“Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаж, тэр дундаас баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр од болон гялалзаж эхэллээ.

Шоуны эхний шатанд тайзан дээр гарч ирэн мэндлэхдээ л шүүгчдийг цочтол баргил хоолойгоор мэндэлсэн тэр залууг дуулахад үзэгчид, шүүгчид шуугиад л явчихав. Бүгд босч хүндэтгэв. Энэ үеэс түүний амьдралын нэг шинэ хуудас нээгдлээ. Ээжтэйгээ хоёулаа гэрт амьдардаг, сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод сонирхлынхоо дагуу суралцаагүй барилгачин болсон энэ залуу даруухан, энгийн. Шоуны эхнээс л дуу хоолой нь шүүгчид, үзэгчдийг гайхшруулж орхив. Ингээд шилдгүүдийн тоонд орж шилдэг гучин хоёрын эхний багийнхнаас хамгийн олон санал авч, хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Үзэгчдийн ихэнх нь түүнд санал өгчээ. Цэцэрлэгт байхдаа мөрөөдлөө “дуучин болох” гэж тодорхойлж байсан түүнд олноо танигдан од болох замыг “Авьяаслаг монголчууд”-ын үүд хаалга цэлийтэл нээж өглөө. Шоуны эхний өдөр итгэл муутайхан тайзнаа гарч ирснээ бодвол түүний нүдэнд найдварын гэрэл ассан нь сүүлийн үеийн бичлэгээс харагдана. Од болж олонд хайрлагдана гэдэг хүн болгонд тохиох хувь заяа биш. Түүний дуу хоолойноос гадна даруухан зан, эгэл борог амьдрал, том мөрөөдөл нь үзэгчдийн хайрлах болсон шалтгааны нэг байсан болов уу. А.Отгонбаяр чив чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд бусдын адил л мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байсан жирийн нэг залуу. Гэхдээ хүн болгон мөрөөдөөд ч хүссэн зорьсондоо хүрдэггүй. Харин А.Отгонбаяр тэр нэгэн өдөр шоунд оролцох болсноор сүүлийн үед өрнөж байгаа бүх зүйл түүнд тохиолоо. Зүүд шиг л санагдаж байгаагаа тэрээр хэлж байсан. Мэдээж л дээ. Түүнийг танихгүй хүнгүй боллоо. Фэйсбүүк хуудсандаа нэг ч бүсгүй хүний зураг тавьж байгаагүй түүнд өдөрт хэдэн арваараа найзын хүсэлт ирэх болсон гэнэ. Тэр ч бүү хэл А.Отгонбаярыг байшинтай болгох хөдөлгөөн хүртэл өрнөхдөө тулав. Барилга байшингийн зар дээр “Барилгачин Баяраагийн барьсан барилга шүү” гэж байх юм. Түүнийг дэмжигчдийн клуб хүртэл бий болж. Нэг үгээр хэлбэл чимээ аниргүйхэн амьдарч байсан түүний амьдрал гэнэт олны өмнө ил, нийтээрээ таньдаг болж, бас бүгд дэмжин хайрлав. Одоо л энэ үед эвдрэхгүй өөрийгөө авч үлдэх хэрэгтэй. Муу ёрлож байгаа юм биш. Олны хайр хэтийдээд, магтаал сайшаал, урмын үг ихдээд ирэх нь дандаа сайхан байдаггүй. Уулзсан, учирсан, таарсан, таньсан болгон тэнгэрт тултал магтаж, хүндэлж эхлэхэд гэнэт л “Би чинь хэн билээ, бусдаас өөр, од хүн шүү” гэх бодол толгойд зурсхийнэ. Яг үнэндээ тэр магтаал тэнгэрт шатгүйгээр өргөсөн шигээ газарт хатуу унагадгийг мартаж болохгүй. Мөнхийн юм гэж үгүй. Бүгд хайрлаж, магтаж, архи, хүүхэн, мөнгө төгрөг ер юу л бол юу алдар нэрийг дагаад ирнэ. Тэр хэмжээгээрээ бас дэндүү их булаадаг. Бий болсон байтугай байсан гэх бүхнийг авдаг хатуу тавилан бий. Ухаанаараа үүнийг жин банг нь тааруулж, жолоогоо зөв залуурдахгүй бол амьдрал санаснаар болохгүй.

