buses

Х.МОНГОЛХАТАН

Нийтийн тээврээр хүүхэд зорчихийг хязгаарлаж, сургууль бүрийг зориулалтын автобустай болгох талаар бид өмнө нь “Нийтийн тээвэр: Хүүхдүүд 200 төгрөг, оюутнууд үнэгүй”, “Автобустай сургуулийг урамшуулъя” нийтлэлүүдээрээ хөндсөн билээ. Цаашид ч автобусны буудал дээр бээрсэн шувуу шиг цовхчих бяцхан хүүхдүүдийг дулаан авто­бусаар тухтай зорчдог болтол, нэг ч болов сургуулийг сурагчдаа зөөх автобустай болтол, төр засаг холбогдох яам, харьяа газруудыг анхаарлаа хандуултал бичих болно. Учир нь сургуулийн автобусгүйгээс хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Тиймээс ямар арга зам байгааг хамтдаа эрэлхийлж, зөв гарц олж асуудлыг шийдэхэд нь туслахаар бид Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэллээ.

10-28-5

НЭГ ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХЭД 3.1 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

 

Юун түрүүнд сурагчид сургуулийн автобусгүйгээс болж ямар эрсдэлтэй тулж, ямар хохирол амсч байгааг баримтад түшиглэн сануулья.

Хүүхдүүд гэр сургуулийнхаа хооронд хараа хяналтгүй явах, сургуулийн ойр орчинд замын тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио байдаггүйгээс зам тээврийн осолд өртөх нь их байна. 2014 онд 3637 хүүхэд зам тээврийн ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасагт хүргэгдсэн байна. Эдгээр хүүхдийн 859 нь 0-5 насных бол, 1889 нь 6-14 настай, 889 нь 15-18 насны хүүхдүүд байна. Үүнээс 590 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэдний зөвхөн эм тарианы зардалд 85 сая 440 мянга төгрөгийг улсаас гаргажээ.

Мөн дээр нь эм­чилгээнд шаард­лагатай бүх эм тариа эмнэлэгт байдаггүй учраас бараг л тал хувийг нь ар гэрээс гаргуулдаг гэх. Нэг хүүхэд багадаа 7-12 хоног хэвтдэг бөгөөд хэдэн сараар хэвтэх тохиодол ч бий. Энэ хугацаанд хүүхдээ сахиж хэвтэхээр эцэг эхийн аль нэг нь ажлаасаа чөлөө авна, хоол цай зөөнө гээд гэр бүлээс гарах зардлыг тоочоод барамгүй. Энэ бүгдийг нийлүүлэн гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нэг хүүхдийн зардлыг хамгийн багаар тооцож үзэхэд 3.1 сая төгрөг болжээ. Мөнгөөр бодож, үнэлж болох зүйлсийг бодоход л энэ шүү дээ. Харин тухайн хүүхэд хичээлээсээ хоцрох, ослын хор хохирол цаашид сэтгэл санаа болоод бие махбодид нь хэрхэн нөлөөлөх гээд олон асуудал бий.

 

ӨДӨРТ 7-8 СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА

 

Томчууд биднийг Оюутолгой, Тавантолгой, төсөв мөнгө, эдийн засаг, улс төрийн асуудлуудад анхаарлаа хандуулж суух хойгуур Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд зам дээр өдөр бүр осолдсоор, эрүүл мэндээрээ хохирсоор, амь насаа алдсаар байгааг дахин сануулъя. Зөвхөн энэ оны эхний зургаан сарын байдлаар 0-15 насны 1368 хүүхэд бас л машинд мөргүүлж, шүргүүлж, дайруулснаас дөрвөн хүүхэд нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Осолд өртсөн хүүхдүүдийг насаар нь ангилбал 6-9 насных 402, 10-13 насны хүүхэд 369, 14-17 насных 372 байжээ.

Өглөөхөн эрүүл саруул инээгээд үлдсэн хүүхэд нь сургууль руугаа явах замдаа амиа алдана гэдэг аймшигтай. Хүүхдээ хүргэж өгөөгүйдээ тэр эцэг эх өөрсдийгөө буруутгаад ч, анхаарал болгоомжгүй явсан машины жолоочийг зүхээд ч, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгөөгүй төр засагтаа гомдоод ч хорвоог орхисон үр нь босоод ирэхгүй шүү дээ.

Өдөрт 7-8 хүүхэд зөвхөн зам тээврийн ослоор гэмтэж бэртэж байна гэдэг бид хүүхдүүддээ хэтэрхий тоомжиргүй ханддагийн тод илрэл юм. Дайн дажинтай улсад л хүүхэд ийм олноороо өдөр бүр гэмтэж бэртэж, эрсддэг байх. Гэтэл гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд энэ бол анхаарал хандуулах ёстой аюулын харанга юм.

 

ХҮҮХДҮҮДЭД ЗАНАЛХИЙЛЭХ МУУ ЗҮЙЛС МУНДАХГҮЙ

 

Хүүхдэд зөвхөн замын осол, автомашин заналхийлдэг юм биш. Гэр хорооллын гудамжаар өглөө эрт, орой үдшийн харанхуйд бүдчин тэмчин явахад нь нохой дайрах, хулгай дээрэмд өртөх, зодож дээрэлхэх, айлган сүрдүүлэх тохиолдол бишгүй их. Арайхийн автобусны буудалд ирж нийтийн тээвэрт суухад мөнгө нэхэж загнана, хөөж буулгана. Өвлийн хүйтэнд автобус хүлээж даарч хөрнө. Ханиад хүрч, хоолой өвдөх энүүхэнд. Цаашлаад удаан даарч зогссоноос болж бөөр савны өвчтэй болох, хатгалгаа тусах, хацар, гар хөлөө хайрах, хөлдөөх гээд эрүүл мэндэд нь заналхийлэх аюул олон. Ийм маягаар зовлонт зам туулж сургууль, гэрийн бараа хардаг хүүхдүүд хотын захын сургуулиудад олон бий. Тэглээ гээд тэд хэнд ч уурлахгүй, хэнийг ч буруутгахгүй. Явах ёстой зам, үүрэх ёстой ачаа л гэж бодно.

Уг нь сургууль нь автобустай, автобус нь гэрийнх нь үүднээс авдаг, авчраад өгдөг бол хэчнээн олон хүүхэд айх айдасгүй, даарч хөрөх зовлонгүй явах бол. Хэчнээн олон аав, ээж санаа амар ажлаа хийж, хэдэн айлын өрхийн төсөв хэмнэгдэх бол гэдэг бодоод яриад суух биш шийдвэрлэх шийдэх асуудал болчихоод байна.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ 40 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗӨӨЖ БАЙНА

 

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 213 сургуульд 202500 хүүхэд сурч байна. Өнөөдрийн байдлаар 72 сургууль автобусаар сурагчдаа зөөж байгаа гэсэн сайн мэдээтэй. Тэгвэл сургуулийн хүүхдээ зөөхөд нэг айлаас ямар зарлага гардгийг энгийн жишээгээр бодож үзье.

Харгалзах хүн зайлшгүй шаардлагатай I-V ангид 105 мянган хүүхэд Улаанбаатар хотын хэмжээнд сурч байна. Нэг хүүхдийг сургуульд нь хүргээд, буцаад гэрт нь авчрахад автобусны зардалд хүүхэд 200 төгрөг, том хүн 500 төгрөг төлнө. Ирж очих дөрвөн явалтаа нийлүүлэхэд нийт зардал 2400 төгрөг болно. Үүнийг нэг хичээлийн жилийн 175 өдөрт үржүүлбэл жилд хамгийн багадаа 420 мянган төгрөг гардаг байна. Харин хүүхдээ машинаараа зөөдөг айлууд үүнээс 2-3 дахин илүү зардалтай байдаг нь ойлгомжтой.

Ингээд багцаагаар I-V ангид сурч буй 105 мянган хүүхдийн бараг 50 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэж үзвэл 50000 хүүхдийг 420 мянга төгрөгөөр зөөхөд 20 тэрбум төгрөг болно. Машинаар зөөлгөдөг хүүхдүүд харьцангуй цөөн ч зардал нь их учир ойролцоогоор 20 тэрбум гэж үзвэл эцэг эхчүүд жилд 40 тэрбум төгрөгөөр хүүхдүүдээ сургууль гэрийнх нь хооронд зөөж байна гэсэн тооцоог гаргаж болох юм. Үүн дээр нэмээд гэмтэж бэртээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 590 хүүхэд бүр 3.1 сая төгрөг зарцуулсан гэж үзвэл бараг л хоёр тэрбум төгрөг болох нь Энэ бүгд аав ээжийн халааснаас гарч буй мөнгө. Тэгвэл бидэнд ямар боломж байна вэ.

 

СУРГУУЛЬ БҮРИЙГ АВТОБУСТАЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ

 

Сургуулийн автобусыг дунджаар 25 сая төгрөгөөр авч болохыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээ­лэнгийнхэн судалжээ. Мэдээж автобусны жолоочийн цалин, шата­хууны зардалд жилд ойролцоогоор 10 сая төгрөг зарцуулна гэж үзвэл нэг сургуульд 35 сая төгрөг хэрэгтэй болох нь. Автобус хэрэгтэй байгаа 119 сургуулийг бүгдийг нь хамруулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай болох нь гэсэн эхний тооцоо гарч байна.

Уг нь дөрвөн тэрбум төгрөг гаргаад бүх сургуульдаа нэг, нэг автобус аваад өгчихвөл эцэг эхчүүдийн халаас­наас жил бүр нийтийн тээвэр, машины шатахууны зардалд 40 тэрбум төгрөг гарахгүй нь. Мөн жилд 3600 хүүхэд осолд орж, гэмтэж бэртээд, 500-600-аараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хоёр тэрбум төгрөг үрэхгүй болох нь. Хамгийн гол нь хүүхдүүд маань айх айдасгүй, даарах хүйтэнгүй, өвдөх өвчингүй, сэтгэл амар тав тухтай сургуульдаа явж, гэртээ ирдэг болох нь. Цаашлаад агаарын бохирдол, замын түгжрээ буурна. Тиймээс сургууль бүрийг автобустай болгохын төлөө эцэг эхчүүд, пүүс компаниуд, төр засаг хамтраад нэг л том ажил өрнүүлье.