Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 11 сард 5030.2 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6132.4 тэрбум төг болжээ. Ийнхүү төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1102.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 661.6 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 11.9 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

Манай улсын эдийн засаг хэдийнээ өвдөг сөхөрсөн гэдгийг бизнес эрхлэгчид болоод иргэд хэлнэ. Тэд энэ хямралыг хамгийн ихээр мэдэрч сульдаж байна. Нэгэн жишээ дурьдахад, бага орлоготой өрх арай хийж амин зуулгаа олж буй. Мөн хүнсний дэлгүүрээс иргэд идэх зүйлээ зээлээр авч хүүхдийн мөнгөө буухаар өгье гээд л гуйх нь ихэссэн. Гэтэл өнөөдөр хүүхдийн мөнгийг улсынхаа бүх хүүхдэд өгөхгүй бүлэгт хуваагаад түүндээ хамрагдсан хүүхдүүдээ өгөхөөр болж төсвийн мөнгөө хэмээн эрх баригчид мэдэгдсэн юм. Харин ОХУ-д нийгмийн халамжаа хасах нь бүү хэл нэмж байна. Тэтгэвэр тэтгэмжээ нэмэн ард иргэдээ шоконд оруулаад байгаа талаар Оросын хэвлэлд гарсан.

 

 

Хэмнэж, танаад байгаа төсвийн тэнцэл нь алдагдалтай гарч, зарлага нь өсчээ. Энэ оны 11 дүгээр сард улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 461.0 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 647.8 тэрбум төг болсон нь өмнөх сарынхаас тэнцвэржүүлсэн орлого 62.4 тэрбум төг буюу 11.9 хувиар буурчээ. Түүнчлэн зарлага 76.5 тэрбум төг буюу 13.4 хувиар өслөө.

Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2015 оны 11 дүгээр сард 186.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 138.9 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ.