О.Магнай: Долоон байгууллагатай шууд гэрээ хийсэн нь өрсөлдөөнийг боомилж байна

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөнтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сурагчийн дүрэмт хувцасны асуудал яригдаж эхэллээ. Засгийн газраас 23 тэрбум төгрөг гаргаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг сурагчдад өмсүүлэхээр болсон. Гэтэл гэрээ хийсэн үйлдвэрлэгчид өндөр үнээр борлуулах гэж байна. Үүнд ШӨХТГ-аас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Болосврол шинжлэх ухааны яам хамтарч нэр бүхий долоон үйлдвэрийн газартай гэрээ хийж эхэлсэн байгаа. Энэ гэрээ нь өнгөрсөн хичээлийн жилд 45 мянган төгрөгөөр авч байсан формыг энэ жил 90-110 мянган төгрөгөөр буюу хоёр дахин өсгөсөн үнээр гэрээ хийж тохиролцсон гэсэн гомдол ирсэн. Энэ бол яах аргагүй өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиудыг зөрчиж байгаа юм. Өрсөлдөөний тухай болон худалдан авах ажиллагааны тухай хуулийг ч зөрчиж байгаа учраас энэ бүгдийгээ зогсоо, цаашлаад энэ 23 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хуулийн хүрээнд явуул гэдэг албан шаадлагыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичиг Х.Золжаргалд өнөөдөр хүргүүлсэн. Х.Золжаргал дарга өнөөдөр энэ алдаагаа засаад, ойрын хугацаанд хуулийн дагуу шийдэх байх гэдэгт найдаж байна. Хэрэв хуулийн хүрээнд асуудлыг явуулахгүй бол цааш цаашдын холбогдох арга хэмжээг авах боломж, бололцоо байгаа гэдгийг хэлье.

Ер нь бол ямар ч асуудал дээр хуулийн хүрээнд ажиллах ёстой. Энэ ч үүднээсээ тухайн аж ахуйн нэгжүүдэд шууд гэрээ хийсэн нь өрсөлдөөнийг боомилж бусад 1000 гаруй оёдолчинтой 60 гаруй үйлдвэрийн эрх ашиг зөрчигдөж байна аа гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн.

-Та 90-110 мянган төгрөг гэлээ. Гэтэл тэр долоон байгууллага Боловсрол, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулах гээд өгсөн материал дээр иж бүрдэл хувцас гээд 157 мянган төгрөг гэсэн бичиг очсон байсан?
-Тэр бол нөгөө зангиа энэ тэртэйгээ байгаа байх л даа.

-Гэхдээ иж бүрдэлд хүүхдийн гутал оймс хоёроос бусдыг нь нийлүүлнэ гэж байгаа. Гэтэл нөгөө 23 тэрбумаас зардлаа гаргуулж авчихаад урд очиж хийлгэнэ гэсэн.
-Ямар ч байсан энэ үйлдлийг зогсоочихлоо. Үүнийг яг оёж эхлээгүй юм билээ. Одоо бол гэрээ хийх шатандаа явж байгаа. Тиймээс бид энэ гэрээгээ зогсоогоод дахин эхэлж, сонгон шалгаруулалтаар явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Гэхдээ Хятад аваачаад хямдхан оёулж болохгүй, монгол оёдолчдоор оёул гэдэг нэг нөхцөл байгаа.

-Сурагчийн дүрэмт хувцасны үнийг тогтоох боломж бий юу?
-Ямарч байсан бид нар сурагчийн дүрэмт хувцас оёдог оёдолчдын холбооны хүмүүстэй уулзсан. Тэд нар бид нар өнгөрсөн жилийн үнээр нийлүүлэх боломж, бололцоо байгаа гэж хэлсэн. Бид нар нэг талаас өрсөлдөөнийг харж байна. Нөгөө талаас хэрэглэгчдийн эрх ашгийг харж байна. Ямарч байсан хоёр дахин өссөн үнээр өнөөдөр монголчууд худалдан авах боломж хэцүү байгааг би мэдэж байгаа. Тийм учраас тийм үнээр олгохгүйн төлөө бид нар ажилладаг.

-Өндөр үнээр дүрэмт хувцас борлуулбал тухайн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөөдөр бол яг тийм хууль батлагдаагүй учраас  яг тэгнэ гэсэн зүйл алга байна.

-Боловсролын яамнаас хатуу үнэ тогтоож, дунд сургуулийн захирлуудыг заавал энэ үнээр ав. Авахгүй бол ажлаас хална гэх зэрэг үйлдэл болж байна гэж байгаа?
-Яг тийм. Яг энэ талаар бид нар өнөөдөр албан бичиг явуулж, энэ явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоо. Хуулийн хүрээнд дахиж эхнээс нь явуул гэсэн албан шаардлага явуулсан.

-Оёдлын газрын холбооны тэргүүн н.Жавзмаа гэдэг хүн өөрийнхөө ах дүү нартайгаа гэрээ байгуулсан гэсэн. Энэ талаар...
-Бид нарт бүх нэр нь ирсэн. Яг тэр асуудлыг мэдэж байгаа. Бид нар хамгийн гол нь яг тэр шууд гэрээ байгуулдаг энэ асуудал маань өнөөдөр хууль зөрчиж байна, өрсөлдөөнийг боомилж байна. Тийм учраас энэ асуудлаа зогсоож эхнээс нь явуул гэдэг шаардлага хүргүүлсэн.

Дэлгэрэнгүйг энд  дар

Н.НОМИН