Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.11.04/ хуралдан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Төслийн талаар тус байнгын хорооны 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Болор гишүүдэд танилцуулсан юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын аэжиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна.

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт 3 удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтжээ.

Зээлийн нөхцлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх аж. Зээлийн хөнгөлөлтийн түвшин 29 хувь бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу хөнгөлөлттэй зээлд багтаж байгаа юм байна. Энэхүү хэлэлцээр нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан жилийн хугацаанд хүчинтэй аж.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих юм байна. Үүнээс өөр ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ хэмээн лавласан. Тэрбээр Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар төвийн эрчим хүчний систем хараат байдлаас гарч, бие даах чадвартай болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн энэхүү цахилгаан станц байгуулах асуудлаар ОХУ-ын талтай тохирсон зүйл байгаа эсэхийг тодруулсан. Учир нь Эгийн гол нь Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөнтэй нийлдэг бөгөөд цахилгаан станц баригдсанаар Байгаль нуурт очих усны хэмжээ багасна хэмээн ОХУ-ын тал үздэг байна. Сангийн сайд Б.Болор болон Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын хариулснаар, зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон бусад төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эгийн голын усан цахилгаан станцаас гадна Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих төсөл, Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20 зм авто замыг барих зэрэг төслүүд багтаж байгаа ажээ. Эгийн голын цахилгаан станцын Байгаль нуурт үзүүлэх ус зүйн болон бусад нөлөөллийн үнэлгээ хийгдсэн бөгөөд Байгаль нуурт очих усны хэмжээ 0.020-0.023 хувиар багасах бөгөөд энэ нь өөрчлөлт төдий гэж дүгнэжээ. Энэ асуудлаар ОХУ-ын талтай санал солилцож байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэхүү зээлийг хэн эргэн төлөхийг лавлаад Эгийн голын цахилгаан станцын үйлдвэрлэх 1квт цахилгааны үнэ ямар өртөгтэй байх вэ гэж асуусан.

Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эгийн голын цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулах боломжтой хэмээн хариулсан. Зээлийн үндсэн төлбөрөөс эхний 7 жил чөлөөлөгдөх бөгөөд үүний дараагаас зээлийг төлж дуусах хүртэл тус станцын үйлдвэрлэх 1 квт цахилгаан 8.5 цент орчим үнэтэй байх бөгөөд зээлээ төлж дууссаны дараа 1.4-1.6 цент болж хямдрах юм байна. Энэ цахилгаан станц манай улсын хамгийн хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэгч болохоос гадна байгаль орчинд ээлтэй төсөл гэж Эрчим хүчний сайд онцолсон юм. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун нар мөн асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсөн бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо