэмцээн уралдаанд оролцохдоо ч хэрэглэдэг нь нууц биш.   

Төрөл загварын хувьд тэгтлээ их хуучирч муудаагүй боловч байнгын бэлтгэл сургуулилт хийж буй үед дугуйны араа гинж сулрах, рамыг нь уяхаас өгсүүлээд бэрхшээл их гардаг аж. Ийм дугуйгаар олон улсын тэмцээнд өрсөлдөж, шинэ “зэвсэг”-ээрээ гайхуулсан шилдэг тамирчидтай уралдана гэдэг үнэхээр том зориг гэдгийг тамирчид маань ч өгүүлсэн удаатай. Энэ мэт дугуйн спортын тамирчдын хувьд нэн шаардлагатай асуудлын тоонд бэлтгэл сургуулилт хийх дугуйны зам ч багтана. Онгорхой нүх, эвдрэл багатай зам талбай хайсаар байгаад бараг хөдөөг зорих дөхдөг тамирчдын хувьд шинэ дугуйн замтай болох нь жинхэнэ мөрөөдөл гэж байгаа. Тиймээс олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг тамирчдынхаа амжилтыг мөнхөлж, алтан медалийн буухиаг таслахгүй гэвэл энэ мэт асуудалд төрөөс анхаарах цаг хэдийнэ болсон мэт. Жил бүр олон улсын тэмцээнд оролцохдоо хуучин дугуйгаа унадаг “бор зүрх”-тэй тамирчдаа шүүмжлэх үү. Аль эсвэл зохих асуудлыг нь цаг тухайд шийдвэрлэж өгөөд алдар гавьяа, амжилт бүхнийг нь “нэхэх” үү гэдгээ бодох цаг хэдийнэ болжээ.

Б.Содон