Найруулагч Б.Цогт­баярын бүтээл “Луйвар” кино дэлгэцнээ гарч эхэл­жээ. “Зохиомж” дээд сургуулийн захирал, Мон­голын үндэсний кино ур­лагийн академийн ерөн­хийлөгч түүнтэй шинэ бү­тээлийнх нь талаар ярилцлаа.

-“Луйвар” киног үзэж байхдаа таныг энэ нийгэмд нэлээн стресстэй явдаг юм байна гэж бодож суулаа...
-Бид энэ амьдран буй нийгэмдээ арай илүү урагшаа хардаг байх ёстой. Ялангуяа уран бүтээлчид, сэтгүүлчид. Тийм ч учраас өөрт чинь тэгж санагдсан байж магадгүй. Түүнээс биш би учиргүй стрессдээд бухимдаад байя гэж боддоггүй боловч цаанаасаа огшоод байдаг. Яавал энэ нийгэм зөв гольдрилдоо орж аятай сайхан болох бол гэх мэтээр бодно. Азийн бар гэгддэг улсуудаар зөндөө л явлаа. Яагаад ийм богино хугацаанд асар өндөр хөгжив гэхээр төр нь маш зөв бодлого барьсан байдаг. Хөгжил гэдэг зам харгуй тавих, хэдэн өндөр байшин барихдаа биш хүмүүсээ боловсролтой болгож чадсан байна. Тэнд хууль маш сайн хэрэгждэг. Энэ л манайд дутагдаад байдаг гэж би боддог. Өнөөдөр түүхийн бүх орон зайгаа бид алдаж байна. “Чингэс хаан”, “Мандухай цэцэн хатан” гэж киног Балжинням найруулагч хийгээгүй бол бид энэ түүхэн хүмүүсийн талаар төдийлөн сайн мэдэхгүй л байх байсан. Залуучуудын орон гэж байгаа боловч бид өнөөдөр түүх соёлоо мэдэхгүй сохор хүмүүсийг бий болгож байна. Бидэнд эх оронч үзэл гэж байхгүй болжээ. Түүхээ мэддэг, эх оронч үзэлтэй залуусыг бэтгэхэд кино чухал үүрэгтэй. Тиймээс кино урлаг гэдэг зүйлийг Монголын төр анхаарах ёстой. Бусад орон төрийн бодлогын хэмжээнд кино урлагаа авч явж, түүхээ бичиж үлдээж байна. Бид түүхээ кино болгож авч үлдэх хэрэгтэй.
-Манайд кино нэг үеэ бодвол сэргээд байгаа юм биш үү?
-Сэргэж байнаа. Би өдөрт нэг биш 10 кино нээлтээ хий­гээсэй гэж боддог. Чанартай нь үлдээд чанаргүй нь алга болно.
-Киноны зохиолоо та Санжийн Пүрэв гуайтай хамтарч бичсэн байна лээ?
-Тэгсэн. Би өөрийгөө голж байгаа юм. Асрагч хүн хагалгаанд биечлэн оролцдоггүйтэй адил Пүрэв ахтай ярьж байгаад хамтарч бичсэн юм.
-Дүрийн сонголт дажгүй санагдсан. Зохиолоо бичиж байхдаа тоглох жүжигчдээ төсөөлж байв уу?
-Зарим үед тохиолдлоор дүрээ сонгодог. Автобусанд ч юм уу явж байгаад сонгох ч байдаг. Нэг жүжигчинд зо­риулаад дүрээ бичих ч үе байдаг. Миний хувьд “Ларьдма” гэдэг киног интернэтэд тавигдсан үед нь үзэж байгаад гол дүрийн нэг болох Ариунбямбыг барьж авсан хүн. Би өмнө нь огт таньдаггүй байсан. Баярхүү гээд манай сургуулийн гуравдугаар курсийн оюутан бас тоглосон. Ундралыг би жүжигчнийх нь хувьд их үнэлдэг. “Би чамд хайртай”-гаас эхлээд би мэднэ л дээ. Би их сайн чадварлаг жүжигчдийг сонгож чадсан гэдэгтээ сэтгэл хангалуун байгаа.
-Киног үзэж байхад “Одоо яах бол” гэсэн хүлээлт байнга гарч байсан. Харин төгсгөл нь шийдэлгүй юм шиг. Яагаад ингэж төгсгөсөн юм бэ?
