​Хааяа энэ сайт руу шагайдаг, аль болох гэгээлэг, сайхныг нь түүж уншихыг хичээдэг байж билээ. Харин энэ удаад би өөртөө тохиолдсон, надад жаргалыг, шаналалтай нь өгсөн дурлалынхаа талаар хуваалцмаар санагдлаа.

Нэг хөөрхөн охин байжээ, найз залуутай юмсанж. Гэхдээ найз залуудаа үнэн сэтгэлээсээ хайргүй юм байж. Гэтэл нэгэн өдөр өөр нэгэн залуу түүний амьдралд дайраад ороод ирж, охин хэдийгээр найз залуутайгаа хэлдэг байсан боловч нэг мэдэхэд л тэр залууд өөрийн эрхгүй сэтгэл нь татагджээ. Түүнтэй харилцахгүй 1 өдөр болоход л уйтгарт автан шаналдаг болжээ. Тэгээд нэг өдөр зориглоод салмаар байгаагаа найз залуудаа, гэрийнхэндээ ч хэлжээ. Харин хэн нь ч зөвшөөрсөнгүй. Нийлж байгаад л охиныг ятгаж өгч дээ. Танилцаад сар ч болоогүй, сайн мэдэхгүй хайртай залуугаа сонгох уу? Таван жил үерхсэн найз залуугаа сонгох уу? Охин яахаа мэдэхээ байгаад зөндөө уйлжээ. Эцэст нь охин найз залуугаа сонгожээ, хайртай залуудаа ч хэлж гэнэ. Тэгээд тэд дахин уулзахаа, харилцахаа болихоор шийджээ. Гэвч үүрд битгий хэл хором холдоход л бие биенээ үгүйлдэг хоёр чадсангүй гэнэ. Нууцаар харилцсаар, уулзсаар нэг л мэдэхэд олон сар өнгөрчихжээ. Тэгээд тэр хоёр дахин сайн ярилцаж гэнэ, цаашдаа бусдыг ч, өөрсдийгөө ч хуурч чадахгүйгээ ойлгосон болохоор.

Энэ бүх хугацаанд хайртай охин нь хичнээн их шаналж, уйлж байгааг харсан болохоор залуу түүнийг дахиж зовоохгүй гэсэндээ ингэж хэлжээ. “Чи минь ямар ч шийдвэр гаргасан бай, би чинийхээ шийдвэрийг хүндэтгэнэ. Намайг орхилоо ч гэсэн надад өгсөн тэр сайхан хайрыг чинь санаад би чамайг буруутгахгүй, цаашдаа ч толгой гудайлгүй сайхан амьдарч чадна, гэхдээ чамтай байхыг л хүсэж байна” гэж. Охин харин хариулж гэнэ. “Хэнээс ч мэдрээгүй сэтгэлийг би чамаас л мэдэрсэн, зөвхөн чамтай байхдаа л би жаргалтай байдаг. Гэсэн ч миний төлөө амьдралынхаа 5 жилийг зориулсан, бас намайг үнэн сэтгэлээсээ хайрладаг тэр сайн хүнийг би хог шиг орхиод явж даанч зүрхлэхгүй нь. Хоюулаа энэ удаад үнэхээр хичээгээд, дахин харьцахгүй байх гээд үзье” гэжээ. За нэг иймэрхүү л юм болчихоод сууж байна. Би түрүүлж бичихгүй гээд амлачихсан болохоор хүлээгээд л, хүлээгээд л. Үргэлж бодогдоод л, үе үе зургийг нь хараад л, надруу тэсвэр алдаад биччихээсэй гэж харуулдаад л, бас энэ цаг хугацаа нь надаар даажигнаж байгаа мэт дэндүү удаан өнгөрөх юм.

Түүнийг ч гэсэн яг над шиг ингээд л сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн юу гэж бодож байна? Охины зөв үү? Хэрвээ та түүний оронд байсан бол 5 жил үерхэж, 3 жил хамт амьдарсан хүнээ орхиод сайн танихгүй хүн дээр яваад очиж чадах уу? Бас бүтээх гэж явсан амьдралыг нь зүсээд ороод ирчихсэн би муу хүн үү? Тэгээд бидний хайр юунд буруутай вэ? Угаасаа хайрласан ч хамт амьдрахгүй тавилан гэж байдаг юм болов уу?