Үеийн үед л хэн нэгэн ингэж од болоход, түүнийг дэмжигч, шүтдэг, сонсох дуртай даган дуурайгчид, долдойдож эвддэг нь ч гараад ирдэг. Алдар нэр гэнэт санаанд оромгүй ирсэн шигээ, нөгөө хүнээ эгэл байсан үеэс нь, эгэл байгаа хүмүүсээс илүү хатуу чанга унагах нь бий. Зарим нь тэр хатуу уналтаас зугтаж, өөрийгөө авч гарч чадсан хүмүүс ч бий.

Социализмын үед Монголд олон сайхан авьяаслаг хүн байсан. Хүн болгон магтаж, хүүхэн болгон дурлаж, тэнгэрээс унасан мэт л тахиж сүйд болж байв. Зүв зүгээр явсан гэргий нь хүртэл гологдож салж сарнин, “би” гэх өвчнөөр өвчлөөд эхэлсэн. Магтаж сайшаахын хажуугаар архи бариад гүйнэ. Гэвч дандаа иймээрээ байдаггүй. Архи авчирч аялдан дагагчид архинд оруулчихаад өөрсдөө харин аяа бодоод алга болчихдог. Тэр үед өнөөх од болсон хүн архи хэмээх найзтайгаа л үлддэг. Архитай нэгэнт нөхөрлөвөл ихэнх нь түүнд живж, түүний эрхшээлд ордог.

Хүмүүс хувийнхаа амьдралыг хөөдөг болохоос оддын, олны танил хүмүүсийн амьдралыг хайрладаггүй. Тэд бол зүгээр л үзэгч. Гэргий чинь биш, үр хүүхэд, аав ээж чинь биш. Ялж, дийлж, гялалзаж явахад чинь хаа сайгүй дагадаг байсан ч нэг бүдэрхэд нэлээд нь алга болж, нэг алдвал нүүр буруулдаг.

П.Адарсүрэн гэж гайхалтай хоолойтой, олны хайрыг татсан, бараг л амьдаараа домог болсон хүн байлаа. Алдрын оргилд нэг өдөр хүрсэн ч Баянхошуунд айлын нүүрсний амбаарт сүүлийн амьсгалаа хураасан. Олны хайр хүндлэлийг хүлээж явсан тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг гунигтай өнгөрөөж, Хархорин зах дээр ноорхой ногоон дээлнийхээ энгэрт хоёр алтан гадас одонгоо зүүчихсэн дуулж, сүүлдээ дуулж ч чадахаа байж, “Алтай Хангайг дуулдаг Адараа ах нь байнаа” хэмээн гуйлга гуйж явсан гэдэг. Цэндийн Чимэддорж хэмээх яруу найрагч л түүнд тус болж байсан юм билээ. Ч.Мөнхбаяр гэж сайхан хүн “Харах нүдэнд гийсэн саран чи минь ээ хө” хэмээн дуулдаг байсныг санаж байгаа биз дээ. Тэр хүний амьдралын сүүлийн өдрүүд Туулын эрэг хавьцаа орон гэргүй хүмүүсийн дунд л өнгөрсөн гэдэг. Гавьяат Д.Дашням “Мөнгөн цагаан хүлэг минь” гэж дуулсаар мөн л бор дарсанд хамгаа мэдүүлж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Бөмбөгөрийн хавиар “өвгөнтийнхөн” гэгдэх хүмүүүстэй л өнгөрөөсөн байдаг. Ямар сайхан авьяастай хүмүүс байлаа. Яаж олноор хүрээлүүлж байлаа. Дуучин Төмөрийн амьдралын сүүлийн өдөр хоногууд, аймшигт үхэл ч харамсам. Алдартай яруу найрагчдын хувь тавиланг сонсоо л байлгүй. Монголынх ч, дэлхийнх ч адил даа. Гунигт хувь тавилангаар цэл залуухнаараа хорвоог орхиж, авьяас билигтээ хэт омойтож, архи дарс, хүүхэнд хэт шунан амьдралаа үрсэн байдаг нь олон.

Алдар нэр, олны хайр хүндэтгэл гэдэг тэр чигтээ өөрт ирээд наалдчихдаг юм биш. Унаж босоход нь хамтдаа л мартдаг. Ялангуяа урлаг соёлынхон энэ магтаал хайрын шуурганд амархан урууддаг. Үүнээс өөрийгөө авч гарахад сэтгэлийн хат, ухаан хэрэгтэй.

Холливудын 1980-1990-ээд оны од, 2000-аад онд ч өндөр үнэтэй байсан жижиг Жин гэгддэг Чарли Шин, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж сүүлдээ эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн нэр зүүж, нэр хүндээ алдсан бөгөөд саяхан түүнийг ДОХ-ын вирус тээгч болсон талаар зарласан. Уйтни Хьюстон ямар авьяаслаг дуучин байлаа. Хар тамхинд орж, сүүлдээ хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдсан. Хамгийн сүүлийн жишээ Линдсей Лохан байна. Байнга л ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байдаг. Архи, хар тамхи, хулгайн хэрэгт орж шорон орноор явж, нэр хүндээ барсан. “Гэртээ ганцаараа” киног мэдэхгүй хүн байхгүй. Киноны гол дүрд тоглосон Маколей Калкин эгэл амьдралаас гэнэт нэр алдарт хүрсэн ч хар тамхинд донтон хэн ч биш болсон. Тухайн үедээ Холливудын хамаг л алдартантай нөхөрлөж, шуугианы эзэн байсан залуу. Одоо түүний тухай яриа өрнөхөд “Амьд байгаа юм уу” л гэлцдэг.

Алдар нэрээр хоолоо олж идэх үнэхээр хэцүү. Бараг боломжгүй. Хүн гэдэг шуналтай амьтан. Алдрын оргилд мацаж яваад өөр зүйлд шунаж, зорилгоосоо хазайж, алдуурдаг. Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалд “Гурван уут барьсан Гуйлгачин явсан билээ” гэдэг шиг манай авьяастай гэх дуучид, хуурчид ихэнх нь тэгээс л эхэлсэн байдаг. Тиймээс ч тоглолтын тасалбараа борлуулах гэж ивээн тэтгэгч хайж, албан байгууллага, хувь хүмүүст хүчээр өгөөд явдаг. Дэлхийн одууд авьяасаараа мөнгө олдог байх. Тэд ивээн тэтгэгч гэж яриад байдаггүй. Тоймгүй их мөнгө л амладаггүй юм бол хэн нэгэн ивээн тэтгэгчид баярласан, талархсан гэж яриад байдаггүй. Тиймээс ганц авьяасаараа дулдуйдан баян чинээлэг, алдар нэртэй болно гэж хууртах хэрэггүй.

Энэ бүхнийг ирээдүйн сайн сайхан нь гялалзах нь тодорхой болж, олны хайр хүндлэл хүлээж байгаа энэ үед чинь хэлж байгаа нь муу ёрлож, мууг хүсч хэлж байгаа юм биш. Олноо хүндлэгдэж, тэр чинээгээрээ хайр хүндлэлийг нь дааж амжилт дүүрэн байгаасай хэмээн хүсч анхааруулж байгаа хэрэг юм шүү. Баргил хоолойтой барилгачин залуу минь, Адараа ахынхаа хувь тавиланг тойрч гараарай, ард түмнийхээ өгч буй алдар хүндлэлийг дааж яваарай гэж ерөөе