-Кино драматург гэдэг бол энэ үйл явдлын дараа юу гарах бол гэдэг нь үзэгчдэд дандаа нууц, хүлээлт үүсгэдэг байх ёстой. Энэ бол кино найруулагчийн эзэмшвэл зохих арга барил. Кинонд хамгийн сүүлд “Бидэнд ажил их байна. За хөдөлцгөөе” гэж хэлж байгаа нь үйл явдал цаашаа өрнөнө гэдгийг илэрхийлж байгаа хэрэг.
-Хоёрдугаар анги хийнэ гэсэн үг үү?
-Хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ заавал хийнэ гэж улайрахгүй. Үзэгчдийн таашаалд нийцээд хийхээр болбол хоёрдугаар анги нь төгсгөлтэйгээ миний толгойд байна.
-Уран сайхны нэг кино хийх нь маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Та энэ киногоо хэдий хугацаанд бүтээв?
-Би бүр оюутан байхдаа ийм кино хийнэ гээд боддог байсан. Энэ онд киногоо хийе гээд санаагаа нэг хүнд хэлээд зохиол бичүүлэхээр боллоо. Тэгсэн тэр залуу миний санаагаар кино зохиол бичээд өөр хүмүүст зарчихсан байсан. Тиймээс анх бодож байснаасаа өөрөөр хийхэд хүрсэн л дээ.
-Шинээр кино хийлээ гэхэд зарлагаа нөхөж чаддаг уу?
-Ний нуугүй хэлэхэд хэрэв жинхэнэ урлаг хийвэл орлого олохгүй. Үүнийг баттай хэлнэ. Гэхдээ хоёр гурван халтуурны кино хийж мөнгө босгож байгаад нэг сайн кино хийе гэсэн бодолтой хүн олон байгаа гэдэгт би итгэж явдаг.
-Таны хийсэн “Луйвар” уран сайхны кино тэгвэл урлагийн бүтээл мөн үү?
-Би бол халтуур хийх эрхгүй хүн. Би Кино үйлдвэрт туслахаас нь эхлээд л ажилласан. Москвагийн Бүх холбоотны киноны дээд сургуулийг төгссөн. Тиймээс надад халтуурны кино хийх эрх байхгүй. “Мөнгө олъё, халтуур хийе” гэвэл захын сэдэв байна. Бөгс бөөр оруулаад, архидалт, алаан хядаан гээд юу байна тэрийг оруулж кино хийгээд мөнгө олъё гэвэл олно. Аппарат, тоног төхөөрөмж, 800 гаруй оюутан, миний мэдлэг туршлага гээд бүх юм надад байна. Хямдхан юм хийвэл хийнэ ш дээ. Гэхдээ тэгж би ард түмнээ хордуулахгүй. Би мэргэжлийн түвшинд л кино хийнэ. Энэ бол миний үүрэг.
Энэ удаа “Луйвар” киноны ерөнхий зураглаачаар нь том хүү Энхцогт маань ажилласан. Анхных нь уран бүтээл гэхэд хүү маань миний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэж, чадаагүйг чадсан өвөрмөц гоё гоё планууд авсан байна лээ. Хөгжмийн залуу зохиолч Б.Одбаяртай хамтарч ажилласандаа мөн таатай байгаа.
-Кино шүүмж гэж өнөөдөр байхгүй болсон. Ийм шүүмжлэгч нар олон байвал Монголын кино урлагийн хөгжилд тун нэмэртэй биз?
-Тэгэлгүй яахав. Би кино шүүмжийн анги нээж хүртэл үзсэн. Хүүхдүүд ордоггүй. Урлагийн шүүмж гэдэг бол урлагтаа эмч нь. Хаа нэг алдаг оног шүүмж гээд юм гарч байнаа. Уншихаар зүгээр л нэг магтан матсан бичлэг. Мэргэжлийн кино шүүмжлэгч бол “Цогтбаяр киногоо хийхдээ панорамыг буруу ашигласан байна. Монтажийн ийм ийм алдаа байна” гэх мэтээр маш нарийн шүүмжлэх ёстой. Тэрнээс биш хоёр авгайн хоорондын яриа шиг зүйлийг шүүмж гэхгүй.
Манайд Соёлын яам гэж байгуулагдахад би хичнээн баяртай байв. Гэтэл тэнд кино мэддэг нэг ч хүн алга, бодлого ч байхгүй.
-Та сүүлийн үед гарч байгаа монгол кинонуудыг үздэг үү?
-Үгүй.
-Яагаад?
-Ойлгомжтой ш дээ. Тэр найруулагч тийм кино хийжээ гэхэд ер нь баримжааг нь мэддэг. Яахав, интернэтэд тавигдсан хойно нь үздэг. Тэрнээс биш кино үзэхээр театр явдаггүй. Сүүлийн үед инээдмийн киног манайхан хамгийн амархан төрөл гэж ойлгодог болжээ. Энэ бол хамгийн том эндүүрэл. Дэлхийн том том найруулагч нар цэрвээд барьдаггүй тө­рөл шүү дээ. Би бол уянгын найруулагч. Инээдмийн ки­ноны найруулагч гэдэг бол анги амьтан байхгүй юу. Ма­ниас хэд дахин мэдлэг, авьяастай хүмүүс. Манайхан болохоор арзагнасан ан­галз­сан хоёр юмыг холбоод л инээдмийн кино гэж яриад байна. Яг үнэндээ кино үзэж байгаа үзэгчдийн 95 хувь нь хөдөөнөөс хотод орж ир­сэн, төлөвших гэж байгаа, боловсролын түвшин дор тийм хүмүүс л байгаа шүү дээ.
-Таны “Богд хаан” киноны хоёрдугаар анги бэлэн болж байгаа юу?
-Нэгдүгээр ангиа би 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нээж байсан юм. 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан юм. Монголд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигт уран сайхны кино бүтээнэ гэсэн заалт байгаа. Тэгэхэд би дөрвөн жил хөөцөлдөөд хэн ч намайг дэмжээгүй. Нэг ч төгрөг өгөөгүй. УИХ-ын 76 гишүүн, сайд Отгонбаяр нар бүгдээрээ л “Өө наадах чинь бат” гэдэг байсан. Бүр туслахдаа хүртэл “Маргааш их хурал дээр Богд хаан киноны тухай ярина” гээд бичүүлж байсан. Бүгд худлаа. Ганцхан Улаан сайд л ярьсан. Тэгсэн хэрнээ эх орон гэж цээжээ худлаа дэлдэнэ.
Одоо “Богд хаан”-ыхаа хоёрдугаар ангийг 1911 оноос Богдыг жанч халах 1924 он хүртэл Монголын түүхийн хамгийн нууцлагдмал, хамгийн зохиомол 13 жилийн тухай хийх юм. Ардын хувьсгалд Богд яаж оролцсон, Барон Унгернийг яаж хүлээж авч байсан юм, Дамбийжаатай ямар харилцаатай байсан, Бодоо, Сүхбаатар, Данзан, Жалханз хутагт гэж юу хийсэн хүмүүс юм гэдэг бодит түүхийг гаргаж ирнэ.
-Түүхэн кино болохоор зардал мөнгө их орох уу?
-Би санхүүжилтийн асууд­лаар төрийн тэргүүндээ хандана, Ерөнхий сайдтай уулзана. Хичнээн тэрбумын бонд гээд л яриад байна. “Богд хаан” кинонд ядаж ганц тэрбум төгрөг олдох байлгүй дээ. Би нэгдүгээр ангийг нь хүүхдийнхээ байшин, машин тэрэг гээд бүх юмаа зарж байж 600 гаруй сая төгрөгөөр хийсэн.
-Бондын мөнгийг кино хийхэд байтугай бусад зүйлдээ зарцуулж хүрэхгүй гэж ярих юм байна лээ...
-Гэдэс өлсгөлөн байж бол­но, оюун санаа өлсгөлөн байна гэдэг төр улсын хувьд хамгийн том эмгэнэл. Монголын түүхийг кинонд үнэн зөвөөр нь мөнхөлж хойч үедээ үлдээнэ гэдэг миний болон бидний үеийнхний үндсэн үүрэг.
-Та хэдэн кино хийсэн юм бэ?
-Би 17 кинотой. Би оператор хүн шүү дээ. Дан хальсны кино хийж байсан. Зургаан киног нь найруулсан.
-Таны тэргүүлдэг Монголын кино академиас зохион байгуулдаг “Academy awards” арга хэмжээ уран бүтээлчид ямархуу кино хийж байгааг шүүдэг нэгэн шүүлтүүр болсон. Өнөө жилийнх хугацаандаа болсонгүй?
-Уг нь тавдугаар сард болох ёстой байсан ч олон уран бүтээлчийн хүсэлтээр түр хойшлоод байгаа. Манайхан утасдаад “Одоо киногоо монтажилж байна, дуу оруулж байна, театруудад цаг авах хугацаа нь болоогүй байна. Арга хэмжээгээ хойшлуулж болохгүй юу” гэж байгаа. Тэгээд би түр хугацаагаар хойшлуулаад байна.