2013 оны 11 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /МӨХ/ албан ёсоор татан буугдсан билээ. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүх гишүүн  Монголын хуульчдын холбоонд /МХХ/ албан ёсоор элссэн.   Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийн хоёр холбоо зэрэгцэн ажиллах боломжгүй хэмээн ийнхүү өмгөөлөгчдийг албан ёсоор   МХХ-д гишүүнээс элсүүлсэн.  Гэтэл МӨХ нь төрийн бус байгууллага гэдгээр оршин тогтнож хуучин удирдлагууд нь тэр хэвээрээ МХХ-нд чамлахааргүй албан тушаалд томилогдсон байдаг.  Энэ нь МӨХ-ны удирдах зөвлөлд байсан “хурган дарга” нар  албаны шугамаар олгогдсон байсан дотоод сүлжээ, өмгөөлөгчдийн мэдээллийг ашиглан өөрсөддөө давуу  байдал үүсгэх замаар томилгоог ашигтайгаар зохицуулсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

 Улмаар МӨХ-ны удирдлагад байх хэсэг нөхдүүд төрийн бус байгуууллага гэдэг нэрийн дор татан буугдсан МӨХ-ны нэрийг хуулийн дагуу  ч юм шиг хууль бусаар  ч юм шиг ашиглан ашиг олж байгаа нь өмгөөлөгчдийн зэвүү дургүйг хүргээд байна. Өөрөөр хэлбэл албан ёсоор татан буугдсан байгууллагын нэрийг барьж, тус холбоонд хандсан төсөл, ямар нэг албан тушаал, олон улсын байгууллагуудаас орж ирэх санхүүжилт зэргийг хяналтгүйгээр захиран зарцуулах, өмгөөллийн томоохон хэргүүдийг өөрсдийн байгуулсан Монгол Өмгөөлөгч, Адвокэйт, Элч зэрэг хуульзүйн фирмүүддээ авч байгаа  ажээ.  Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар 2013 оны 8-р  сараас эхлэн шинээр шүүхэд төлөөлөх эрхээ авсан өмгөөлөгчдийг хавчин гадуурхаж эхэлсэн байна. Улмаар МӨХ-ны татвар гэх нэрээр сар бүр 200 000 ₮ өгөхийг өмгөөлөгчдөөс шаарддаг ажээ.  Тэгтэл өмгөөлөгчид Монголын бүх өмгөөлөгч МХХ-нд татвар төлдөг. Тэгэхээр өмгөөлөгчид 2 биеэ даасан байгууллагад 2 татвар төлнө гэсэн үг.  Уул шугамдаа МӨХ нь хуулийн дагуу татан буугдсан байгууллага. Хэрэв татвараа төлөхгүй бол сэжигтэнтэй уулзах томилолт өгөхгүй гэсэн байдлаар цаас олгодог давуу байдлаа ашиглан эрхшээлдээ байлгаж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийг “өмгөөлөгчийн томилолт” гэх урьдчилан хорих төвд хоригдож буй хүнтэй уулзах зөвшөөрөл маягийн зүйлээр барьцаалан татвар өгөхийг тулган шаардаж байна. Харин энэхүү үйлдэл нь ямар ч хуулинд байхгүй  зүйл бөгөөд  ингэж  тулган шаардах нь өөрөө ёс бус үйлдэл юм.  

Мөн МӨХ-ны сахилгын зөвлөл гэгч нь ажиллаж өнөөдрийг хүртэл өмгөөлөгч нарт хариуцлага тооцож байна. Гэтэл хууль бус холбооны зөвлөлийн шийдвэр хэрэгжих боломжгүй бөгөөд энэ нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд байхгүй ажээ.  

Үнэндээ МӨХ гэх байгууллагын татварын мөнгөөр боссон эд хөрөнгийг цөөхөн хэдэн удирдах зөвлөлд байх нөхдүүд дураар захиран зарцуулах эрхийг эдлэн өнөөдрийг хүртэл өөрсдийн мэдэлд ямар ч хяналтгүй ашиглаж байна. Эдгээр өмч хөрөнгө угтаа Монголын бүх өмгөөлөгч нарын дундын өмчлөлд тооцогдоно.  Өөрөөр хэлбэл, МӨХ татан буугдсанаар тухай байгууллагын өмч хөрөнгө МХХ-ны эзэмшилд шилжих ёстой.  Ингэснээр БГД-д байрлах өмгөөлөгчдийн байр нь бусад өмгөөлөгчид ашиглах эрхээр хязгаарлагдсан хэдхэн хүнд л мөнгө олох боломж олгосон байдаг. Уг байр төрийн бус байгууллагын хувийн өмч биш юм.

МӨХ гэх байгууллага шинээр үнэмлэх олгож байна. Монголын бүх өмгөөлөгчид Дээд Шүүхээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх авсан. Гэтэл үүнийг үгүйсгэн ямар эрх зүйн үр дагавар авчирахгүй МӨХ-ны гэх үнэмлэх, тамга олгох болж түүнийгээ “.. та өмгөөлөгч болсон гэдгээ манай төрийн бус байгууллагад заавал бүртгүүлснээр баталгаажуулна..”агуулга бүхий зүйл тайлбарлаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна гэдгийг хэлэх өмгөөлөгч нэгээр дуусахгүй байна.  

МӨХ-ны ёс бус үйлдэл  нь даамжирсаар байгаа бөгөөд  олон өмгөөлөгчийн зэвүү дургүйг хүргэсэн энэ үйлдлийг  таслан зогсоохоор Монголын өмгөөлөгчид  хоёр талцан “үзэлцэж” байгаа ажээ. Тиймээс асуудлаа нэг мөр шийдүүлэхээр Хууль зүйн яамд хандаад байгаа бөгөөд яамаас ажлын хэсэг гаргасан байна.  Ажлын хэсэг   МӨХ-г  татан буулгах, үлдээх эсэхийг шийдэж энэхүү асуудлыг  нэг мөр  эцэслэх юм байна. Тэр үед энэхүү ёс бус  үйлдлийн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа