Муудсан мах, бөөгнөрсөн гурил нийлээд 700 төгрөг


Хуушуураа аваарай, сая хайрсан сайхан хуушуур... ийн хэлэн хумсныхаа завсар бүгсэн хирийг анзаарсан шинжгүй, хувинд давхарлан өрсөн хуушуураа эргүүлэн тойруулан зогсох эмэгтэй, эрэгтэй хүмүүстэй бид өдөр бүхэн таарсан ч тэр бүр анзаарахгүй өнгөрөх болоод удав...


 
    Арга үгүй байх. Их ажлын ачаалал, нарны халуунаас зугтаж, үдшийн сэрүүнд амжаад гол орчих, харанхуй болохоос өмнө модны сүүдэрт таван хором амрах гэсэн нийслэлчүүд  Баянзүрхийн товчоог зүглэх болсон. Харин ийм хүмүүсийг амдсан хуушуурын наймаачид зам дагуу эгнэх болоод сар гаруй хугацааг үдэж байгаа. 


 
Нэг талаараа нэгнийх нь амьдрал, нөгөөгийнх нь хэрэгцээ мэт боловч,  амрыг бодож зам зуураас хүнсээ бэлтгэж байгаа хэн ч тухайн хуушуур нэртэй гурилд боосон махны өөдсийг ямар нөхцөлд хэрхэн бэлтгэж байгааг тухайн үед огт боддоггүй. Харин худалдаж, борлуулж байгаа этгээд нь ашиг л олж байвал, хямд махыг ахиухан амтлагчтай хольж, чанасан болоод зарахыг л бодох...


 
Ийм л зөрөлдөөний дунд ашиг олж, амьдралаа залгуулагчид зөвхөн Баянзүрх дүүргийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр давтал 39 цэгт худалдаа хийж байв. Тэдгээр хуушуурын худалдагчдын ихэнх нь  ажил хийх боломжгүй /өөрсдийнх нь хэлснээр/ багтраа болон бусад төрлийн өвчтэй, нялх хүүхэдтэй, нас өндөр болсон хүмүүс гэх.


Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд хуушуураа хайрах эдгээр иргэдийн мууг үзэх гэхээсээ илүү агаарт гарч сайхан амрахдаа замаасаа бэлэн хүнсээ бэлтгэж байгаа нийслэлчүүд маань ямархуу нөхцөлд хэрхэн хийсэн хуушуураар үйлчлүүлээд байгааг сурвалжлахыг зорьсон юм.


Ботгирсон тосонд чанасан хуушуур 700...


Зах дагуу үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн зарж байгаа хуушуур 700 төгрөг. Халиартай, хонины махан, баяжих, эгшиглэнт төгөлдөр, шинэ хуушуур, халуун хуушуур, монгол дээж гэх мэтээр тэнд худалдаа эрхэлж байгаа иргэд зарж байгаа хуушууртай “арааны шүлс асгарам” нэр өгсөн байх бөгөөд эгээ л машинтай иргэдийн өмнө хуушуураа гаргаж чулуудах нь холгүй аашлах нь нүдэнд содон гэж жигтэйхэн.


Бага насны хоёр хүүхэдтэй болохоор харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй, хуушуур хайрч зам дээр зарж байна хэмээсэн 40 орчим насны эмэгтэй, 12 цагт Улиастай эцсээс Амгалангийн гүүрэн дээр 50 хуушууртай ирж зарж байгаа гэнэ. 15 цаг болоход түүний бүх хуушуур дууссан бөгөөд маргааш дахин 50 хуушууртай ирнэ гэсээр сав суулгаа хумхин машиндаа суухдаа урд талын суудлын дороос шилтэй шар айраг гарган ирээд цангаагаа тайлж байна хэмээн залгилах нь тэр. Гуравхан цагийн дотор 35 мянган төгрөгийн ашигтай ажилласан болохоор ходоодоо баярлуулах нь түүний зөв ч бага насны хоёр ч хүүхэдтэй машин барин замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа нь аймшигтай санагдан, сануулахад “манай гэр ойрхон хөдлөөд л орчихно” хэмээн юу ч болоогүй мэт өгүүлдэг юм байна.


Хуушуурын борлуулагчдын хувьд хувийн бүү хэл хавийн ариун цэвэр дэндүү муу. Хирэндээ баригдсан, хар хумстай гараарааа санаа зовсон царайгүй, базаж аваад л гялгар уутанд хийгээд худалдан авагчдаа өгч байгаа бүсгүйгээс “наад гараа угааж, хумсаа авчихаж болдоггүй юм уу” хэмээн асуугаад бараг л загнуулчихав. Өглөөнөөс аваад л зогсч байна, хумс аваад маяглаад зогсох зав алга хэмээн ширэв татсан бүсгүйгээс хаана хайрч авчирч байгааг асуухад мэдэхгүй хэмээн мөрөө хавчдаг юм байна.


