Хүүхдээ магтаж бай. Энэ бол хамгийн хэрэгтэй зүйл. Амжилтын мэдрэмж гэдэг аливаа зүйлд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Амжилтын мэдэрэмжийг хүн бүх юм дууссан хойно биш, харин ч эхэнд нь амталбал үр дүн нь шал өөр байдаг.

Гэхдээ хүүхдийн юуг нь магтах, ямар үйлдэл, үр дүнг урамшуулах вэ гэдэг сурган хүмүүжүүлэгчийн цаг мөч болгонд өөрөө шийдэх асуудал байдаг. “Хүүхдээ магтах юм олдохгүй бол бодож ол” гэсэн сэтгэлзүйч В.Левигийн үг маш чухал. Ингэснээр хүүхэд боломж чадвартаа бүрэн дүүрэн итгэлтэй болж төлөвшдөг.

Тэгвэл юуг магтаж болохгүй вэ гэсэн асуулт бас гарах ёстой.

  1. Хүүхдэд байгалиас заяасан, амархан хийж чаддаг юмыг нь бүү магт. Хүч хөдөлмөр гаргасных нь төлөө биш, угаасаа төрмөл авьяас чадварынх нь төлөө магтаад байвал хүүхэд хөгжихгүй. Дахин дахин магтсанаар харин ч хамраа сөхөн эвдэрч мэднэ.

Хэрэггүй магтаал хүүхдэд хар тамхи шиг л үйлчилж, хүүхэд түүндээ дасч, бүр хүсэн хүлээдэг болдог. Бусдаас илүү гэдгээ мэдэрч, тэр авьяасаа хөдлөмөрт шингээхгүй бол хувь хүний хувьд төлөвшиж чадахаа болино. Хувиа хичээх, өөрийгөө чухалд үзэх хандлага хэрээс хэтэрч магтаал сайшаал эрэлхийлэн хүлээнэ. Тэр нь байхгүй бол амархан гомдож, атаархаж, бусдын амжилтад хорсож, өөрийн “агуу их”-ийг гайхан шагшрагч болж хувирдаг.

  1. Хэн амархан хийж чадаж байгааг хэн чадахгүй байгаатай нь харьцуулан магтах бүр ч аюултай. Нэгийг нөгөөгийн эсрэг жишээ болгон магтах нь тэднийг дайсан болгож болно. Шудрага бус үнэлэлт хүүхдийн сэтгэлзүйг эвдэж болно. Юм хийх хүсэл сонирхлыг нь баллаж сохолж мэднэ. Харьцуулан магтах нь эрүүл бус өрсөлдөөн үүсгэж, аминчхан занг улам өдөөж ч мэднэ.
  2. Ямар ч хэрэггүй үед байн байн магтах нь буруу үр дагавартай. Ингэх нь магтаалын нэр хүндийг унагаж, амар хялбар амжилтын хойноос хөөцөлдөгч болгож болно. Хүүхдүүд, тэдний ах эгч нарыг ажиглаад бодлогогүй магтаалын бусад хор хөнөөлийг ч та олж харж чадна.
  3. Хүүхдийн тодорхой үйлдэл, хийсэн чадсан юмыг нь магтахаас биш, хувь хүнийх нь хувьд тэр чигээр нь магтаж болохгүй. Тэгэхгүй бол өөрийгөө ихэд бодож, хэт үнэлж, дэндүү дээгүүр сэвж мэднэ. Тэгээд хүмүүс өөрийг нь бодсон шиг нь үнэлэхгүй болохоор сэтгэл санаагаар унаж хямрах ч энүүхэнд. Эцэг эхчүүд хүүхдээ хэт магтсанаас болж хүүхэд нь өөрийгөө тоолгох, магтуулах гэсэн онцгой хүсэлтэй болж хувирдаг. Хүүхэд хувь хүнийхээ хувьд өөрийгөө хэрхэн үнэлэх нь тэдэнд бид юу хэлж ярьж байна, хүүхэд өөрөө бидний үгнээс ямар дүгнэлт өөртөө хийж байна гэсэн хоёр хүчин зүйлээс хамаардаг гэж сэтгэлзүйчид үздэг.

Эх сурвалж: www.Duuren.mn