​Хүний хорвоод байж боломгүй гутамшиг, амьдын яргалал, сэрүүн там болох “Хүний наймаа” гэдэг зүйл монголын хувьд гүүр байсан бол одоо ангилал ахиулж сүлжээ болон “цэцэглэж” байна.

Гадаадад сургана, ажлын байранд зуучилна гэх зэргээр хуурч, заримыг нь бүр хүчээр аваад явдаг аймшигтай цаг үе ирчихсэн гэхэд хилсдэхгүй. Хүн худалдаалагчдын зуугаас 10 нь илэрдэг. Араваас хоёр нь л ял сонсдог байна.

Гэтэл хүний наймаанд өртсөн монгол охидын тоо 3000-5000 хүрчээ. Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын нэг болох “Лантуун дохио” ТББ энэ өдрүүдэд “Нэг мэдээлэл-Нэг амь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг Unbound байгууллагын хуульч, сэтгэл зүйч мэргэжилтэн нар хамтран явуулж байгаа аж. Хамгийн сүүлд АНУ-ын элчин сайдын яамнаас хийсэн судалгааны тайланд Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтсан байна.

Дэлхий дээр жилд дунджаар 2,5 сая хүн хүний наймааны золиос болдгийн 1,4 сая буюу 56 хувь нь Азийн орнуудад болдог. Тэгвэл манай хохирогчдын хувьд хүний наймаа нь ихэнхдээ гадаад оронд мэхлэгдэн очоод тэндээ худалдагдсан байдаг ажээ.

Өнөөдөр манайд гэрч хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас болоод хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг зэрэг олон асуудал байсаар байна.

Unbound байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж дараах тодруулгыг авсан юм.

-Хүний наймаанд ямар хүмүүс илүү өртөөд байна?

-Анхаарал болгоомжгүй. Өөрсдийгөө хамгаалах, хүний наймаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх аргаа мэддэггүй бүх л хүмүүс үүнд өртөх магадлалтай. Яг тодорхой тийм хүн гэж хэлэхэд хэцүү.

-Ийм эрсдэлд орохгүйн тулд хүмүүс яах ёстой юм бэ. Хүнийг гаднаас нь хараад дүгнэхэд хэцүү шүү дээ?

-Залуу охид, хөвгүүд хүнтэй ойр байх, танилцах хэрэгцээ гардаг. Яг тэр хэрэгцээн дээр нь тулгуурлаад хүний наймаачид ажиллаж эхэлдэг. Тэдний арга улам нарийсч байгаа нь үнэхээр аймшигтай. Олон нийтийн газар очоод нэг хүнтэй танилцах, яриа өдөх улмаар тэр хүний хувийн амьдралд нэвтэрснээр ажлаа хийх бүрэн боломжтой болдог.

-Хүний наймааны талаарх мэдээллийг иргэд хаана хандаж өгөх ёстой вэ?

-Америкийн хувьд үргэлж нээлттэй байдаг Hot line гэж шууд утас байдаг. Монголд энэ утсыг бий болгоё гэсэн боловч дэмжигдээгүй. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулах санхүүжилт байгаагүй гэж ойлгосон.

Хүний наймаа нэмэгдээд байгаа өнөө үед энэ утас үнэхээр шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Болзошгүй эрсдлээс сэргийлэх хамгийн эхний алхам бол энэ утас. Монголын хувьд хүний наймаатай холбоотой асуудал дээр ажилладаг хоёр л төрийн бус байгууллага байна.

-Hot line утасны давуу тал юу вэ. Хүмүүс энэ утсанд мэдээлэл өгснөөр ямар арга хэмжээг авдаг вэ?

-Энэ утас руу залгаад хүний наймаатай холбоотой мэдээллийг авч, бас өгч болдог. Мөн хүний наймаанд өртсөн хүн залгалаа гэж бодоход яаж, хаана байна гэх мэт асуултуудыг асуулгүйгээр цагдаагийн байгууллагатай хамтраад интернетийн сүлжээ ашиглан байршлыг тогтоон түргэн шуурхай арга хэмжээг авдаг.

Хохирогчийг аюулгүй газар байрлуулсны дараа гэмт этгээдүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хайж эхэлдэг. Түргэн шуурхай арга хэмжээ авдгаараа илүү давуу талтай.

-Хүний наймаачид цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаад байна гэсэн яриа бий. Үүнийг яаж зогсоох вэ?

-Нэг цагдаа хүний наймааг олж илрүүллээ гэж бодоход мөнгө өгөөд аргалчихдаг тал бий. Яагаад гэхээр тэр цагдаад мөнгө хэрэгтэй болохоор аль алинд нь ашигтай болоод байна.

Тиймээс хуулиа эргэн харж хуулийн цоорхойг нөхөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр цагдаа мөнгийг аваад ямар ч ашиггүй байх тал дээр ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-Жирийн нэг иргэн хүний наймаанд өртөхөөс яаж сэргийлэх вэ?

-Хүмүүс анхаарал болгоомжгүйгээсээ болоод хувийнхаа мэдээллийг олонд дэлгэж байна. Өөрөөр хэлбэл, гэрийн хаяг утасны дугаар гэх мэт хувийнхаа мэдээллийг фэйсбүүк, твиттер зэрэг вэб сайтуудад дэлгээд байх шаардлагагүй. Энэ нь сэргийлэх нэг арга юм.

Мөн хамаагүй хүнтэй танилцаж дотносохгүй байх зэрэг аргууд бий. Охид залуусын хувьд ирээдүйн ханиа олохын тулд хүнтэй танилцах хүсэл эрмэлзэл нь тэднийг энэ асуудалд унагадаг.

-Хүний наймаанд өртсөн хүмүүсээр юу хийлгэдэг вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Монголын хувьд хийсэн судалгаанаас харвал нийт хүний наймаанд өртсөн хүмүүсийн 48 хувь нь бэлгийн дарамтанд өөрөөр хэлбэл хүчээр биеэ үнэлж, 32 хувь нь гадаадад цалин хөлс, амрах завгүй хар ажил хийж, есөн хувь нь гадаадын иргэнтэй хүчээр гэрлэж, 11 хувь нь эд эрхтнээ алдсан гэсэн судалгаа байна.

С.Дуламсүрэн

Эх сурвалж: “Нийслэл таймс”