Энэ үеэр тэр бүсгүйн хажууд зогсч байсан хүү, нэгэн хашаа руу гүйж орохыг нь харсанаар хойноос нь очвол,


 
ийм л тосоор, ийм л орчинд бас энэ байшинд 

 


Ийнхүү хуушуур хайрч байсан юм... Байшинд тогооч гэх нэг эмэгтэй, уг тогоочийг хөлсөлж ажиллуулдаг гэх хижээл насны бас нэг эмэгтэй байсан бөгөөд өөрсдийгөө ариун цэврийг дээд зэргээр сахиж ажилладаг хэмээн өмөөрөхөөс гадна доорх зурганд байгаа шар савтай тосоор хуушуураа хайрдаг гэсэн тайлбар өгсөн.


 
Энэ саванд байсан тосоор хоёр өдөр /хайрдаг хуушуурынхаа тоог нууцлав/ хуушуур хайраад тос нь ийм болдог гэнэ. /доорхи зураг дээр байгаа савтай тос/ Биднийг тэднийг очиход тогооч бүсгүй тосоо уудалж байсан бөгөөд хэсэг амраад дахиж хайрах гээд хэмээн хөлсөө арчиж байлаа. Харин өөрийгөө эзэн хэмээн танилцуулсан хижээл насны эмэгтэй, “хэзээ байтлаа хэдхэн хуушуур авах гэсэн хүн хаана хэн хайрсан юм гээд шалгаж байдаг болов. Та нар хаанаас явж байгаа хүний муу үзэгсэд вэ хэмээн ихэд бухимдан, энэ тосыг асгах гэж байсан юм, хэзээ байтлаа нэг тосоор хоёр өдөр хуушуур хайрч байсан юм, худлаа битгий яриад бай” хэмээн тогоочоо загначихав. 


Нурж унах шахсан шавар тагзнаас нь шохой унаж, газраар нэг тарааж тавьсан чимхэж бэлтгэсэн бололтой хуушуурынх нь дээгүүр ялаа дүнгэн нисэн, үүдэнд нь ботгирч харалсан муухай үнэртэй тостой түмпэн хэвтэх. Дөнгөж хайраад гаргасан хуушуурууд дээр нь ялаа тухалж, эзэн хэмээн өөрийгөө танилцуулсан эхнэр ихэд амьсгаадан, өөрийгөө хүнд өвчтэй, ингэж мөнгө олохгүй бол манай гэрийнхэн яаж амьдрах билээ дээ хэмээн цухалдах аж.


Харин танд болон танай тогоочид ядаж эрүүл мэндийн үзлэгт орсон гэх цагаан дэвтэр байна уу гэсэн асуултад байхгүй ээ, угаасаа би астам /багтраа/ өвчтэй, байнга л эмчийн хяналтад байдаг юм чинь эрүүл мэндийн үзлэгт ороод яах юм хэмээн адрах аж.


 
Дугуй засварын газар хуушуур хайрдаг гэнэ


Эндээс бид дараагийн хүн дээр очлоо. Бараг хагас метр хүрэхгүй газар хуушуур зарж зогссон бүсгүй, танайх хуушуураа хаана хайрч байгаа вэ. Бид олон хуушуур авах болохоор хайрч байгаа газраас чинь очоод авчихмаар байна гэснээр биднийг дагуулан урдхан нь байрлах гаднаа ямар ч хаяггүй жижигхэн  амбаарт очиход үнэндээ энэ жил бүү хэл ирэх жилдээ ч хуушуур худалдаанаас авч идэж чадахгүй болтлоо ой гутсан.


Татсан махаа базаж байгаад болин нусаа нирхийтэл газар нийчихээд юу ч болоогүй мэт гараа хир даг болсон хормогчныхоо үзүүрт арчсан болоод дахин махаа холин базаж эхэлсэн залууд “байгаа байдал чинь хэтэрч байна, ядаж гараа угаас ус байдаггүй юм уу” хэмээхэд, “яасан юм. Энд угаасаа гар угаах ус байхгүй, тэгээд ч манайх цэвэрхэн, бас хонины махтай хуушуур хийж байна. Хүмүүс юуны махтай хуушуур вэ гэж асуухаас гараа угааж хийсэн үү гэж асуудаггүй биз дээ. Хэрэв чиний дургүй хүрээд байвал цаана чинь харагдаж байгаа дугай засварын газарт хайрч байгаа хуушуурыг ав л даа. Аймаар бохир авгай нөхөр хоёр байдаг юм” хэмээгээд ойрд угаасан болов уу даа гэмээр бохир шар шүд гарган инээж хэрэндээ л намайг даажигнаад байгаа бололтой нь ой гутмаар харагдахыг яана...


Ингэхэд монголчууд бид хээгүй гэхэд арай л хээгүй, хэтэрсэн гэхэд арай л дэндсэн хоолыг хүнсэндээ хэрэглээд байгааг энэхүү сурвалжлагаас уншигчид маань харсан байх. Тун удахгүй наадам болно. Наадмын хуушуур иднэ гэж хүүхэд хөгшидгүй хөөрцөглөдөг монголчууд маань хэн гэгчийн ямархуу газар хийж болгосон бүтээгдэхүүнийг ходоод руугаа хоол хэмээн шидэж байгаагаа бодоход илүүдэхгүй л болжээ гэдгийг сэтгүүлч миний бид сануулах юун...